Монголын сэтгүүлчид Хятадын инновацийн салбарын хөгжилтэй танилцав

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Мэдээний захиргаанаас зохион байгуулсан “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” хэмээх арга хэмжээнд Монголын 47 сэтгүүлч хамрагдлаа. Өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 6 хүртэл үргэлжилсэн энэхүү арга хэмжээ БНХАУ-ын Жэжиан, Гуандун мужид болсон бөгөөд МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридаар ахлуулсан баг Жэжиан муж дахь Ханжоу, Нинбо зэрэг эдийн засаг, аж үйлдвэрийн гол хотуудад зочилж, дэлхийд нэр хүндтэй “Алибаба” групп, мэдээллийн технологийн компаниудын инкубатор болох Dream хотхон, G20 дээд хэмжээний уулзалт болсон барилга байгууламжид зочилж, инновацид суурилсан эдийн засаг, технологийн салбар, урлагийн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Монголын сэтгүүлчдийн баг Жэжиан муж дахь эдийн засгийн гол төв болох Нинбо хотод ажиллах үеэрээ Го Шинь дүүргийн Чуан Шин Ган, Жон Ин группэд зочилж, дэлхийд дөрөвдүгээрт, харин Хятадад нэгдүгээрт ордог Нинбо, Жоушаний усан боомтын удирдлагуудын мэдээллийг сонсож, боомтын үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжилсан юм. “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” нэртэй арга хэмжээнд оролцсон Монголын сэтгүүлчдийн бас нэгэн багийг ГХЯ-ны газрын дарга П.Баярмагнай ахалж, тус улсын Гуандун муж дахь Гуанжоу, Шэн Жэн хотод төв оффис нь байрладаг Wechat групп, Гуан Дун Юун Түн групптэй танилцаж, түүх, дурсгалын газруудаар нь зочиллоо. Монголын 47 сэтгүүлчээс бүрдсэн багийг БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо байх үед тус улсын Шинжлэх ухаан, технологийн яамны холбогдох албан тушаалтнууд хүлээн авч, өмнөд хөршийн эдийн засаг дахь инновацийн салбарын үр нөлөөний талаар мэдээлэл хийсэн юм. Мөн БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн хорооны удирдлагууд мэдээлэл хийж, Монголын сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариуллаа. Сэтгүүлчдийн баг Жэжиан, Гуандун мужид зочлох үеэр тухайн хотууд дахь намын хорооны удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд найрсаг дотноор хүлээн авч, санал солилцсон юм. Үйл явдлын дэлгэрэнгүй сурвалжлагыг ANALIZ.MN удахгүй хүргэх болно.

С.Тулга