Барак Обама хаана, юу хийж явна?

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама суудлаасаа буугаад хаана, юу хийж яваа бол. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 4-нд 56 насныхаа төрсөн өдрийг ойр дотныхныхоо хүрээнд тэмдэглэсэн билээ. Түүнээс албан ажлыг нь хүлээн авсан Доналд Трамп АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч нараас хамгийн доогуур рейтингтэй яваа бол Цагаан ордонд хоёр удаа суусан Барак Обамагийн талаар хүмүүс бараг мартжээ. Обамагийн 56 нас нь дэлхийн улс төрийн дүрмэнд бол идэр залуу шахуу. Тэрбээр Ерөнхийлөгчийн суудлаасаа буугаад хүмүүнлэгийн үйлст хүчин зүтгэхийг голчилж буй. Ингээд Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлаасаа бууснаас хойш хаана, юу хийж яваа талаар мэдээлэл хүргэе.
-Өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын таван экс Ерөнхийлөгч нийлэн сан байгуулсан. Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон, том Жорж Буш, Жимми Картер нар хар салхинд нэрвэгдсэн хүмүүст туслахаар “One America Appeal” гэх санг байгуулсан нь олны талархлыг хүлээсэн юм.

 

-2016 оны гуравдугаар сард Барак Обама АНУ-ын экс Ерөнхийлөгч нарын тэтгэврийн хэмжээг 2017 оноос эхлэн 17.9 хувиар нэмэх шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу Обамагийн жилийн тэтгэвэр нь 240 мянган доллар орчим. Үүн дээр олон тэтгэмж нэмэгдэнэ. Тэтгэврээс гадна экс Ерөнхийлөгчийн хүнснээс эхлээд тээвэр, шуудангийн гэх зэрэг олон зардлыг нь улсаас төлнө.
-Суудлаасаа бууснаас хойших эхний 30 сард Обамаг туслахуудаар хангахад нь мөн улсаас жилд 96 мянган доллар зарлагаджээ.

-Нууц алба одоо ч Обамаг хамгаалж байна. Одоогийн Ерөнхийлөгчийг хамгаалж байгаа шиг хүмүүс Обамаг хамгаална. 1997 оныг хүртэл АНУ-ын Нууц алба экс Ерөнхийлөгч нараа бүх насаар нь хамгаалдаг байсан бол одоо суудлаасаа бууснаас нь хойших 10 жилд хамгаалдаг болжээ.
-Тэргүүн хатагтай асан Мишел Обама мөн дээрх хамгаалалтыг авна. Гэхдээ нөхрөө солиогүй тохиолдолд.
-Обамагийн хүүхдүүдийг насанд хүртэл нь улс хамгаалах ёстой.
-Экс Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн гишүүд цэргийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлнэ. Үүнийг АНУ-ын Батлан хамгаалахын сайдын тусгай тушаалаар гүйцэтгэнэ.
-Обама нас барсан ч эхнэрийг нь төр хамгаалсан хэвээр байна.
-Экс Ерөнхийлөгч нас барсан тохиолдолд оршуулах ажлыг төрөөс зохион байгуулна. Гэхдээ 56 настай Барак Хусейн Обамагийн талаар ярихад энэ тухай дурдах нь илүүц биз ээ.
-Обама өнгөрсөн оны нэгдүгээр сарын сүүлчээр Доналд Трампт ажлаа хүлээлгэн өгөөд эхнэртэйгээ Францын Полинезия руу явж удаан хугацаанд амарсан билээ. Обама амралтаа тун идэвхтэй өнгөрүүлж, усан дээр гулгаж, тэмцээнд хүртэл оролцжээ. Тэрбээр АНУ руугаа буцах гэж яараагүй юм. Экс Ерөнхийлөгч алдарт “Virgin Group”-ийн эзэн Ричард Брэнсонтой хамт цагийг тун зугаатай өнгөрүүлсэн билээ.

-2017 оны гуравдугаар сараас Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн алба хашсан он жилүүдийнхээ талаар дурсамж бичиж эхэлжээ.
-2017 оны дөрөвдүгээр сарын 5-нд Обама Трампт ажлаа өгснөөсөө хойш анх удаа олны өмнө гарсан билээ. Тэрбээр залуустай хамтран ажиллаж байгаа талаараа ярьсан.
-Өнгөрсөн тавдугаар сард Барак Обама Конгресст хандан “Obamacare” гэх эрүүл мэндийн шинэчлэлийн хөтөлбөрийг нь цуцлахгүй байхыг уриалсан юм. Обама энэ хөтөлбөрөө Ерөнхийлөгчийн алба хашсан хугацаандаа хийж бүтээсэн том ажлуудынхаа нэг гэж үздэг.
-Өнгөрсөн наймдугаар сард Обама “Twitter” хуудсандаа Шарлоттсвиллд болсон мөргөлдөөний талаар жиргэсэн юм. Тэрбээр Нельсон Манделагийн хэлсэн алдартай үгийг жишээ татсан нь “Twitter”-ийн түүхэнд хамгийн олон лайкийг авсан билээ.


-Өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Лас-Вегаст буудалцаан болж 50 орчим хүн амиа алдахад Обама нас барсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн билээ.
-Дээрх явдлаас сарын дараа Техаст олныг хамарсан буудалцаан болж 26 хүн нас барахад Обама бусад гэр бүлийн хамт тэдний дурсгалыг хүндэтгэж, АНУ-д зэвсэг чөлөөтэй авч явдгийг хориглохыг шаардсан юм.
-Өнгөрсөн 12 дугаар сарын 8-нд Обама Чикагогийн Эдийн засгийн клубт илтгэл тавихдаа одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампын гадаад бодлогыг шүүмжилсэн юм. Тэрбээр Трампын засаглал дахь Америкийг 1930-аад оны нацист Германтай зүйрлэсэн билээ.
-Обама одоо Чикаго хотод есөн унтлагын өрөө, хэд хэдэн зочны болон угаалгын өрөөтэй эдлэндээ амьдарч байна.

Обама Балид сүм рүү явж байна.

Францад цагийг зугаатай өнгөрүүлж буй Обама.

Обамагийн гэр бүл Индонезид амрах үеэрээ Бали арлын Аюнг голоор зугаалж яваа нь.