Coal Mongolia 2017: ”Таван Толгой” ХК энэ онд 4 сая тонн нүүрс борлуулахаар зорьж байна

Монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт “Сoal mongolia” олон улсын чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Энэ удаагийн  чуулга уулзалт нь  “Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” уриан дор явагдаж байгаа юм. 

Тус чуулганд АНУ, ОХУ, Канад, Япон зэрэг улсын Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар оролцож өөрийн орны нүүрсний салбарын талаар мэдээлэл өгөхөөс гадна хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж нүүрсний салбарт хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэж байна.

Энэ удаагийн чуулга уулзалт  үндсэн таван сэдвийн хүрээнд явагдаж байна. Тухайлбал, нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь, Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум, нүүрсний тээвэр ложистик, хил гаалийн нэвтрэх чадвар, үйлдвэрлэл, техник технологи, эдийн засаг, байгаль орчин, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага зэрэг салбарын  чухал асуудлыг хэлэлцэж, илтгэлүүдийг тавьж байна.  Мөн нүүрсний салбарын хамгийн том асуудлын нэг болох төмөр зам, дэд бүтцийн асуудлыг  ч хөндөн хэлэлцлээ.  Гашуунсухайт боомтод 70 орчим км-ын урт цуваа үүсээд байгаа юм. Уг нь Засгийн  газар 1 минутад 1 машиныг хил нэвтрүүлэх зорилт тавьж, цаг үрсэн алхмуудыг цэгцэлснээр, Гашуун сухайтын боомтоор хамгийн ихдээ  өдөрт 1200 орчим  ачааны машин нэвтэрч байсан бол өнөөдөр энэ тоо хоёр дахин буурсныг чуулганы үеэр онцоллоо.

Чуулга уулзалт нь дан ганц асуудал хэлэлцэхээс бус уул уурхайн салбарт бараа материал ханган нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үзэсгэлэнг гаргадаг онцлогтой.

Нүүрсний салбарынхан буюу нүүрс олборлогч уурхайнууд, холбогдох яамд, агентлагийн мэргэжилтнүүд болон  урд хөршийн худалдан авагчид харилцан мэдээлэл солилцсон үр дүнтэй уулзалт болж байгаагаараа онцлог юм.

 

Орон нутгийн өмчит “Таван Толгой” ХК өмнөх онуудын чуулга уулзалтад ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар оролцож байсан бол энэ удаад нүүрс олборлогч уурхайн төлөөлөлөөр оролцож байгааг  тус  ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ц.Батсайхан хэллээ.  Тэрээр энэ тухай “Бид энэ удаагийн Coal Mongolia-д 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Худалдан авагч болон бусад хамтрагч байгууллагуудтай компанийхаа талаар мэдээлэл солилцох, туршлага солилцох цаашид хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг талаар харилцан мэдээлэл солилцлоо.  Таван толгой ХК энэ оны хагас жилийн байдлаар 2,7 сая орчим тонн нүүрс олборлоод байгаа бол  жилийн эцсээр нийтдээ 4 сая тонн нүүрс экспортлохоор зорьж байна” гэлээ.  Мөн цагаан хадны гаалийн бүсийг хааснаар борлуулалтад сөрөг нөлөө үзүүлж буйг   тэрээр онцолсон юм. Учир нь Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд орон нутгийн “Таван Толгой” ХК-ийн экспортод гаргаж буй нүүрс голчлон дамжин тээвэрлэгддэг бөгөөд өнгөрсөн онд 4,1 сая тонн нүүрс борлуулсны ихэнх нь гаалийн хяналтын бүсээр дамжжээ.  Мөн нэг машинд хийх хяналт шалгалтын хугацаа уртсаж 30-40 минутаар шалган нэвтүүлдэг аж.   Энэ замаар нийт 6000 жолооч нүүрс тээвэрлэдэг байна.

Таван толгой ХК сүүлийн 10 жилийн хугацаанд улс, орон нутгийн төсөвт 469 тэрбум 417 сая 206 мянган төгрөгийг төлжээ.

“Сoal mongolia” яг одоо  “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 

Ш.Адъяамаа