Иргэдээ бус намаа бодсоор байх уу, БЗД-ээс сонгогдсон түшээд ээ

Баянзүрх дүүргийн Ардчилсан нам, Ардын намынхны хооронд дажин дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Тус дүүргийн ИТХ-д АН олонхи болсон гэдэг сонгуулийн дүнг Ардын намынхан эсэргүүцэж, асуудал шүүхийн шатанд очоод буй. Үүнээс нь болоод Ардчилсан намыг хууль бусаар Засгийн эрх авсан гэдэг гаргалгааг ардын намынхан эсэргүүцэж, БЗД-ийн Ардын намын дарга Э.Бат-Амгаланг нэг өдрийн хаан гэдэг шиг нэг өдөр Засаг дарга хийлгээд амжсан. Гэвч нийслэлийн Засаг дарга Су.Батболд гаргасан шийдвэрээ цуцалж, одоо болтол БЗД-ийн Засаг даргыг батламжлаагүй байна. Үүнээс нь болоод Баянзүрх дүүрэг төсвөө баталж чадаагүй гэнэ.

Баянзүрх дүүргээс УИХ-д хамгийн олон буюу 6 гишүүн сонгогдсон. Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Б.Батзориг, С.Жавхлан нарын гишүүд Баянзүрхчүүдийг УИХ-д төлөөлөх учиртай. Харамсалтай нь дээрх маргаантай холбоотойгоор тэд нэг ч үг дугараагүйгээр барахгүй, Ардын намын гишүүд “шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа” гэдэг хариултыг л тухайн үед өгч байв.

Гэтэл сонгогдсон дүүрэг чинь төсвөө батлуулж чадахгүй, энэ жил ямар ч бүтээн байгуулалт цаашлаад шинэ ажил хийх чадваргүй болчихлоо. Ердөө урсгал завсарын зардал, ажилчдын цалингаас өөр санхүүжилтгүй хоцорлоо. Итгэлийг нь хүлээж, саналыг нь авч УИХ-д сонгогдчихоод иргэдээ бодохгүй намын эрх ашгийг бодсоор байх уу, эрхэм гишүүд ээ.

Б.Батзориг гишүүн таны хувьд дүүргийн Засаг даргаар ажиллаж үзсэн удаатай. Адаглаад л хөшөө босгоход ямар их мөнгө хэрэг болдгийг мэдэхийн дээдээр мэдэх хүн. Гэтэл бусад дүүрэг төсвөө батлуулчихаад байхад Засаг даргаар нь ажиллаж байсан, одоо УИХ-д сонгогдсон дүүрэг тань ямар ч төсөвгүй болчихоод байгааг нэг анзаармаарсан.

Д.Оюунхорол гишүүн таныг тойргоо солиод Баянзүрхэд ирэхэд сонгогчид тань саналаа өгөөд л явуулсан. Ахмадуудтай уулзаж, гарын бэлэг тараахаас илүүтэйгээр сонгогдсон дүүргийн тань Засаг захиргаанд болж байгаа асуудлын талаар жинтэйхэн үг хэлж, нам гэж туйлшралгүй иргэдийнхээ төлөө амласнаа биелүүлнэ үү.

Манайх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд амьдардаг. Б.Саранчимэг гишүүн таны сонгогч байна. Та нэр дэвшихдээ дүүрэгтээ болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг засна, залруулна гэж амласан. Харамсалтай нь өнөөдөр дүүргийн чинь удирдлагууд намаараа талцчихаад төсвөө ч батлуулж чадахгүй байдалд орчихоод байна. Гэтэл та энэ асуудалд анхаарлаа хандуулж байна уу. Аль эсвэл шударга бус байсан ч хамаагүй, намын талд л шийдвэр гарвал боллоо гээд сууж байна уу.

Ж.Энхбаяр гишүүн та намдаа нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдийн нэгд сүүлийн үед зүй ёсоор орох болсон. Тэгвэл өөрийн тань сонгогдсон дүүргийн толгойд нь чухам ямар асуудал бугшчихаад байгаад нэг хором ч атугай анхаарлаа хандуулна уу. Нам харгалзахгүйгээр асуудлыг зөв голдиролд нь оруулж, дүүргийнхээ төсвийг батлуулаад авчихвал иргэд, сонгогчдод тань л сайн баймаарсан.

Ардчилсан намаас сонгогдсон ганц гишүүний хувьд Ж.Батзандан та намынхан тань олонхи болсон Ардчилсан намынханд хэрхэн дарлуулж байгааг дуугүй харсаар суух уу. Аль эсвэл Д.Пүрэвдаваатай таардаггүй гээд асуудлыг зөнд нь орхих гэж байна уу. Заавал намын харьяаллаар биш, сонгогдсон дүүрэгт тань чухам юу болоод байгаад анхаарал хандуулахгүй байх нь зөв гэж үү.

УИХ дахь цор ганц бие даагч гишүүн С.Жавхлан та УИХ-ын гишүүдийг монгол хувцасжуулах аянаа хийсээр л явах уу, аль эсвэл дүүргийнхээ асуудалд анхаарал хандуулах уу. Бүр эсвэл Ноён бондгор хэмээх дуучин дүүтэйгээ нийлж, хувийн бизнесээ цэцэглүүлэх гарц хайсаар байх уу. Аль нь ч байсан таны сонголт. Гэхдээ та өөрөө Баянзүрхчүүдийн сонголт гэдгээ бүү мартаарай.

  У.Жанцан