Д.Хаянхярваа: Ерөнхийлөгчөө хамтдаа огцоръё

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар утаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож агаарын бохирдлын асуудлыг шийдэхгүй бол УИХ-ыг тараах санаачлага гаргана гэж мэдэгдсэн билээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхийлөгчид хандан үг хэлэв.
Тэрбээр “Бид утааны асуудал хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхлаа.
Гурван удаа УИХ-ыг тараах тухай ярилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь санал болгосноор мөн ийм саналаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцсөнөөр тараана гэж заасан байдаг. Ерөнхийлөгч энэ хавраас эхлээд утаа арилахгүй байна гээд УИХ-ыг тараах тухай гудамжаар ярьж гүйх тухай ярилаа. Монгол төрийн тэргүүн ийм зүйл ярьж болохгүй. Дөргүй бух шиг явж байгаа төрийн зохион байгуулалтаас бид өнөөдөр салах цаг болсон. УИХ дээр орж ирээд шантааж маягийн зүйл яриад гараад явдаг. Үндэсний үйлдвэрлэгчид утааг арилгах арга замын талаар үзэсгэлэн гаргасан байхад тэнд ашиг хонжоо хайсан луйварчид байна гэж хэлчихээд гараад явлаа. Ингэж болохгүй. Ерөнхийлөгч та юм хийх гээд оролдож байгаа бизнес эрхлэгчдийг ямар нүдээр хараад байгаа юм бэ. Зөвхөн энэ хүнд хамааралтай, энэ хүнд таалагдсан хүмүүс л энэ төрлийн бизнесийг хийх ёстой болж байна уу. Эсвэл юу ч хийхгүй таг дуугүй сууж байх ёстой юм уу. Ингэж төрийн тэргүүн хүн төрийн хутгуур байдлаар яваад байгаа нь монголын ард түмэнд сайнаар нөлөөлөхгүй. Би ерөнхийлөгчид энэ үгийг хандан хэлж байна.
Утаатай холбоотой асуудлаар одоо УИХ-аар хэлэлцэж байгаа тогтоолын төсөлд нэмэх асуудлуудад Ерөнхийлөгчийн хэлсэн санаанууд туссан байсан.
Тэдгээр зүйлүүдийг нь бид хүлээж аваад баталчихад болно. Утаатай холбоотой асуудлаар улс төр, шоу хийдэг зүйл чинь хэрээс хэтэрлээ. Утаатай холбоотой асуудлаар хүмүүст хариуцлага үүрүүлэх ёстой гэвэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, олон удаа сонгогдсон гишүүд хамтдаа огцоръё. Хариуцлагаа хамтдаа үүрье. Бид 10 жилийн дотор үүнийг шийдэж чадах боломж байсан. Харамсалтай нь үүнийг хийж чадсангүй. Үүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, олон удаа сонгогдсон УИХ-ын гишүүд ч хамаатай. Олон түмэнд таалагдахын тулд утааг арилгахгүй бол та бүхэнд арга хэмжээ авна гэж ярьж байгаад гонсгор байна.
Утааны асуудлаар би маш тодорхой байр сууриа илэорхийлсэн. Хийх ажлаа тодорхой болгож төлөвлөгөөтэй ажилламаар байна.
Агаарын бохирдол, утааг бууруулахын тулд хэн нь юу хийх, ямар төсөв хөрөнгө зарцуулах вэ гэдэг маш тодорхой саналтайгаар цаашаа явах зарчмын тухай саналаа хэлсэн.
Түүнээс биш цаашдаа бие биенийгээ хүчээр далайлгах зарчмаар явж болохгүй. Засгийн газар утааны асуудлаар маш тодорхой байр суурь, маш тодорхой хуулийн төсөл, маш тодорхой шийдвэрээ гаргаад энэ хаврын чуулганд УИХ-д танилцуулах хэрэгтэй” гэлээ.

WWW.INDER.MN