НЗДТГ-ын ажилтан А.Даваажаргал гэгчээс болж ”Номын баяр” хойшилжээ

Өнөөдөр хувиар ёсоор бол Сүх жанжны талбайд 22 дахь удаагийн номын баяр, “UB Book Fair” фестиваль болох байсан ч НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал гэгч эрх мэдэлтэн “Ерөнхийлөгчийн зарлиг надад падгүй” гэж том толгой гарган төв талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй ажээ.

Энэ долоо хоногт соёл, урлагийн ажилтны өдөр тохиож буй. Гэтэл номгүй соёл, номгүй урлаг  гэж юу байхсан билээ! Ардын уран зохиолчоосоо авхуулаад, Төрийн шагналтнууд, Соёлын гавъяатууд зэрэг зиндаа хамаарахгүй төв талбайдаа өөрийн биеэр номоо танилцуулж, уншигч олонтойгоо ойр дотно өнгөрөөдөг энэ баяраа тасалчихгүйн тулд Номын ертөнц ТББ-ын тэргүүн Б.Сувд, зохиолч Б.Шүүдэрцэцэг нар хэрэндээ  хөөцөлдсөөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дэмжлэгтэйгээр энэ сарын 22-23-ны өдрүүдэд номын баяраа зохион байгуулахаар болсон гэнэ.

Номын ертөнц ТББ-ын тэргүүн Б.Сувд хэлэхдээ, “Өдийг хүртэлх хугацаанд биднээс шалтгаалахгүйгээр саад бэрхшээл цөөнгүй тохиолдож байсан. Хамгийн гэгээлэг баярыг хийхэд хүртэл хөндлөнгөөс хааж боох, хавчих, хүнд суртал гаргадаг нь гайхмаар. Зарим жишээг хэлэхэд ч ичмээр. Төрийн албанд очсон зарим хүмүүс ажил хийж бүтээх гэсэн хүмүүст л садаа болох зорилготой сууж байдаг бололтой. Үүл даргын үед арай ч ингэж улаа эргэтэл талбайн зөвшөөрөл хүсч явсангүй” гэжээ.
“Ном бол нам биш” гэж нэрт яруу найрагч Ц.Чимэддорж агсан дэмий ч хэлээгүй байлтай.
Эх сурвалж www.wikimon.mn