Залилангийн “гэмт хэрэгтэн асан” өмгөөлөгч

Иргэний хууль болон Эрүүгийн хуульд заасанчлан Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хэрэг зөрчил, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд өмгөөллийн үйчилгээ авах эрхтэй байдаг.  Энэ тухай Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд Өмгөөлөгчийн үүргийг

38.1.Өмгөөлөгч энэ хуулийн 26 дугаар зүйлд зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:

38.1.1.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах;

38.1.2.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;

38.1.3.хууль тогтоомжид заасан бусад үүрэг хэмээн заасан байна.

Өөрөөр  хэлбэл өмгөөлөгч хүн гэдэг  хувь хүн болон хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, тухайлбал тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Үндсэн хуулийн, арбитрын, захиргааны, иргэний болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож хамгаалах явдал мөн. Ингэж үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалсныхаа төлөө тэднээс үйлчилгээний хөлс авдаг.

Гэвч үйлчлүүлэгчийнхээ талд асуудлыг шийдвэрлүүлж чаддаггүй атлаа олныг хамарсан, шуугиантай хэрэг болгоныг өмгөөлнө гэж явдаг, үйлчлүүлэгчээ “хохироодог”, түүгээрч  барахгүй үйлчлүүлэгчээс авсан мэдээллээ ашиглан “ашиг хонжоо олдог” байж мэдэх “ӨМГӨӨЛӨГЧ”  нэртэн нэг хүн байх. Түүнийг Г.Батбаяр гэнэ. Г.Батбаярыг үйлчлүүлэгчээ өмгөөлж байгаа нь энэ гээд байнга хэвлэлийн хурал хийдгээр хүмүүс мэддэг болсон.

Дуулиантай хэрэг болгоныг тэр өмгөөлдөгч, хачирхалтай нь өмгөөлсөн үйлчлүүлэгч нь үргэлж  хохироод үлддэг байна.

Эцэст нь Г.Батбаяр энэ бүхнээс дундаас нэр алдараа өсгөөд хоцордог жишиг тогтоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Г.Батбаяр гэдэг хүн өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа хууль эрх зүйн мэдлэг ашиглахаас илүүтэй хэвлэлийн бага хурал хийж, үйлчлүүлэгчээ гэм зэмгүй харагдуулах, “өрсөлдөгч”-өө  гэм буруутай болгон  улайран, шүүхийн байгууллагын нэрийн өмнөөс урьдчилан  шийдвэр гарган бусдад ял тулгадаг гэмээр хачирхалтай нөхцөл байдлыг тогтоолоо. Хэрвээ  өмгөөлөгч Г.Батбаяр аливаа асуудлыг хэвлэлийн хурал хийгээд шийдчихдэгсэн бол Монгол улсад Шүүх хуулийн байгууллага гэж байх хэрэгтэй юу.

Тэгвэл өөрийгөө үнэний дуу хоолой болгон зарлагч, үйлчлүүлэгчийнхээ төлөө “гал руу орохоос ч буцахгүй гэж ярих” Г.Батбаярын  үнэн төрхөөс хуваалцая.

Иргэн  Г.Батбаяр   2010 оны 07 сард Чингэлтэй дүүргийн 5-р хороонд амьдарч байхдаа дээд айлынхаа хүмүүсийг  засвар хийж амгалан тайван байдал алдагдууллаа хэмээн уурлаж,  бусдын эрхэнд халдан зодож танхайрсан байдаг. Үүний улмаас Г.Батбаярыг Захиргааны хариуцлагын хуулийн дагуу 15.000 төгрөгөөр торгуулсан байна.

Мөн одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 оны 04 сард  нэгэн үйлчлүүлэгчээсээ “Цагдан хоригдсон байдлаас нь суллуулахын тулд  хуулийн байгууллагын ажилтан”-д “авлига” болгож өгөх мөнгө хэрэгтэй байна хэмээн хэдэн сая төгрөг  авсан боловч түүнийгээ өгөлгүй өөрөө завшсан байна. Үүнийг нь мэдсэн  үйлчлүүлэгч нь түүний эсрэг гомдол гаргаснаас үүдэн өмгөөлөгч Г.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.1 буюу Бусдыг залилан мэхлэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсэн түүнийг гэмт хэрэг үйлдсэнийг  тогтоожээ.

Эндээс харахад Г.Батбаяр гэдэг хүн өөрөө мөнгө завшихын тулд ажлаа хийж байгаа хуулийн байгууллагын ажилтны нэрийг ашиглаж түүнийг авлига авдаг мэтээр үйлчүүлэгчдээ ойлгуулж, үйлчлүүлэгчээсээ зүй бусаар мөнгө шаардан, хувьдаа  завшсан нь түүнийг  хүн ямар хэмжээний ёсзүйтэй хүн болохыг уншигч та бүхэн харж байгаа бизээ.  

Ер нь өмгөөлөл хийнэ гэдэг хэвлэлийн хурлаар асуудлыг нийтэд танилцуулдаг төдий хэрэг биш байлтай. Сайн өмгөөлөгч шүүхийн  өмнө  хууль эрх зүйн мэдлэг,  мэтгэлцэх чадвараараа дамжуулан үйлчлүүлэгчээ хамгаалдаг. Гэтэл хэвлэлийн хурал хийхээр хууль яриад, чанга тод дуугарах хирнээ шүүх хуралдааны үеэр бүлх залгисан мэт дуугүй байсаар үйлчлүүлэгчээ хохироосон бодит  жишээг бид  Г.Батбаяр өмгөөлөгчөөс л харж болно.

Ийм  хүнийг мундаг сайн өмгөөлөгч хэмээн  итгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих үгэнд нь итгэж, түүгээр үйлчлүүлээд хохирсон хохирогч нэг бус байдаг гэнэ.

Төгсгөлд нь хэлэхэд телевизээр ярьдаг хүн болгон сайн өмгөөлөгч байдаггүй гэдгийг Г.Батбаярын жишээнээс та бүхэн сайн ойлгож авсан гэдэгт итгэж байна.

Ц.Мөнх