УИХ-ЫН ГИШҮҮН Д. ЦОГТБААТАР ТОЙРГИЙНХОО ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр тойрогтоо ажиллалаа.  Сүхбаатар дүүргийн 59-р тойгийн хувьд газрын маргаан хэд хэд байдаг юм байна. Тийм учраас асуудлыг газар дээр нь шийдвэрлэх үүднээс Нийслэлийн  Засаг даргын орлогч П.Баярхүү. Нийслэлийн газрын албаны дарга Ч.Болорчулуун,   Нийслэлийн   авто замын газрын дэд дарга Б.Индра,   Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний  газрын дэд дарга Уртнасан,  Нийслэлийн газрын албаны дэд дарга Б.Нямдаваа   нартай хамтарсан баг ажиллаж хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга  хэмжээ авлаа.

Шийдвэрлэх ёстой чухал асуудлын нэг бол Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны, Хорооны цогцолбор байрны асуудал юм. Тус дүүргийн нэгдүгээр хорооны нутагт хүүхдийн тоглоомын талбай дээр баригдахаар шийдвэр гаргаад байсан асуудлыг цуцалсан бөгөөд хоёрдугаар хороонд нь барихаар болоод байгаа юм байна. Энэ асуудал бүтэн дөрвөн  жил дараалан иргэдийн дунд маргаантай байсны эцэст ийнхүү шийдвэрлэгдэж байгаад  тус хорооны иргэд болон засаг дарга М.Энхмаа баяртай байгаагаа илэрхийллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР:  СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХОЁРДУГААР ХОРООНЫ ИРГЭД ХОРООНЫ БАЙРТАЙ БОЛНО

Маргаан дагуулаад байсан хоёр хорооны иргэдийн асуудал шийдвэрлэгдэх түвшинд оров уу?

Бид хэдхэн хоногийн өмнө манай  59  дүгээр тойргийн нэгдүгээр  хорооны иргэдийн гомдлыг шийдвэрлэж  хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барих гэж байсан асуудлыг зогсоож,  барилга барихаар ухсан нүхийг булуулсан. Тус газар дээр харамсалтай нь мөн манай тойргийн хоёрдугаар хорооны иргэдэд үйлчлэх цогцолбор барилга баригдах байсан.  Нэг асуудлыг шийдвэрлээд нөгөөг хохироож болохгүй. Тиймээс би энэ асуудлыг аль аль хорооныхоо иргэдийн сэтгэлд нийцсэн байдлаар шийдвэрлэхийг хичээн, нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай хамтран иргэдтэйгээ уулзаж явна. Асуудлыг аль болох хурдан газар дээр нь шийдвэрлээд явбал төрийн ажилд ч, түмний амьдралд ч тустай шүү дээ.

Хорооны барилгаа барих газраа бол олчихсон юм байна тийм үү?

Хоёрдугаар хорооны 1а байрны зүүн талд  буюу яг энэ харагдаж байгаа  гражнуудаас эхний дөрвийнх нь газрыг  чөлөөлөхөөр болоод байна.  Эзэдтэй  нь уулзаж ярилцсан.  Газраа чөлөөлж өгч байгаа иргэддээ  дулаан зогсоол  шийдвэрлэж өгөхөөр ярьсан байгаа.

Барилгын ажлыг энэ найман сараас эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Нэгдүгээр хорооны иргэдэд бол газрыг нь буцаагаад өгсөн. Одоо ухсан нүхийг булах ажил явж байгаа. Хүүхдийн тоглоомын талбайг ч мөн сэргээнэ.

Нэг иргэний эрх ашгийг хамгаалж байгаа нь энэ гээд нөгөө иргэдийг бас хохироогоод явж болохгүй гэсэн үүднээс энэ хувилбарт хүрсэн .

Зөвхөн хорооны барилга л баригдах уу.  Хорооны барилга барина гээд олон давхар байр барих бий гэж газраа өгч байгаа иргэд болгоомжилж байх шиг байна?

Энд зөвхөн хорооны цогцолбор барилга л баригдана. Иргэдийн танхим, цагдаагийн пост, өрхийн эмнэлэг багтаж байгаа. Сая ахмадууд “ахмадын өргөө” оруулж өгөөч гэсэн санал тавьж байна. Энэ асуудлыг хорооны Засаг дарга М.Энхмаа  барилгын захиалга өгөхдөө зураг төсөлдөө  тусгаж болох биз. 210 М2 талбайтай байр л баргигдана. Яг зураг төслөөрөө л явна.

 

 

“АЧИТ ГАР “ӨРХИЙН  ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА  С.БАЯСГАЛАН 

 Хорооны эмнэлэг подвалд үйл ажиллагаагаа явуулдаг гэлээ. Эрүүл мэндийн байгууллагад эрүүл ахуй, боломж нөхцөл нь хэцүү л юм даа тээ?

Бид өөрсдөө эрүүлийг хамгаалах эмнэлгийн байгууллага байж шаардлага хангасан байр савтай болж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай байгаа.   Хорооны байртай болж стандартад нийцсэн байранд үйл ажиллагаагаа явуулах бол бидэнд үнэхээр тулгамдсан асуудал юм.

Манай хорооны барилга барихаар батлагдсан газар нь нэг, хоёрдугаар хорооны зааг дээр байдаг учраас бид байраа баргиулах гэж дөрвөн жил нэгдүгээр хорооны иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.  Одоо болтол цогцолбор барилгаа бариулж  чадаагүй л  байна.

Өнөөдөр харин хорооны цогцолбор барилга барих газрын асуудлыг шийдэж  өгөхөөр маш олон шийдвэр гаргах түвшний хүмүүс ирлээ.

Байртай болох асуудлыг шийдэж өгсөнд манай торгоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт маш их баярлаж байна.

Өрхийн эмнэлэг маань нэг байрны подвалын гурав,  дөрвөн өрөөнд  л үйл ажиллагаагаа явуулдаг.  Өнөөдөр  өрхийн эмнэлгийн  үйл ажиллагааны хүрээ маш их өргөссөн байгаа. Зөвхөн иргэддээ амбулаторийн үзлэг хийгээд зогсохгүй  нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, ахмад, өндөр насан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, физик эмчилгээний маш их тоног төхөөрөмжүүд орж ирсэн. Тэрийгээ байрны подвалд байрлуулах бололцоогүйгээс болоод өнөөдөр бид ашиглаж чадахгүй байгаа.

Энэ барилга баригдчих юм бол бидний иргэддээ үйлчлэх хүрээ, тусламж үйлчилгээний чанар маш их өргөснө.

ХОЁРДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА М. ЭНХМАА

Хорооны цогцолбор барилгаа барих гэж та чамгүй олон жил явж ээ. Өндөр бас шийдвэр гаргах түвшний хүмүүс ирж таатай мэдээ дуулгаж байх шиг байна. Барилгын ажлаа хэзээнээс эхлэх гэж байна ?

Ер нь бол манайх хорооны цогцолбор барилгатай болох асуудал маш тулгамдсан асуудлын нэг. Анх хорооны барилга барих захирамж гарснаас хойш  зориулалт нь өөрчлөгдөж явсаар байгаад өдий хүрсэн. Доороо хорооны байртай дээрээ 12 давхар барилга барихаар хүртэл өөрчлөгдөж байсан.

2013 онд би Засаг даргынхаа ажлыг хүлээж авсан. Иргэдээс  маш их гомдол санал ирдэг учраас бид иргэдийн нийтийн хурал болгон дээрээ ярьдаг . Ингээд  бид хурал дээрээ санал асуулга явуулсан.  Оролцож амжаагүй айлуудаараа санал асуулга явуулж  хорооны г 27-р байрны зүүн урд талд барихаар санал нэгдээд 2014 он 8 сард Нийслэлийн Засаг даргын захирамж  гарсан юм.  Бид ч  зураг төслийг нь боловсруулаад , төсөв мөнгийг нь суулгах, тендер зарлах, ажлууд бол шат дарааллаараа явагдаад өнгөрсөн жилийн 6 сард барих гээд ирсэн 23 дугаар байрны иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.  Тэрнээс хойш эсэргүүцэл үргэлжилсээр өдий хүрсэн.

Нэгдүгээр хорооны иргэд сонгогдсон гишүүн учраас Д.Цогтбаатар гишүүнд хандсан. Бид ч гэсэн манайхаас сонгогдсон гишүүн учраас хандсан. Гишүүн маань хүлээж авч дэмжлэг туслалцаа үзүүлээд , байршлыг өөрчлөөд манай хоёрдугаар хорооны 1 А байрны зүүн талын авто машины зогсоолуудын  урд талын дөрвөн  зогсоолын газрыг чөлөөлөөд газар дээр нь захирамж гаргах гэж байгаа юм байна.

Би  засаг даргын хувьд гишүүнээс тодруулж асуулаа. Зориулалт бол өөрчлөгдөхгүй гэсэн. Иргэдийн  хүсэн хүлээсэн хорооны байрыг  зөвхөн байршлыг нь өөрчлөөд л бариулахаар  сэтгэл зүрхээ зориулж яваад нь би энэ хорооны иргэн хүнийхээ хувьд,  мөн  хорооны Засаг даргын хувьд  маг их талархаж байна.  Хорооныхоо барилыг бариулах ажил дээр бол хамтарч ажиллаад, сэтгэл санаа нэг байна.  Манай хорооны иргэд ч гэсэн баярлаж байгаагаа илэрхийлж байна.

                -УИХ-ын гишүүн Д. Цогтбаатараар ахлуулсан багийн дараагийн очсон газар бол Сүхбаатар дүүргийн 3-р хорооны 2а байрны ар талд  хонгилын  Хонгилын системтэй,  газар доорх зогсоол барихаар цахилгаан дулааныг нь татсан ч барилга баригдаагүй үлдсэн барилгын суурийн асуудал. Уг газрыг ухаад бараг 7 жил шахам болж байгаа учраас хог шороо дүүрдэг, ойр орчмын байгууллагуудын хогийн цэг болж байгаад иргэд бухимдалтай байдаг аж.  Барилгын эзэд хувь хүмүүс байсан бөгөөд  нийтийн эзэмшлийн талбай учраас   дүүрэг мэдэлдээ авсан юм байна.  Тиймээс одоо иргэдийн хүсэлт бол  цахилгаан, дулааныг нь зохих журмынх нь даруу таслуулаад л энэ нүхийг булуулж дээр нь хүүхдийн тоглоомын талбайтай болмоор байна гэдгээ хэллээ. 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ П.БАЯРХҮҮ

Энэ газрыг булах битүүлэх ажлыг  бол өнөөдөр ч эхлүүлсэн болж байна. Гэхдээ эхлээд  дулаан, цахилгааны шугамуудыг таслахгүй гэмтээхгүй байх бэхэлгээний ажлуудыг хийх ёстой. Тэрний дараа бөглөх ажлыг эхлүүлнэ.

Эхний ээлжид газрын хөрсийг хэвийн байдалд нь оруулна. Дараа нь дээр нь цэцэрлэгжүүлэх, хүүхдийн тоглоомын талбай болгох ажлыг хийнэ гэлээ.

Иргэд өмнө нь гарсан зургаар нь хонгилын системтэй дулаан зогсоол бариулах хүсэлт тавьсан ч энэ асуудал нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд боломж бага гэдгийг хэллээ.

Асуудал тавьсан дараагийн газар бол Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 59-р байр буюу бидний ярьдгаар “замын цагдаагийн ажилчдын байр” –ны замын асуудал  байлаа.  Замын цагдаагийн хашааны ард баригдсан уг байрууд руу орох зам байхгүйгээс иргэд гэртээ орохын тулд  цагдаагийн газрын үүдээр явдаг тул энэ нь аль аль талдаа хүндрэл үүсгэдэг байна.

  

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ОРЛОГЧ ДАРГА Б.НЯМДАВАА

Уг байрнууд руу орох замыг хааж барилга барьснаас асуудал үүдсэн байна.  Одоо бол бид аль болох өртөг зардал багтайгаар шийдэх боломж нөхцөлийг судалж байна.  Замын цагдаагийн талруугаа  бол асуудал багатай юм байна. Нэг хашаа татах асуудал байна. Тиймээс  тус байгууллагатай тохирчих юм бол ажил эхлүүлж болно гэсэн үг. Одоо яригдаж байгаа ажил учраас төсөв хөрөнгө бол суугдаагүй байгаа. Энэ асуудлаа нийслэлийн авто замын газар шийдвэрлэх байх  гэдгийг иргэдэд хэллээ.

Мөн байртай хаяа дэрлэх Дипломат Байгууллагын Үйлчилгээ Эрхлэх  газрын  56-р байрны зогсоолын асуудлаас болж иргэдийн дунд үл ойлголцол үүсжээ. Тиймээс зогсоолоо булаацалдаж байгаа 56 А буюу ГХЯ-ын ажилчдын байр, 56 б буюу ДБҮЭГ –ын ажилчдын байрууд  нийтийн эзэмшлийн талбайгаа булаацалдсан учир 14 хоногийн дотор  талбайгаа хэрхэн хуваах хүсэлтээ гарга гэдгийг УИХ-н гишүүн Д.Цогтбаатар хэллээ.