Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэллээ

Манай улсын хүн амын 34.6 хувийг залуучууд эзэлдэг. Хүн амын дийлэнх хувийг эзэлж буй залуучуудын хөгжил, оролцоог төрөөс дэмжих хэрэгцээ, шаардлага тулгарсан. Үүнтэй  холбогдуулан өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталсан юм. Тэгвэл уг хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэллээ.

Тус хууль нийт долоон бүлэг, 25 зүйлтэй бөгөөд төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тодорхой тогтоож, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.

Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих хуульд Монгол залуусын эрхэмлэх зүйлийг эрүүл, чадварлаг, бүтээлч, ёс зүйтэй, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх, нийтэд тустай санй дурын ажилд манлайлан оролцох, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох, амьдрах ухааны болон санхүүгийн мэдлэг, чадвар эзэмшиж, сахилга баттай байх, хэвлэл мэдээлэл, цахим орчинд бусдыг гутаан доромжлохгүй байх, эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэх хэмээн хуульчилсан байна.

Түүнчлэн тус хуульд залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлээр дараах зохицуулалтыг тусгажээ. Тодруулбал,  залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулах /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/

-Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах

-Залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах

-Оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах

-Залуучуудыг хөгжих орчин нөхцөлөөр хангах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах,

-Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/ 100 ба түүнээс дээш ажилтантай компани ажилтныхаа 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргах/

-Залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох,

-Сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамргадсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох

-Залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг залуучуудын хөгжил, ороцоог дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.