УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Төсвийн тэнцлийн алдагдал дөрвөн их наяд болж байгаа.

  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.

Ээлжит бус чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн. Тэр дундаа төсвийн тодотголыг хэлэлцсэн байгаа.  Чуулган үүргээ хэр биелүүлсэн бэ?

-Ээлжит бус чуулган урдаа тавьсан, хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаа шийдсэн. Холбогдох шийдвэрээ гаргасан болохоор зорилтуудаа биелүүлсэн гэж дүгнэж байгаа. Ээлжит бус чуулганы үеэр яаралтай буюу цаг алдахгүй шийдэх ёстой асуудлууд байсан. Шийдвэр гаргахад амаргүй, нэлээн хурц хэлэлцүүлэг, шүүмжлэл дагуулсан хэд, хэдэн асуудал байлаа. Гол хэлэлцсэн асуудал гэвэл мэдээж хэрэг төсвийн тодотгол. Мөн Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Улс төрийн өнцгөөс харвал сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын хөтөлбөрт суулгаж өгсөн. Намын мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлын 90 орчим хувийг суулгалаа. Энэ утгаараа чухал ач холбогдолтой болсон гэж харж байна. Гэхдээ биелүүлэх тал дээрээ бид амь нэгтэй, эв нэгдэлтэй, зүтгэж ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас амар биш байна. Хамгийн энгийнээр, хялбараар шийдэж болох асуудлууд хүртэл амаргүй болчихсон байгаа нь харагдаж байна. Төсвийн орлогыг долоон их наяд хавьцаа гэж тооцоолж баталсан байтал бодит амьдрал дээр гүйцэтгэл ийм хэмжээнд хүрэхгүй болчихлоо. Тэгэхээр тодотгож өгөхөөс өөр аргагүй. Орж ирэхгүй мөнгийг орж ирнэ гээд гөжөөд яваад байлтай биш. Бидний гөжихөөс мөнгө орж ирэх, ирэхгүй хамаарахгүй болчихоод байна.

-Тийм болохоор л хасаж танаад байгаа биз дээ?

Бодит амьдралтайгаа нийцсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Ер нь бодит байдал дээр хоёр их наядаар төсвийн орлого тасарч байгаа. Нөгөө талаасаа зарлага нэмэгдсэн. Төсвийн зарлагыг найм орчим их наядаар төсөөлж байсан бол сая ойролцоогоор арав болгосон. УИХ хэлэлцүүлэг хийгээд улс төрийн шийдвэр гаргалаа шүү дээ. Юу вэ гэхээр эдийн засаг хэчнээн хүнд байгаа ч гэлээ цалин тэтгэврийг бууруулахаа больё. Бизнес хийж буй аж ахуйн нэгжийн татварын дарамтыг нэмэгдүүлэхгүй байя гэсэн шийдвэрүүд гаргасан. Нэгэнт орлого буурсан байгаа энэ үед иргэдийн нуруун дээрх ачааллыг нэмэхгүй гэж байгаа ч гэлээ аль нэг газраа дутагдаж буй зүйлийг нөгөө талаас нөхөж л таарна. Энэ ачаа төрийн нуруун дээр ирлээ гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр орлогоо хасаж байгаа мөртлөө зарлагаа нэмж төр нуруун дээрээ зээлийн ачааллыг нэмэн авч байгаа юм. Үүнээс үүдээд харахад төсвийн тэнцэл нэлээн алдагдалтай гарч эхэлж байна. Төсвийн тэнцлийн алдагдал дөрвөн их наяд болж байгаа. Ийм хэцүү үед төр ачаа үүрэх улс төрийн шийдэл гаргаж болно. Гэхдээ ингээд яваад байх уу, яах вэ гэдэг дараагийн асуудал үлдэж байгаа юм. Нэгэнт хямралд өртсөн эдийн засагтай байхад тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй давна гэж бодож байгаа бол амжихгүй. Хямралаас сургамж авах хэрэгтэй. Бид хийрхлээсээ одоо ч бүрэн салж чадаагүй л байна.  Бид сая төсвийн хүрээний мэдэгдлээ бас баталлаа. Энэ оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг  1.3 хувьтай байна гэж төсвийн хүрээний мэдэгдэлд тусгалаа. Бодит амьдрал дээр ийм байж чадах уу, үгүй юу. Зарлагыг нэмсэн болохоор энэ онд зарлага ДНБ-ий  40 хувьд хүрч байгаа юм. Энэ бол эдийн засагт төсвийн эзлэх хувь хэмжээ маш том болж данхайсан төр байгаагийн хамгийн том тоон илэрхийлэл. Тэгэхээр бид үүнийг аль болох буулгаж өгөх хэрэгтэй. 2017 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг төсвийн хүрээний мэдэгдэлд 2.3 хувь байна гэж өөдрөгөөр төсөөлчихлөө. Тэгэхгүй бол яах вэ гэдэг асуулт нээлттэй үлдэж байгаа. Яагаад гэвэл бид сүүлийн хэдэн жил байнга гоёор төсөөлж ирсэн шүү дээ. Гэвч амьдрал гоё биш, бахь байдгаараа л байна. Бидний төсөөллөөс хамаагүй бага хэмжээний өсөлттэй, сөрөг тоо гарч байгаа. ДНБ-ий өсөлт 2.3%-иас доош гарвал  зарлагын түүнд эзлэх хэмжээ 40 буюу түүнээс дээш ч болох эрсдэлтэй. Тэгвэл яах вэ? Эдийн засаг даахааргүй том төр энэ хэвээрээ л үлдээд бас хямралаассс гарна гэж байхгүй.  Мэдээж хэрэг ийм хүнд үед бизнес эрхлэгчдийн татварыг нэмж болохгүй. Хүмүүсийн цалинг нэг цавчилтаар хасаж болохгүй. Гэнэт л гарч ирээд нөхцөл байдал ийм хүнд болчихсон байна, уучлаарай гээд цалин хасдаг хариуцлагагүй төр байж болохгүй. Гэхдээ хэн нэгэн, хаа нэгэн газар, аль нэг халааснаас төлөөс хийгдэж л таарна. Эцсийн дүндээ төсөв гэдэг чинь татвар төлөгчдийн л мөнгө. Эргээд татвар төлөгчид дээрээ л буух гээд байна. Энэ үнэнийг манай нийгэм бүхлээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон.

-Төрийн бүтэц данхар байгаа тухай хүмүүс ярих л юм. Гэвч урд өмнөхөөсөө илүү нэмээд байгаа юм биш үү?

-Төрийн бүтэц данхайж байгаа нь үнэн. Төрөө урт хугацаанд цомхон болгох л хэрэгтэй. Бүр жинхэнэ утгаар нь цомхотгох хэрэгтэй байна. Төрийн хариуцлага, үйл ажиллагааны үр шим, өгөөжтэй байдлыг нэмэгдүүлэх ёстой. Нэг хүн хоёр, гурван хүний ажил хийх чадвартай байхыг нөхцөл байдал шаардаж байна. Тийм хүмүүсийг ажилд авах ёстой. Мэргэжлийн гээд байгаагийн гол өгөөж энд гарч ирнэ. Чадахгүй арван хүнийг авч ажлууллаа гэхэд нэг хүний чадах ажлыг ч хийхгүй. Хамгийн сайн чаддаг хүмүүст хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим нь өрөөндөө компьютерийн тоглоом тоглоод сууж байна. Нэг том даргын хүүхэд танил талаараа ажилд орчихоод юу ч хийхгүй, чөлөөтэй сууж л байдаг. Ийм байж болохгүй. Тиймээс төрийг цомхотгох тал дээр илүү сайн анхаарахгүй бол эдийн засаг ийм хүнд байгаа үед төрийн тогтолцоогоо өөрчлөлгүй бүгдийг нь авч гарч чадахгүй.

-Эдийн засгийг сэргээх янз бүрийн хөтөлбөрийн тухай ярьж байгаа. Бидэнд ямар боломж байгаа вэ?

-Манайхан сансрын, тэнгэрийн сүрхий, сүрхий зүйлүүд л яриад байна. Эдийн засгийг сэргээх тийм амар биш. Монгол Улсын эдийн засаг хэчнээн жижиг ч гэлээ даяаршчихсан. Эдийн засагт байгаа бүх салбар хоорондын уялдаа холбоо маш нарийн зүйл. Тохиргоо нь нэг газраа л алдагдахад явсаар байгаад өөр газраа том алдагдал болж гарч ирдэг. Тиймээс л Засгийн газрыг  мэргэжлийн байх ёстой гэж ярьцгаагаад байгаа. Ийм нарийн тохиргоонуудыг мэдэж тохируулж байж эдийн засаг сая ажиллана. Эдийн засгийг хүнд байдлаас гаргахын тулд юу хэрэгтэй байна вэ гэвэл эн тэргүүнд төрийн бүтцийг цомхон болгох. Төрийг цомхон болгох гээд буйн бас нэг чухал ач холбогдол нь төр том байх тусмаа, их мөнгөтэй байх тусмаа төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нэмэгддэг. Бид буцаад социалист систем рүүгээ орох гээд байна. Тэр үед сайхан байсан юм шиг бодож, социалист сэтгэлгээгээр асуудалд хандаад байвал мянган өөрчлөлт хийгээд ч үр дүн гарахгүй. Хамгийн үр дүнгүй эдийн засаг ноёлж эхэлнэ гэсэн үг. Социализмийн үед сайн талууд зөндөө байсан.  Гэхдээ саар талууд ч бас зөндөө байсан. Эдийн засгийн үүднээс аваад үзвэл сөрөг зүйлс их байсан.  Энгийн жишээ л хэлье л дээ. Бохь гэхэд л хомсдолтой. Гадаадаас ирсэн нэгнийхээ бохийг амнаас ам дамжуулаад л зажилдаг байсан биздээ. Тэр бохь нь олдохгүй болохоор давирхай, замын хар зажилдаг байсан. Яагаад бид өнөөдөр тийм эдийн засагтай байснаа мартчихаад байна вэ. Социалист сэтгэлгээгээр эдийн засаг байгуулвал бид өнөөдөр урагшлахгүй. Ярихад бүх нийтийн төлөө юм шиг үгсийн  ард авлига, хээл хахууль, үргүй зардал явж байгаа. Юм шударгаараа байг. Монголын бизнесмэнүүд ажлын байраа хадгалж үлдээд, үйл ажиллагаагаа өргөжүүлээд явж чадаж байвал тэр жинхэнэ эх оронч үйлдэл. Харахад тэр хүн өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх гээд байгаа мэт харагдаж байгаа боловч ашиг нэмэгдэж буй бизнес өрсөлдөх, удаан амьдрах чадвартай байдаг. Түүнээс татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлаа нөхөөд явж байгаа бизнес удаан хугацаанд оршин тогтнож чадахгүй. Тэгэхээр бид ийм системээс болгоомжлох  ёстой. Бизнес эрхлэгчдээ илүү дэмжиж өгөх ёстой. Би бүлэг дээрээ тодорхой ярьсан. Шинэ 90-ээд оны бодлого явуулах ёстой гэж. Тэр үед Монголын төр маш цомхон байсан юм. Үйлдвэрлэлд хутгалддаг асуудал одоогийнхоос хамаагүй бага байлаа. Монголын төр эдийн засагт үйлдвэрлэгчээр биш зохицуулагчаар оролцдог байсан. Гэтэл одоо хувийн салбар үйлдвэрлэл эрхэлж байхад төр дундуур нь орж булаацалдаад, төрийн хүчээр булааж авч дампууруулаад байна. Монголын амьдралд ийм зүйл өдөр бүр болж байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд  үр ашигтай, өрсөлдөх өндөр чадвартай, мундаг байдаг байсан бол яая гэхэв. Гэвч бодит байдал дээр үр ашигтай байлгаж чаддаггүй.

-Төрийн мэдлийн ихэнх компаниуд тоо томшгүй их өртэй байгаа тухай л ярьдаг юм билээ?

-Алдагдалгүй ажиллаж байгаа төрийн аж ахуй маш цөөхөн. Төрийн аж ахуйн нэгж олшроод ирэхээр хяналт угаасаа байхгүй болно. Цөөхөн байвал нийгэм хянаад яваад байх боломжтой. Одоо гэтэл энэ олон төрийн мэдлийн аж ахуйн нэгжийн алийг нь гэж хянах вэ. Төрийн том аж ахуйн нэгжид ажилладаг зарим хүмүүсийн цалин 30 саяас дээш болсон байх жишээтэй. Хувийн аж ахуйн нэгжид тийм өндөр цалинтай хүн нэг ч байхгүй байх. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад л байдаггүй юм бол үнэхээр 30, 40 саяар нь сарын цалингаа авдаг хүн байхгүй шүү. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд өндөр ашигтай ажилладаг байсан бол ийм хэмжээний цалин авч болох байх. Би тэгж өндөр цалин аваад байгаа хүмүүст дургүйцэж байгаа юм биш. Гэхдээ төрийн ихэнх аж ахуйн нэгж алдагдалтай ажиллаж байгаа.

-Хувийн салбар дахь төрийн оролцоог яаж багасгах юм бэ. Хүссэн хүсээгүй төр дундуур нь хутгалдаад байна шүү дээ?

-Хувийн салбараа дэмжих хэрэгтэй. Татвар нэмж лав дэмждэггүй. Ийм ядарсан үед татвар нэмбэл тунаж үлдэх газар олдохгүй. Би УИХ-ын чуулган дээр нэг зүйл хэлсэн. “Дарга нар аа, Монголын эдийн засгийг хямралаас гаргах нь та нар биш шүү. Бизнес эрхлэгчид шүү” гэсэн. Ажлаа хийгээд явж буй хувийн хэвшлийнхнийг зовоохгүй, дарамтлахгүй, саад болохгүй байя л даа. Монголын эдийн засгийн хүндрэлийн гол асуудал төрдөө байгаа. Төр л бүх зүйлийг самраад хаячихдаг. Эдийн засгийг засъя гэж байгаа бол төрийг засах хэрэгтэй байгаа юм. Төртэйгээ ноцолдон байж эдийн засгаа засаж авна уу гэхээс биш мөрөөрөө бизнесээ хийгээд явж буй хувийн хэвшлийнхэн рүү хазайх хэрэггүй. Ер нь төр эдийн засгийн хөгжлийн шийдэл нь биш, асуудал нь болчихоод буйг ойлгомоор байна. Төр асуудал үүсгэчихээд, тэр асуудлаа өөрөө биш бизнес эрхлэгчдээр шийдүүлэх гээд байна. Данхайсан төрөө тэжээхийн тулд татвараа нэмэх гээд байгаа нь буруу. Тэгэхээр эхлээд бизнес эрхлэгчдээ дэмж гээд байгаа юм. Би яагаад шинэ 90-ээд оны бодлогыг яриад байна вэ гэвэл тэр үед төр цомхон цэвэрхэн байсан.

–  90-ээд оны бодлого ямар байсан юм бэ?

-90-ээд онд төр хөнгөлөлттэй зээл тусламжаар өөрөө өөрсдийнхөө асуудлыг шийдээд явдаг байсан. Харин энэ үедээ бизнес эрхлэгчдээ хөл дээрээ бос, өндөр татвараар та нарыг дарамтлахгүй гэсэн бодлого баримталж байлаа. Төр цомхон байсан учраас, бас аж ахуйн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан болохоор төр цэвэрхэн байсан. Хэрэв 90-ээд оны үед төр аж ахуй нэгжийн үйл ажиллагаа руу ордог байсан бол авлига, хээл хахуультай нийгэм тэр үедээ бий болох байсан. Тэгэхээр нэг ёсондоо эдийн засгийг сайжруулъя гэвэл асуудал хаана байгаа, хэн асуудал үүсгээд байгааг засаж эхлэх ёстой. Түүнээс  бизнес эрхлэгчдийг дарамтлах ёсгүй. Тиймээс шинэ 90-ээд оны бодлого  гээд байгаа юм. Гэхдээ тодорхой хугацаанд байх ёстой. Төр дандаа зээл тусламжаар явж болохгүй. Нэгэнт хямралд орчихсон байгаа энэ үед тэр “Стэнд бай” уу, эсхүл өөр хөтөлбөр байх уу ямар ч гэсэн дэмжлэг авах хэрэгтэй. Тодорхой хугацаанд дэмжээд өгье, та нар хөл дээрээ бос гэх ёстой. Хамгийн гол нь ажлын байраа аваад үлд, хүнд байгаа ч гэлээ нэг том жийп машин авч унахаасаа илүүтэй ажлын байраа хадгал. Тэрийг чинь урамшуулъя гэмээр байна. Ийм маягаар дэмжлэг үзүүлэх ёстой. Ер нь бид хямралын ард гарахдаа зөв бүтцийг бий болгож чадсан байвал хамгийн том ололт. Хямралын үед гаднаас мөнгө олж ирээд бүтэхгүй бүтцээ тэжээхийн оронд хямралыг ашиглаад бүтцээ эрүүлжүүлвэл нийгмээрээ, үндэстнээрээ хожно.

-Гэхдээ УИХ-д оруулж ирсэн Засгийн газрын саналыг унагачихсан шүү дээ? 

-Би гэхэд татварыг нэмж болохгүй гэсэн байр суурьтай сууж байна. Засгийн газрын оруулж ирсэн санал унаж байгаа нь сайн уу, муу юу гэж олон хүн асууж байна л даа. Үүнийг аль өнцгөөс харахаас шалтгаална. Засгийн газрын өнцгөөс харах юм бол энэ олон давтагдаад байх хэрэггүй зүйл. Яахав нэг удаа байж болно. Олон удаа давтагдаж болохгүй. Тэгэхээр Засгийн газар үйл ажиллагаандаа дүгнэлт хийгээд, анхаарч ажиллах ёстой. УИХ-ын өнцгөөс харах юм бол өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлээд, оруулж ирсэн саналыг өөрчлөөд, ийм байх ёстой гээд шийдвэрээ гаргасан. Үүнд муу зүйл байхгүй. Үүнд сүржигнээд, байгаагаас нь хэтрүүлж улстөржүүлэх хэрэггүй. Засгийн газар нэг асуудал бариад орж ирэхээр нь УИХ ярс хийтэл гар өргөж батлаад байдаг бол харин эмгэнэлтэй. Засгийн газар байгаа нөхцөл байдлаа дүгнээд, иймэрхүү дүр төрхтэй эдийн засагтай байна шүү гээд саналаа оруулж ирэхэд нь УИХ ард иргэдийн нуруун дээр ачаалал өгч болохгүй гэдэг сигнал өгөөд буцаасан. Ардчилсан тогтолцоо ажиллаж байгаа нь л энэ шүү дээ. Түүнээс биш заавал Их хурлын бүх гишүүнд таалагдсан санал оруулж ирнэ гэж байхгүй. Эдийн засгийн ийм хүнд нөхцөл байдалтай байхад бүх хүнд таалагдсан шийдвэр гаргах боломжгүй. Тэгээд ч Засгийн газар байгуулагдаад удаагүй. Сагсан бөмбөгийн багтай дүйцүүлээд ярихад УИХ, засаг хоорондоо гар нийлж тоглотол хугацаа орно. Багийн тоглолтууд бүгд л ийм байдаг. Яг түүн шиг УИХ нь ч, Засгийн газар нь ч шинэ байна. Засгийн газар байгаа нөхцөл байдалдаа таарсан яаралтай шийдвэрүүд барьж орж ирсэн. Өөр яана гэж. Яагаад ч сайхан мэдээ оруулж ирэхгүй байсан шүү дээ. Гэхдээ Засгийн газарт хэт өөриймсөж, хэт өөртөө итгэсэн байдал ажиглагдсан. Манай намын 65 гишүүн байгаа юм чинь өөрийнхөө Засгийн газрын саналыг дэмжихгүй яах юм бэ гэх хандлага гаргасан. Энэ бол буруу. Яагаад гэхээр ийм хүнд шийдвэрийг бэлтгэлээ хангаж, судалгаагаа сайн хийж байж оруулж ирэх ёстой. Гэтэл олон нийтэд танилцуулах нь байтугай 65 гишүүндээ танилцуулалгүй шууд оруулж ирэхээр гишүүд нь ч, нийгэм нь ч шоконд орж байгаа юм. Засгийн газар илүү хариуцлагатай ажиллах ёстой. Нийгэм, эдийн засгийн нарийн тоон дээр суурилсан асуудлыг авч орж ирэхдээ улс төрийн өнцгөө хэзээ ч мартаж болохгүй. Яагаад гэвэл төсөв гэдэг чинь хууль. Хуулийг улс төрийн процессоор л баталдаг. Энэ үнэнээс хэн ч ангижраагүй. Ангижрах ч ёсгүй. Тэгэхээр энэ бүхнийг бодолцож орж ирэхгүй байна гэдэг маань Засгийн газар ямар орчинд ажиллаж буйгаа мэдрэхгүй байна гэсэн үг. Дараагийн удаа сургамж авч маш гярхай ажиллах ёстой. Дахиад л хэлье. 90-ээд оны үед гадны зээл тусламжийг сайн татдаг, хөрөнгө оруулах орчин нөхцлийг сайн бүрдүүлсэн байсан. Тэр үед эдийн засгийн хямрал өнөөдрийнхөөс бүр хүнд байсан шүү дээ. Тийм хэцүү үед давж гарч ирж болж байсан юм чинь одоо болохгүй гэх зүйлгүй. Хэд хоногийн өмнө болсон Гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт дээр Баабар хэлж байна лээ. “Хувийн салбар дахь 10 ажлын байр руу хэдхэн хүн ажиллах санал өгч байна. Төрийн салбарын 10 ажлын байр руу хэд дахин илүү санал өгч байна” гэсэн. Энэ чинь л манай нийгэм эрүүл биш болчихоод байгаагийн хамгийн чанга дохио. Ер нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж буй оронд их, дээд сургуулиа төгссөн хүн тэргүүлэх аж ахуйн нэгжид ажилд орохын төлөө явдаг. Түүнээс биш яам, тамгын газар руу хэзээ ч зүтгэдэггүй. Яагаад гэвэл хувийн салбарт цалингийн дээд хэмжээ гэж байхгүй. Та сайн ажилладаг бол хэд л бол хэдийг авах боломжтой. Харин төр тийм биш. Давуу тал нь тогтвортой л байдаг байх. Түүнээс биш бусад салбараасаа бага цалин авдаг. Тиймээс барууныхан хувийн хэвшилдээ ажиллах сонирхолтой. Манайд эсрэгээрээ байгаа нь тогтолцоо буруу тийшээ гажиж буйн илрэл. Намайг сургууль төгсөх үед үеийнхэн маань бүгд хувийн салбарт ажилд орсон. Тэнд илүү мөнгө авч байлаа. Одоо гэтэл нийгмийн уур амьсгал ч гэсэн хувийн салбарынхыг хулгайч, дээрэмчин мэт бодож харааж зүхээд байна. Төрийн бизнесийг болохоор олны төлөө нийгэм хамт олны өмч  юм шиг бодож хандаад байгаа. Гэтэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл ухамсраа, аливаа зүйлийг харах өнцгөө өөрчилмөөр байна. Ардчилал, зах зээлийн эдийн засгийг сонгосон бол түүндээ үнэнч явах хэрэгтэй.

-Томоохон төслүүдээ хөдөлгөж байж эдийн засгийг сэргээнэ гээд байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл олигтой урагшилж өгсөнгүй. Өнөөдөр нүүрсний үнэ гадаад зах зээлд өсөөд байхад бид багахаан хэдэн ам.доллараар зараад сууж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Төр томхон төслүүд дээрээ оролцоогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдгээ л яриад байна. Сонгууль болж төр засаг өөрчлөгдөнгүүт томоохон төслүүд рүү арын хаалганы нөхдүүд шинээр ороод байна. Төрийн компаниудад томилж буй зарим хүнийг хувийн компаниудад шууд оруулъя гэвэл “Уучлаарай, чадвар нь хүрэхгүй” гэмээр нөхдүүд байгаа.  Гэтэл төрийнх учраас хэн ч байсан орж ажиллаад байна. Ийм томилгоотой компани яаж хөгжих вэ. Татвараа яаж төлөх вэ. Бид сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол өөрөө өөрсдийгөө хуураад яваад байна. Бас нэг эмгэнэл байна. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил болоход эдийн засаг өссөн үү гэвэл өссөн. 2000 оны босгон дээр ДНБ нэг их наяд төгрөг буюу нэг   тэрбум ам.долларт л эргэлддэг байлаа.  Гэтэл өнөөдөр 20 их наядын тухай ярьдаг болж. Өссөн байгаа биз дээ. Тэгэхээр зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоо монголчуудад мундаг өсөлт авчирч чадсан. Үүндээ бид итгээд явах ёстой. Замын дундаас сэтгэлээ буруулаад, буруу замаар будаа тээх гээд хэрэггүй. Дахин хувийн салбаруудаа л хөгжүүлмээр байна. Том төслүүд дээр төр юу хийх ёстой вэ гэвэл бүтээгдэхүүнээ өндөр үнээр гаргах зах зээлийг зохицуулж өгөх ёстой. Удахгүй бид урд хөрш рүү том айлчлал хийх гэж байна. Тэр үедээ том зээл, хөнгөлөлттэй тусламжийн тухай яривал одоо байгаа системээ л дэмжсэн болно. Энэ том эдийн засаг ямар ч зээлийг элсэн дээр ус асгаж буй мэт уугаад алга болгоно. Мэдээж хэрэг зээл, тусламж бидэнд хэрэгтэй. Түүнийгээ эрэлхийлэх ёстой. Гэхдээ тэрнийхээ хажуугаар нүүрсээ өөр үнээр зармаар байна гэж ярих ёстой. Тэд үнэхээр туслая гэж байгаа бол шүү дээ. Хөнгөлөлттэй зээл гэдэг чинь туслах гэж буй хэлбэр. Туслая гэж бодож байгаа бол бидний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээс өндөр үнээр ав гэж хэлэхгүй. Одоо авч буй үнээ ядаад дэлхийн зах зээлийн үнэ рүү чиглүүлж өөрчлөөч гэх ёстой юм. Арай үнэтэйгээр бид зармаар байна шүү дээ. Ингэж чадвал жинхэнэ тус болно. Төр засаг ийм л зүйл хийх хэрэгтэй. Түүнээс биш том төслүүдийн менежментэд  нь орж дарга томилоод самраад баймааргүй байгаа юм. Бид нүүрсээ хэт хямд зараад байна  шүү дээ. Одоо үнэ өсөхөөр жаахан нэмчихье гэж хүн ёсоор хэлэх ёстой. Бид тэднийг хуурамчаар залилъя гээгүй. Том төслүүдийг урагшлуулахад ийм л зүйл тустай. Улс төрийн биш, бизнесийн зарчмаар явуулвал монголчуудад л хэрэгтэй.

-Үнэ өсгөх тал дээр УИХ, Засгийн газар ажиллаж эхэлсэн үү. Ямар арга хэмжээ авч байна вэ?

-Засгийн газрын бүрэлдэхүүнд байхгүй болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ хүн бүр дор бүрнээ хичээх ёстой. Би гадныхантай уулзах бүртээ хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэгтэй байна, одоо л монголчуудад итгэх цаг гэдгийг хэлдэг. Гадагшлах   экспортын чадавхийг нэмэхийн тулд туслалцаа үзүүлээч гэж ятгаж байна.

-Засгийн газрын 100 хоног удахгүй болох гэж байна. Тэд ямархуу хэмжээнд үүргээ биелүүлж, хэрхэн ажиллаж байна вэ?

-Одоохондоо ам уралдаж шүүмжилмээргүй байна. Нэгэнт засаг төр байгуулагдчихлаа. Тиймээс алдаа дутагдал гарсан ч ойлгох талдаа байгаа. Сэтгэл нэгтэй, эв нэгтэйгээр эдийн засгаа босгох хэрэгтэй. Төр засаг тогтвортой байх ёстой. Тогтвортой байлгахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Төрийн үйл ажиллагаа жигд явна гэдэг бол Монгол Улсын амжилт. Энэ амжилтын төлөө хамтраад, дэмжээд явах ёстой. Харин төр засаг иргэдийнхээ, хувийн хэвшлийнхний, төрийн бус байгууллагын үгийг сонсдог байя. Чих нь онгорхой, нүд нь нээлттэй ажиллаасай. Түүнээс биш хэт их зан гаргаад, бид бүхнийг мэдэж шийднэ гээд байвал асуудал үүснэ. Яг үнэндээ Засгийн газар ажлаа дөнгөж эхэлж байна шүү дээ. Шүүмжлүүлэх зүйл ч хийж амжаагүй байна. Ажиллах боломжийг нь олгоё. Харин хөндлөнгийн үгийг сонсохгүй, үр дүн гаргахгүй бол асуудлыг хэзээ ч сөхөж болно. Тэрнээс биш ажлынх нь үр дүнг хараагүй байж барьж аваад л хэл амаа билүүдэхийг зөв гэж харахгүй байна. Итгэе, боломж олгоё. Дараа нь үр дүн, хариуцлага нэхье.

-Өнгөрсөн Засгийн газрын эхлүүлсэн иргэдэд хамгийн ээлтэй хөтөлбөр ипотекийн зээл байлаа. Гэтэл өнөөдөр энэ зээл үхмэл байдалд байна. Засгийн газар уг зээлийг зогсоохгүй гэсэн хэдий ч банкууд зээл өгөхгүй байгаа. Цаашид бодитоор үргэлжлэх болов уу?

-Зогсоох боломжгүй механизм гэж байдаг. Хүнээр ярих юм бол зүрхний цохилтыг зогсоож болохгүй биз дээ. Хүн амьд байхад зүрх цохилж л байх ёстой. Энэ зээлийг хэн ч зогсоож чадахгүй гэж би тэр үед хэлж байсан. Тийм болохоор ямар ч хүн Засгийн газрыг удирдсан бай ипотекийн зээлийг зогсоох боломжгүй. Хэтэрхий их зүйл ипотекийн зээлээс хамаардаг болчихсон байна. Харамсалтай нь ипотекийн зээл харьцангуй шинэ бүтээгдэхүүн учраас манайхан ойлгохгүй байна.

-Харин ч иргэдийн хамгийн сайн ойлгож байгаа зүйл шүү дээ?

-Улс төрийн хүрээнд ойлгохгүй байна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлье гэхээр барилгын салбар Монголын эдийн засгийг хямралд оруулж байхад тэдэнд туслалцаа үзүүлэх гэлээ гэдэг. Үнэндээ Монголд барилга барьдаг нэг ажил байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар гэдэг бол барилга барихаас тусдаа ажил байхгүй юу. Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэдэг үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжиж буй гол ажил. 90 жилийн турш бий болсон үл хөдлөх хөрөнгө хөдөлж байх, судсаар нь гүйж байгаа гол цус нь ипотекийн зээл. Энэ ялгааг ойлгохгүй байж ипотекийн зээлийг маш их улстөржүүлж байна. Ипотекийн зээлийг улс төрөөс ангижруулсан цагт амжилттай үргэлжилнэ. Өнөөдөр бид нэг л их томоор ярих хэнээтэй болчихож. Энэ зээлийг багаар ч болтугай явуулж л байх ёстой. Би өөрчлөлт санал болгож байсан юм. Байрны үнийн 20 хувьд төрөөс баталгаа гаргая гэж. Урьдчилгаа 30 хувийг өөрчлөхгүйгээр шүү дээ. Энэ зээлийн эргэн төлөлт нь маш сайн. Тиймээс хүмүүс зээлээ эргээд төлж байгаа тохиолдолд баталгаа хэрэг болохгүй байж ч болно. Уг нь төсвийн алдагдлыг нөхөж байснаас иргэдээ орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлээд 20 хувьд нь баталгаа гаргаж өгсөн нь хамаагүй найдвартай. Яагаад гэвэл төрийн дааж авсан 20 хувийн баталгааны цаана тухайн орон сууц байж байгаа. Баталгаа гаргасан этгээд буюу төр 20 хувиа хэзээ ч олоод авах боломжтой. Хаанаа ч алдагдалгүй баталгаа байсан юм. 20 хувийн баталгааг ямар нэгэн байдлаар улстөржүүлэлгүйгээр зах зээлийн эдийн засагт хамгийн ойр аргаар явуулах гэж байсан. Гэтэл хоёр төрлийн улстөржилт яваад эхэллээ. Барилгын салбарыг дэмжих гэлээ гэж нэг хэсэг нь ярьж байна. Гэтэл үнэндээ хэн ч барилгын салбарыг дэмжих гэсэнгүй. Галсан мээрингийн авгай гэдэг чинь шал өөр хүн байдаг гэдэг шиг шал өөр зүйл байхгүй юу. Монголын эдийн засагт улс төр ямар том гай болж буйн нэг жишээ энэ. Нөгөө талаас бас өөр нэг улс төр явсан. Энэ зээл нэг намын нэрийн хуудас болох гээд байна. Тиймээс бүх тохируулгыг өөрчилж өөр нам дээр өмчлөлтэй болгоё гэж зүтгэх шиг болсон.  Тэрийг хэрэгжүүлэхийн тулд өмнөхөөсөө хэд дахин зардалтай механизмыг бий болгож байна. Ингэж улс төрд уг зээл тээгэлж унаад явахгүй байна. Түүнээс биш намайг барилгын салбарт очиход ипотекийн зээлд гурван их наяд төгрөг гаргаад өгчихсөн байсан. Одоо мөнгө нэмж өгөх хэрэггүй. Тэр мөнгө зах зээлийн эдийн засгийн зарчмаараа  ороод эргэх тусмаа мультипликацийн буюу олшрох зарчмаар өсөөд явж байгаа. Хүмүүс хүү төлж байгаа биз дээ. Тэр хэрээр өсөөд явна. Нэг оруулаад эргүүлсэн мөнгө маш олон зүйлийг дэмжээд өсөөд явдаг. Тэр сангийн мөнгийг өөр зүйлд битгий зарцуулаарай. Нэгэнт ипотекийн зээлд зориулсан юм чинь тэр чигтээ байгаарай гэсэн байр суурьтай байгаа. Энд байгаа мөнгийг хэвэнд нь үлдээгээд зөв эргэлдүүлээч гээд байгаа юм. Гэтэл зарим нь шинэ мөнгө гаргах гээд байгаа мэт буруу ойлгоод байгаа. Энэ салбар зогсох юм бол бусад бүх зүйлээ татаад унагаачих чадалтай. Маш бяртай, маш их хөрөнгө хуримтлуулсан том салбар. Энэ эрсдлийг харж байгаа болохоор яаж ийгээд ипотекийн зээлийг үргэлжлүүл, үгүй бол эдийн засаг бүр мөсөн нурж унана. Энэ зээлийг зогсооно гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байгаа юм.

-Одоо байдал нэгэнт ийм зогсонги байдалд орчихлоо. Яах ёстой вэ?

-Хөдөлгөөд, тохиргоонуудаа зөв болгоод явах ёстой. Би нэг зүйлээр бахархаж байгаа. Барилгын салбарынхан надтай ирж уулзаад “Та 30 хувийн урьдчилгааны 20 хувийг батлан даая гэдэг санааг гаргаж өгсөн. Хүү чухал биш, иргэд урьдчилгаа мөнгөгүй байна” гэсэн. Хэдийгээр миний гаргасан саналыг хэрэгжүүлээгүй ч гэлээ барилгын компаниуд өөрсдөө тэр 20 %-ийн баталгааг гаргадаг болчихож. Иргэдээс 10 хувийн урьдчилгаа аваад багаар ч болтугай борлуулалтаа үргэлжлүүлж байна. Зээлийн энэ тохируулга бол аль нэг намын хожлын оноо байгаагүй юм. Монголын эдийн засаг хожих тухай л асуудал байсан.

-Та намынхаа гаргаж буй санал шийдвэртэй хэр санал нийлж байгаа вэ. Танай намынхан Засгийн газраа, намаа шүүмжилж ярьж болохгүй гэсэн байр суурьтай байдаг. Улс төрийн томоохон хүчин ийм авир гаргаж болдог юм уу?

-Манай 65 гишүүн Засгийн газрынхаа оруулж ирсэн саналыг унагаж л байгаа биз дээ. Нам доторх яриа, хэлэлцээр идэвхитэй явж буйн илрэл шүү дээ. Анхных нь оруулж ирсэн саналыг унагаж байна гэдэг бол намын дотоод ардчилал эрүүл байгаагийн л шинж тэмдэг. Намаас гаргаж буй бүх шийдвэртэй санал нийлж байна уу гэвэл үгүй. Санал нийлэхгүй зөндөө асуудал гарна. Гэхдээ юу ч болоогүй байхад хөөрөөд, сэлэм гаргаж ирээд эв нэгдлийг эвдээд явбал хэн хохирно гээч. Энгийн иргэд л хохирох юм.  Учир нь энэ чинь өнөөдөр засаглагч нам. Үйлсгүй, эв нэгдэлгүй төртэй байхын горыг бид хангалттай амслаа. Бид өмнөх ажлаа л сайн хийх ёстой. УИХ-ын гишүүн гэдэг чинь хангалттай том албан тушаал шүү дээ. Энийгээ голоод байх юм. Зөндөө ажил хийх боломж гишүүдэд байна. Сэтгэл байвал ямар ч ажлыг шийдэж, хийх боломж байгаа. Би ийм л зарчмаар ажиллана. Бүр болохгүй зүйл байвал гарч ирээд ард иргэддээ ярина. Хэзээ ч ярих боломжтой.

-Таны улс төрийн баримтлал их ардчилсан үзэл баримтлалтай. Бараг Ардчилсан намд байхаар хүн шиг санагдах юм?

-Монголд ардчилаагүй нам байхгүй. Бүх нам ардчиллын төлөө сэтгэлтэй. Ардчилсан нам л ардчилсан үзлийг баримтлах ёстой мэт хараад байдаг. Гэтэл АН дотор “Манай намд ардчилал алга” гэж ярьдаг хүн бий шүү дээ. Тэд өөрсдийгөө ингэж шүүмжилдэг. Ардчилсан Үндсэн хуультай Монголын төрд ардчилаагүй үзэл баримтлалтай хүн ажиллаж болохгүй гэж боддог. Ардчиллын төлөө үзэл баримтлалтай байх ёстой. Үндсэн хуулийн үзэл баримтлал ийм юм. Ийм Үндсэн хуулийн дор ажиллаж байгаа төрийн албан хаагчид ардчилсан үзэл баримтлалтай байхгүй гээд яах билээ.

-МАН-ыг Мэргэжлийн Засгийн газар байгуулсан гээд л байгаа. Та үүнтэй санал нийлж байгаа юу?

– Бүх томилгоо тийм биш  л байна. Гэхдээ тийм байхын төлөө нэлээн чармайж ажиллаж байгаа нь харагдаж байгаа. Хангалттай биш л дээ. Хүмүүс “Нөгөө мэргэжлийн гээд байсан нь хаа байна вэ” гээд байна шүү дээ. Энд байна гэж харагдтал томилгоогоо хийх ёстой. Гэхдээ мэргэжлийн томилгоонууд зөндөө л хийгдэж байна. Мэргэжлийн биш гэж гологдож буй хүн бий л дээ. Амьдрал өөрөө төгс төгөлдөр биш. Тийм дутагдал байгаа бол ажил хөдөлмөрөөрөө нөхөх боломж бий.

-Уг нь таныг Гадаад харилцааны сайд болох ёстой гэж олон хүн харж байсан?

-Бид нам дотроо хэлэлцүүлэг хийгээд тавих ёстой хүнээ л тавьсан. Гадаад харилцааны сайдаар харин ч яг мэргэжлийн хүн очсон гэж харж байгаа.

-Гэхдээ л улс төрийн томилгоонуудыг анзаараад байхад МАН дахь Орост сургууль төгссөн фракцийнхан нэлээн “жийгдсэн”. Яагаад Батлан хамгаалах яаманд Ж.Энхбаярыг, Ё.Отгонбаярыг БСШУ-ны сайдаар тавьж болсонгүй вэ?

-Нам гэдэг чинь амьд организм. Хэлэлцүүлэг хийнэ, өөрийн гэсэн улс төртэй. Тийм шугамаар л томилгоо болсон. Бидний хэн нь ч албан тушаалд очъё гэж улайрсангүй. Нам хэрэгтэй гэж үзвэл итгэлийг нь дааж ажиллахад бэлэн. Түүнээс биш би сайд болъё гэж хэний ч өрөөний хаалгыг татаж гүйхгүй. Тэгж явахынхаа оронд тойрогтоо очиж ажиллая. Би түрүүн хэлсэн шүү дээ. УИХ-ын гишүүн гэдэг хангалттай том албан тушаал гэж. Тийм л биз дээ. Зөндөө сайн зүйл хийхэд хангалттай боломж олгоно.

-Та гадаадын олон хэл мэддэг. Гэхдээ миний сонсож байснаар хүн бүрийн тэгтэл сонирхоод байдаггүй хэл судалдаг гэсэн. Хаанахын хэдэн хэлтэй юм бэ?

-Гадаад яамнаас намайг 1988 онд Олон улсын харилцааны дээд сургуульд явуулсан юм. Тэр үед намайг камбож хэл сураад ир гэсэн. Сургуулиа төгсөөд ирсний дараа Камбожид Элчин сайдын яаманд ажлуулах гэж байлаа. Очоод хэлээ сурч байтал Монголын нийгэмд өөрчлөлт болж ардчилсан тогтолцоо руу шилжсэн. Үүнтэй уялдаад гадаад бодлогын үндсэн чиглэл өөрчлөгдөнө. Тэгэхээр нь камбож хэлээр ч явахгүй нь дээ гэж бодоод тайланд хэл сурч эхэлсэн. Пали самгарьд хэл суурь нь  учраас сурахад ч амар байлаа. Ингээд хэлээ сурахын зэрэгцээ Тайланд, Камбожийн улс төр, түүхийг баг бага зэрэг дөхөмтэй гэж бодсон хэрэг. Одоо бол тайланд, камбож, орос, англи хэл мэднэ. Германаар уншина, ойлгоно, муухан ярина. Гэхдээ төөрөхгүй, хоолоо олоод хийчихнэ. Түүнээс биш том судалгааны ажил бичих хэмжээнд очоогүй л дээ.

-Англиар шүлэг бичдэг гэсэн. Хэдэн шүлэгтэй болж байна вэ?

-70, 80 гаруй шүлэг бий. Өөртөө л зориулж бичдэг юм. Анхныхаа англи шүлгийг аравдугаар анги төгсөх үедээ бичсэн. Тэрийгээ сая эргэж хараад шүлгийн хэлбэрт нь оруулж зассан.

-Голдуу юуны сэдэвтэй бичиж байна вэ?

-Аравдугаар ангийн хүүхдийн гол сэдэв дурлал байлаа. Одоо бол философи илүү шингэсэн болов уу гэж боддог. Сүүлд би бизнес эрхэлж байхдаа толгойд орж ирсэн бодлуудаа цэгцэлж мөр холбогдог байсан юм.

-Ээж, аав тань таныг өдий зэрэгтэй боловсролтой байхад чухал нөлөө үзүүлсэн үү?

-Аав бол намайг хичээл хийлгэж сургасан. Хичээлийн ширээний ард суулгаж сургасан гэх үү дээ. Харин ээж намайг дөрөвдүгээр ангид байхад англи хэл сурахыг зөвлөж байсан юм. 1980-ад оны эхэн үе шүү дээ.

-Таныг ясны дипломатч гэдэг. Та Монгол Улсад хэрэгтэй ямар гэрээ, хэлэлцээрт оролцож байсан юм бэ?

-Олон бий. Мянганы сорилтын сангаас эхлээд яривал зөндөө. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушийн Монтерейд хэлсэн үгийг сонсож байгаад зээл тусламжийн бодлогыг Монголдоо ашигтайгаар ашиглавал болох юм байна гэдгийг мэдрээд санаачлага гаргаж байсан. Хөшигийн хөндийн онгоцны буудалд зээл олгуулах асуудлын улс төрийн шийдлийг зохицуулаад  явж байлаа. Тэр үед хэчнээн их шүүмжлүүлж байсан билээ. Монгол Улс олон жил бэлтгэсэн асуудлаасаа наймаанд орсон ухарлаа гэж намайг нэр цохоод л шүүмжилж байв. Гэтэл өнөөдөр том, том төлөөлөгчийг хүлээж авах боломжтой онгоцны буудалтай болж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хамгийн анх бас яриад л явж байсан. Далайд гарцгүй орнуудын судалгааны төв гэж Монголд төвтэй олон улсын байгууллага бий. Энэ яг миний өөрөө санаачилж хийсэн ажил. Дэлхийн 33 орны гишүүнчлэлтэй. Ингээд яривал олон ажил бий.

-Ээлжит бус чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн. Тэр дундаа төсвийн тодотголыг хэлэлцсэн байгаа.  Чуулган үүргээ хэр биелүүлсэн бэ?

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН