“Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн ээлжит хурал боллоо

Монгол Улсын Засгийн газраас хилийн чанад дахь монгол иргэдтэй хамтран ажиллах тухай “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 18-ны өдөр Гадаад харилцааны яаманд  боллоо. Хурлаар  “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Ээлжит хурлын хүрээнд хилийн чанадад байгаа монгол иргэдийн суугаа орноосоо эх орныхоо хөгжид дэвшилд хувь нэмэрээ оруулах нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийн  бүртгэлийг сайжруулах, монгол хэл, соёлыг тээгч ард түмнүүдтэй соёлын харилцааг хөгжүүлэх, гадаадад өсч, төрсөн монгол хүүхдүүдэд хэл, соёлыг өвлүүлэх зэрэг асуудлаар гишүүд санал солилцож, цаашдын үйл ажиллагаагаа тодорхой болголоо. “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь БСШУСЯ, ХЗДХЯ, СЯ, БОАЖЯ, ХНХЯ, “Хилийн чанад дахь монголчуудын Зөвлөл” болон эрдэмтэн судлаачид, ТББ-ын төлөөлөлүүд багтдаг.  “Дэлхийн монголчууд” хөтөлбөр 2016-2020 онд хэрэгжих бөгөөд Засгийн газрын тогтоолоор батлагдсан үндэсний хөтөлбөр юм.