Г.Ариунбаатар дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорлоо

“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тэмцээнд Монгол Улсаас МУГЖ Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар тун амжилттай оролцож байгаа талаар өмнө бид мэдээлсэн билээ. Тэгвэл дэлхийд чансаа өндөртэй уг тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу гарчээ. Тодруулбал, “Дэлхийн дуучин”-аар таван дуучны шалгаруулсан бөгөөд тэдний нэгээр баритон хоолойтой МУГЖ Г.Ариунбаатар тодорсон байна.

Тэрбээр, ОХУ-д болсон олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан чадварлаг уран бүтээлч билээ. Мөн 1600 гаруй дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын III уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болсон удаатай.