Хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг хүргүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дангаар буюу төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт явуулах” гэж заасны дагуу гомдлын мөрөөр 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус компанийн “Сайн” ломбардийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв. Хяналт шалгалтын дүнд илэрсэн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Шаардлага хүргүүллээ. Тус Шаардлагад: “ТАЙГЫН БУЛАГ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ З.ЯНЖИВ ТАНАА

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дангаар буюу төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт явуулах” гэж заасны дагуу гомдлын мөрөөр 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус компанийн “Сайн” ломбардны ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийв.

Хяналт шалгалтын бүрэлдэхүүн тус байгууллагын эрх бүхий ажилтнуудаас тодруулга авах, дуу бичлэгийн болон гэрэл зургийн аппарат ашиглах, холбогдох бичиг баримт, материалуудыг гаргуулан авах, дүн шинжилгээ хийх зэрэг аргачлалаар хяналт шалгалтыг зохион байгуулав. Тус хяналт шалгалтын дүнд илэрсэн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу дараах Шаардлага хүргүүлж байна. Үүнд:

1.Тус байгууллагын дотоод журмын 8.1.1-д Зөрчлийн шинж, санаатай болон болгоомжгүй үйлдэл, хохирлын хэмжээ, ажилтан өөрөө гаргасан алдаагаа ухамсарлаж, засаж залруулж буй байдал, анхны удаагийн эсэхийг харгалзан үзэж шууд удирдах албан тушаалтан нь ажилтанд амаар сануулах, зөрчлийн акт өгөх зэрэг арга хэмжээ авахаар заасан байх бөгөөд үүнийг сахилгын төрөлд хамаарахгүй гэжээ. Энэ нь сахилгын шийтгэлийн шинжийг агуулж байх тул уг заалтыг хүчингүй болгох, хөдөлмөрийн сахилга, хариуцлага алдсан ажилтанд зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байх;

2.Мөн дотоод журмын 4.2.14-т “Ажилтан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд сургалтын төлбөр болох 550,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.”, Сургалтын гэрээний 4.1-т “Цаашид таван жилээс дээш хугацаанд тогтвортой ажиллах ажилтны сургалтын зардал 550.000 төгрөгийг компани бүрэн хэмжээгээр даана”, мөн гэрээний 4.2-т “Сургалтын явцад болон цаашид ажиллах таван жилийн хугацаанд суралцагч хувийн шалтгаанаар, гэнэтийн асуудлаар, мөн ажлын хариуцлага, ур чадвар, идэвхи санаачлага муугаас болж хөдөлмөрийн гэрээ цуцлахад хүрвэл сургалтын зардал 550.000 төгрөгийг бэлнээр төлснөөр ажлаас халагдана.” гэжээ.

Тус компани нь шинээр ажилд орж буй ажилтнуудтай үнэлээч-зээлийн мэргэжилтний ажлын мэдлэг, чадвар, арга барил эзэмшүүлэх, дадлага олгох сургалтын гэрээг байгуулж, төлбөрийг 550,000 тогтоож, тухайн ажилтан 5 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаагүй тохиолдолд сургалтын төлбөрийг ажилтнаас бүрэн гаргуулахаар заасан байх ба тус компани эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, сургалтад хамрагдсан гэх ажилтнуудад мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олгодоггүй байна.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болно.”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.” гээд мөн зүйлийн 15.7.6 дахь хэсэгт “мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах”, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь тусгай зөвшөөрөл авсан байх бөгөөд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хангаж, сургалтыг дагнасан буюу шаталсан хэлбэрээр зохион байгуулна.” гэснийг тус тус зөрчиж байх тул дээрх сургалттай холбогдох заалтуудыг хүчингүй болгох;

3.Ажилтнуудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2017 оны 11, 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн бичилт, баталгаажуулалт хийгдээгүй, зарим нийгмийн даатгалын дэвтэрт ажилд томилсон тушаалын тэмдэглэгээ хийгдээгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэснийг зөрчиж байх тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт, баталгаажуулалтыг сар тутамд тухай бүр хийж байх;

4.Олон улсын Хөдөлмөрийн байгууллага 1930 онд баталж, Монгол Улс 2005 онд соёрхон баталсан Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцийн 2 дугаар зүйлийн 1-т “…ямар нэг торгууль шийтгэл ногдуулахаар заналхийлж, аливаа иргэнээс өөрөө сайн дураар санал болгоогүй байхад шаардах аливаа ажил, үйлчилгээг хэлнэ” гэсэн тодорхойлолтод тулгуурлаж албадан хөдөлмөрийн шалгуур үзүүлэлтүүдийг гаргасан байх ба ажил олгогч нь ажилтны баримт бичгийг хураан авах, барьцаалах, ажилтан шаардлагатай үедээ бичиг баримтаа авч чадахгүй байх нь албадан хөдөлмөрийн нэг шинж болохыг тодорхойлжээ. Тус компани нь шинээр ажилд орж буй ажилтнуудын дээд боловсролын дипломыг хураан авч байгаа нь албадан хөдөлмөрийн шинжийг агуулж байх тул үүнийг таслан зогсоох, 7 ажилтны хураан авсан дипломыг буцаан олгох, цаашид уг зөрчлийг дахин гаргахгүй ажиллах шаардлагатай байна.

Энэхүү Шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор хариу мэдэгдэнэ үү. Хувийг гомдол гаргагчид.

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН Н.ГАНБАЯР” гэжээ.