БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 017 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр БХЯ-ны орлогч сайд, Барилгын цэргийн ерөнхий газрын дарга агсан Монгол Улсын гавьяат барилгачин, хошууч генерал Х.Жүгдэрнамжилын нэрэмжит Зэвсэгт хүчний 017 дугаар ангид ажиллалаа. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний төдийгүй улс орны томоохон бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулсаар яваа эл анги өнгөрсөн 7 дугаар сард 70 жилийн түүхт ойтойгоо золгосон юм.


Тус ангийн захирагч, хурандаа Ж.Баясгалан ангийнхаа үйл ажиллагааны тухай салбарын сайддаа дэлгэрэнгүй танилцуулж, өнгөрсөн жилүүдэд ямар бүтээн байгуулалтууд өрнүүлсэн талаар тайлагнав. Тухайлбал, 2017 онд л гэхэд Зэвсэгт хүчний хэд хэдэн анги, байгууллагын урсгал засваруудаас эхлээд цөөнгүй барилгын ажлыг зах зээлийн өртгөөс хямд төсөр хийгээд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн товлосон хугацаанд нь хүлээлгэн өгсөн аж. Үүнээс гадна 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар тус анги хугацаат цэргийн алба хаагчидтай болсон бөгөөд үүнтэй уялдуулж хугацаат цэргийн байр, цэргийн гал тогооны барилгыг өөрийн ангидаа сүндэрлүүлжээ. Тиймдээ ч тус ангийн анхдагч байлдагч нар тохь тухтай, эрүүл аюулгүй орчинд цэргийн албаа хааж байна. Мөн тэднийг алба хаах хугацаанд нь барилгын өргөн мэргэжлээр сургаж байгаа гэдгийг ангийн захирагч онцлов. Үүнээс гадна хугацаат цэргийн алба хаагчидтай болсноор барилгын талбарт ажиллах хүчин чадал, нөөц боломж нэмэгдэж буйг ч хэлж байна.


Эл ангийн хувьд одоогоор хугацаат цэргийн алба хаагчдын халуун ус, угаалгын газрын асуудал шийдэгдээгүй гэдгийг сайдад танилцуулсан бөгөөд сайд нэн шаардлагатай эдгээр барилга байгууламжийн асуудлаа зохих журмын дагуу шийдвэрлэх чиглэл өгөв. Дашрамд дурдахад, Батлан хамгаалахын сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ-ын зарим газар, хэлтсийн дарга нар ажилласан юм.

WWW.INDER.MN