“ОЮУТАН ЦЭРЭГ”-ҮҮДИЙН СУРГАЛТ ЭХЛЭХЭД БЭЛЭН…

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2014 оноос эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр 2017 оноос “Оюутан цэрэг” сургалт болж өргөжин өдгөө тав дахь жилдээ явагдах гэж байна. Цэргийн алба хаах хэлбэрт чухал шинэчлэл болсон энэхүү сургалт нь цэргийн насны оюутан залууст иргэний цэргийн үүргээ биелүүлж, суралцах хугацаандаа цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн алба хаах боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай юм. Мөн оюутан залуусыг цэрэг эх оронч үзэл хүмүүжилтэй, өв тэгш бие бялдартай болоход эерэгээр нөлөөлөхөөс гадна дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаагаараа ач холбогдолтой. Энэ жилийн “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 60 шахам их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутнуудаас журамд заасан болзол хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс цэргийн мэргэжил олгох танхимын хичээлд хамрагдахад бэлэн болсон бөгөөд өнөөдөр тус сургалтын нээлт болсон юм. Уг арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БХЯ, БСШУС, ЗХЖШ, ҮБХИС, Нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нар, оюутан залуусын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оюутан цэргүүдэд хандаж хэлсэн үгэндээ, “Энэхүү “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж, эр цэрэг болох хүсэл тэмүүллээр хүрэлцэн ирсэн оюутан залуус та бүхэндээ сургалтын богино хугацааг үр дүнтэй ашиглан, цэргийн эрдэмд шамдан суралцаж, эх орныхоо өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарласан, ирээдүйдээ итгэлтэй эр цэрэг, эх орны хүү болоорой” гэж тодотгоод сурлагын амжилт хүссэн юм.

 

Оюутан цэргүүд дөрөвдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 01-нийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад, зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ныг хүртэл “Цэргийн мэргэжлийн бэлтгэл”-д хамрагдана. “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт өнөө жил Ховд, Баянхонгор, Дорнод, Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн орон нутагт ч хэрэгжих юм.