Хууль бус, дүрмийн бус сонгууль

Нам дотроо нэн шинэ “Хувьсгал” хийх гэсэн Ардчилсан намын бодлого нэг л байгаа онохгүй байх шиг. Даргаа сонгохын тулд 250 сая төгрөгийг нэг нэр дэвшигчээс татаас болгож авсан. Улмаар таван нэр дэвшигч 250 сая төгрөгөө “тушааж”, нэг тэрбум 250 сая төгрөгийг Ардчилсан намынхан босгосон. Тэгвэл хоёрхон хоногийн дараа явагдах дотоод сонгуульд нэр дэвшихийн тулд мөн мөнгө л төлөх хэрэгтэй болсон билээ. Энэ үйл явц нь Ардчилсан намын гишүүд,  дэмжигчдийг багагүй бухимдуулсан юм.

Дүрэмгүй намын дүрэмгүй тоглолт

Нэн шинэ “Хувьсгал”-ыг нэг их хэл амтай хийсэн Ардчилсан намын шинэ дүрмийг Улсын Дээд Шүүх хүлээж аваагүй. Үүнээс үзвэл шинэ дүрмээ бус, хуучин дүрмээ баримталж, дотоод сонгуулиа явуулах учиртай. Харамсалтай нь, хуулийг хууль гэж үздэггүй, гууль болгодог тэд Улсын дээд шүүх хүлээж аваагүй дүрмээ баримталж, дотоод сонгууль явуулж буй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Товчоор хэлбэл, тогоон доторх тэмцэл, мөнгөтэй, мөнгөгүй ялгаа Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг талцуулж орхив. Амьдарлынхаа 20 гаруй жилийг ардчилал, Ардчилсан намд зориулсан гишүүдээ зүгээр л хөсөр хаячихлаа, шинэ удирдлага нь. Үнэхээр л фракцгүй, бүлэглэлгүй нам болчихсон юм бол босго мөнгө авалгүйгээр шударгаар, ардчилсан зарчмаар сонгуулиа явуулж болоогүй л юм байхдаа гэж халаглах хүн цөөнгүй байна. Нөгөөтэйгүүр, “Шонхор”-уудын шунал хэрээс хэтэрлээ гэж ярих Ардчилсан намын гишүүн ч байгаа юм. Сонгууль болгоноороо мөнгө босгоод байвал удаан оршин тогтнохгүй л байх, 90 сая төгрөг төлөөд дарга болчихсон нөхөр төрд шургавал түүнийгээ 900 сая болгоно гээд зүтгэчихнэ. Энэ бол Монгол хүний гэм биш зан. Хар үгээр бол “Шатсан хүн шархаа нөхнө” л гэсэн үг шүү дээ. Ер нь бол “дүрэмгүй намын дүрэмгүй тоглолт” хэрээс хэтэрч байна. “Шонхор”-ууд өөрсдөө хазаарлаж дийлэхгүй бол “ Алтан гадас” нь хазаарлах байх хэмээн намын гишүүд, дэмжигчид нь найдаж сууна.

“Алтан гадас”-ыг “Алтан гудас” болчихлоо гэж бодвол эндүүрэл

Үндсэндээ Ардчилсан намын хамгийн том бүлэглэл “Алтангадас” ажин түжин болоод удаж байна. Хааяа нэг Авилгатай тэмцэх газарт дуудагдахаараа Н.Алтанхуяг сүржин мэдэгдэл хийхээс бус, үндсэндээ хөндлөнгийн ажиглагч маягаар дотоод сонгуульдаа оролцож буй. Ардчилсан намын удирдлагыг гартаа бүрэн атгачихсан хэмээн итгэж суугаа “Шонхор”-ын  “Хүүхдийн тоглоом” шиг улс төрийг чимээгүйхэн ажиглаж байгаа хэрэг. Учир нь тэдний хөдлөх цаг болоогүй байна л даа. Ирэх долоо хоногоос л идэвхижэх болов уу.  Учир нь “Хууль бус, дүрмийн бус дотоод сонгууль”-тай нь холбоотой. Шинэ дүрмийг нь Улсын дээд шүүх хүлээж аваагүй учир дээр дурдсанчлан Ардчилсан намын хуучин нь хүчин төгөлдөр байгаа. Тийм болохоор Ардчилсан намын гишүүд хурлынхаа үеэр заалнаас нэр дэвших бүрэн эрхтэй гэсэн үг. Аягүйдвэл “Шонхор”-уудын зохион байгуулж байгаа “дүрэмгүй сонгууль” тийм л цаг үеийг хүлээгээд, андаад сууж байгаа. Тэдэнд Ерөнхийлөгчийн сонгууль нэг их сонин биш. Харин “Шонхор” хэзээ дүүлэхээ больж, газарт бууж ирэх бол гэж хүлээж суугаа. Дотоод сонгуулийн будлиан гадагшилж, бухимдсан намын гишүүдээ нэгтгэж чадвал “Алтан гадас” эргээд хүчирхэгжих нөхцөл бүрдэнэ. Эсвэл сонгуулийг нь сунгаа болгоод хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуучин дүрмээ бариад тоглочихвол “Шонхор” газарт буухаас өөр аргагүйд хүрнэ. Зүй нь “Шонхор” хэзээ ч “Алтан гадас”-ын чинээ өндөрт нисэж чадахгүй л дээ.

“Төлөвшил” гэдэг үгийг тархинд нь суулгах юмсан

“Төлөвшил” гэдэг үг Ардчилсан намын удирдлагуудын үгийн санд байдаггүй бололтой. Эхлээд төлөвшчихөөд, дараа нь шинэчлэгдсэн бол “зөв” шинэчлэл болох байсан юм. Даанч төлөвшөөгүй удирдлага нь хууль, дүрмээ зөрчөөд дотоод сонгуулиа хар зах дээр бараа наймалцаж байгаа юм шиг зарж буй нь гачлантай. Дөнгөж дунд сургуулиа дүүргэсэн, шилжилтийн насандаа яваа хүүхэд өөрөө ч мэдэлгүй хууль зөрчиж, худлаа ярих болдог. Үүн лүгээ нэгэн адил Ардчилсан намынхан батлагдаагүй дүрмээрээ дотоод сонгуулиа явуулж, Монгол Улсын Хууль, дүрмийг ноцтой зөрчиж буй нь төлөвшөөгүйн тод илэрхийлэл юм.

Цаашилбал, жирийн гишүүдээ алагчилж, бэл бэнчинтэй гишүүдээ алга тосон угтан авч байгаа үйлдэл ч гэж харж болохоор байна. Шинэчлэлийн салхи сэвэлзүүлж, намын дарга сунгаа явуулахдаа “Эрх мэдэл, хөрөнгө чинээтэй хэдхэн хүний өврөөс намаа салгана” хэмээн сүржин мэдэгдэж байсан тэдний зорилго зүгээр л хадны цуурай мэт замхран холдож байна. Харин ч эсрэгээрээ шат шатны сонгуульд тариф тогтоож “Мөнгөтэй бол өрсөлд, чадахгүй бол зайгаа тавь” гэж шаардаж шахах нь ардчилсан нийгэмд байх эрүүл үзэгдэл мөн үү. Нөгөө талаас нь харвал, Ардчилсан намын явуулж буй дотоод сонгууль нь Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн хоёрт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн заасан байдаг. Мөн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 10-т “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно” гэж заасан нь бий. Дээрх хоёр заалтаас харвал, нэгдүгээрт Ардчилсан нам гишүүдээ хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхсан байна. Хоёрдугаарт, нам, олон нийтийн бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж байгаа юм. Эрх мэдэл, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн төлөө Үндэсний хуулийг үнс болгож байгаа Ардчилсан намын шинэ удирдлагын тоглолт хаана хүрээд зогсох бол. “Дүрэмгүй намын дүрэмгүй тоглолт”-оос гишүүд нь уйдаж, итгэл алдран, цөхрөнгөө барж буйг тэд ойлгож байгаа болов уу. Бусад хуулиа дагаж мөрдөхөө болъё. Ардчилсан Үндсэн хуулиа зөрчихөө байчих л даа, Ардчилсан намын шинэ удирдагч аа!

Өнөөдөр” сонин С.Нэмэх  UPDOWN.mn