УЛААНБААТАР-МАНДАЛГОВИЙН ЦДАШ, ДЭД СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН ШАВЫГ ТАВИЛАА

Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан нэг тэрбум ам.долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/, дэд станц барих” төсөл хэрэгжихээр болсон. Энэ нь Монгол улсын жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг нэмэгдүүлэх,хот, суурин, үйлдвэр, аж ахуйн газруудыг цахилгаан, дулааны эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангахад чухал ач холбогдолтой юм.

“УБ-Мандалговь ЦДАШ, дэд станц барих” ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “TBEA”групп ажиллахаар тендэрт шалгарсан. Тус групп нь дэлхийд тэргүүлэгч эрчим хүчний компани бөгөөд цахилгаан дамжуулах өндөр технологийн хөнгөн цагаан материалын үйлдвэрлэл, экспорт, сэргээгдэх эрчим хүчний нарны панель, салхин сэнс, силикон материалын судалгаа, үйлдвэрлэл эрхэлдэг байна. Хятад улсын хэмжээнд 14 аж үйлдвэрийн парктайгаас гадна гадаадад эрчим хүчний хоёр том аж үйлдвэрийн парктай дэлхийн хэмжээний групп аж.  Мөн БНХАУ-ынЗасгийн газраас хэрэгжүүлж буй “Нэг бүс нэг зам” стратегийн хөтөлбөрийн хүрээнд Америк, Орос, Бразил зэрэг 60 орчим улс, бүс нутагт байгальд ээлтэй, ухаалаг өндөр технологи бүхий өндөр үзүүлэлттэй эрчим хүчний тоног төхөөрөмжийг нийлүүлдэг. Хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс онцолбол, Таджикистаны Душанбе хотын 2-р дулааны цахилгаан станцын 1,2-р ээлжийн өргөтгөлийн ажил, Киргизстан улсын цахилгаан дамжуулах сүлжээний гол судас болох 500kV-н цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц гээд дэлхийн эрчим хүчний салбарын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээ “ТВEA” компанийн гүйцэтгэх захирал Ма Шиу Пингтанилцууллаа.

“УБ-Мандалговь ЦДАШ, дэд станц барих” төсөл ашиглалтад орсноор Хятад улсын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хязгааргүй хэрэгцээг хангах, МУ эрчим хүчээ экспортлох нөхцөл бололцоо бүрдэх юм. Цаашлаад Оюутолгой, Таван толгойн үйлдвэрийг төвийн эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтанд ороход хангах техникийн нөхцөл бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна.

УБ-Мандалговь ЦДАШ, дэд станц барилга угсралтын шав тавих ёслолыг нээж Эрчим хүчний сайд П.Ганхүү үг хэлсэн бөгөөд  Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, Б.Ундармаа нар нээлтэнд оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ . ИНДЭР.МН