Д.Цогтбаатар: Ажлаасаа таашаал авч байгаа хүн чөлөөтэй сэтгэж, хязгаарыг давна

“Marketing space Support”  уулзалт ярилцлагын зочноор Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уригдаж, гарааны бизнес эрхлэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчидтэй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн экспортод гаргах, гарааны бизнесээ хэрхэн ашигтай ажиллуулах  талаар ярилцсан юм. Түүний зөвлөгөөнөөс зарим онцлох хэсгийг  тоймлон хүргэж байна.

Онлайн бизнесийн босго бага ч өрсөлдөөн маш их гэдгийг сана

Сүүлийн үед интернэт орон зайд бизнес хийж байгаа хүмүүс амжилт олж, тэрбумтнуудын эгнээг тэлж байна. Үүнд хязгаар байхгүй. Би онлайн дэлгүүр нээх гээд найзуудтайгаа нэлээд хөөцөлдсөн ч Монголд амжилт олоогүй. Яагаад гэхээр Монголд хүргэлтийн үйлчилгээ байхгүй байсан. Гэтэл хүргэлт нь бие даасан бизнес болсон учраас хөрөнгө оруулалт хийхээр үндсэн бизнесээ хийх хөрөнгө дутах болсон юм. Онлайн бизнес маш амархан юм шиг бодож байгаа байх. Энэ бол маш хэцүү бизнес. Онлайн бизнесийн анхлан орох босго бага учраас өрсөлдөөн маш их байдаг.

Нэлээд хэдэн жилийн өмнө манай найз “whatsup” шиг чатын систем  хийж үзсэн юм. Солонгосын компаниас 20 сая долларын зээл хүртэл авч байсан. Тухайн үед анхлан санаачлагчдын нэг байхад манай найзын бизнес унаж байхад өөр залуусын бизнес амжилтад хүрсэн. Тэгэхлээр онлайн бизнес бол маш өрсөлдөөнтэй хэрнээ маш их мэдлэг, олон жилийн хөдөлмөр шаардсан ажлаас гадна аз шаарддаг. Зүгээр л интернэт бизнес хийгээд Марк Зукерберг шиг болохгүй. Зөв цаг хугацаанд зөв зах зээлд маш олон зүйл давхцаж байж сая Марк Зукерберг болох магадлалтай.

Эрсдэлтэй гэдгийг тооцох хэрэгтэй. Тухайлбал, хадгаламждаа байгаа бүх мөнгөө бизнест хөрөнгө оруулаад уналтад орлоо гэж бодоход хэдэн секундэд хэдэн тэрбумаар эргэлддэг зах зээлд тэр хүний шаталт статистикийн бүртгэлд ч орохооргүй жижиг асуудал байгаа юм. Гэтэл шатаж байгаа хүний хувьд байгаа бүх зүйлээ тавьсан гэж хэлэхэд болохоор маш том хохирол болно. Тэгэхээр хэмжээ хязгааргүй тоглоом руу орж байгаа гэдгээ бод. Үүнд өөрийн оруулж байгаа хувь нэмэр маш жижиг гэдгийг тооц. Онлайн бизнес бол хүнийг төөрөгдүүлж, хуурдаг гэж хэлж болно. Тийм учраас амархан бизнес биш, маш эрсдэлтэй. Долоон миллиардтай зах зээлд ямар ч хамгаалалтгүйгээр өрсөлдөж байгаа гэдгээ санаарай. Гэхдээ энэ бизнест хожвол маш том хождог. Бодлогоо нарийвчил.

Бизнес төлөвлөгөөгөө сайн бичиж, зах зээлээ судал

Социализмын үед бизнес төлөвлөгөөгөө сайн бичдэггүй байснаас бизнес нь унадаг байжээ. Тиймээс бизнес төлөвлөгөөгөө сайн бичиж, зах зээлээ судал. Тэгээд судалгаатай зөв бодлого гарга. Тодорхой хайрцгаас гарч байж бид өөрийн бүтээгдэхүүнээ гадаадад гаргах юм. Гэхдээ гарааны болон жижиг дунд бизнес Засгийн газраас тодорхой хэмжээний дэмжлэг авч байж урагшилна. Жижиг бизнесүүд зах зээл дээр өөрөө өрсөлдөөд бараа бүтээгдэхүүнээ экспортолно гэдэг маш хүнд асуудал гэдгийг санаарай. Монгол Улс 41 оронд дипломат төлөөлөгчийн газартай. Тэгэхээр та нар 41 түнштэй гэж бодож ажиллалаарай. Бид хүсэл биелүүлэгч биш учраас бүгдийг биелүүлж чадахгүй. Гэхдээ та нар хандаад үз. Бид чадахаараа дэмжинэ.

Ажлаасаа таашаал авч байгаа хүн чөлөөтэй сэтгэж, хязгаарыг давна

Ажилдаа стресстдэггүй, тайван, ажилдаа дарамтлагдаагүй, ажлаасаа таашаал авч ажиллаж байгаа хүмүүс чөлөөтэй сэтгэж, аливаа хязгаарыг давна. Энэ зуунд бүх мэдээллийг гэрлийн хурдаар авах боломжтой болсон байна. Бид жижигхэн байж болох ч дэлхийн бусад орнуудтай хөл нийлүүлэн алхаж явах боломж бий болсон гэдгийг санаарай.

Мөнгөөр харахад сайхан ашиггүй зүйлийг хэн ч хийж чадна. Гэхдээ…

Би нэг улсын зургаан одтой зочид буудалд буугаад гоё сайхныг гайхаж байхад манай найз энэ буудал сайхан нь ч сайхан. Үүний ард хэчнээн хүн шатаж, хохирол амссан гэж бодож байна гэсэн. Тэгсэн тухайн буудлыг бариулсан хүн улсдаа том хурал болохгүй гэдгийг тооцож чадаагүй барьсан байсан. Тухайн буудал харахад үнэхээр үзэмжтэй сайхан ч гэсэн цаана нь маш олон хүний нулимсан дээр боссон барилга байсан. Тиймээс мөнгөөр харахад сайхан ашиггүй зүйлийг хэн ч хийж чадна. Хамгийн гол нь үнэхээр сайхан зүйл бол харахад сайхан байхдаа бус, тухайн бизнесийг хийж байгаа хүмүүст орлого олох боломжийг олгож байгаа соёлт ертөнцийн ашигтай төслийг хэлнэ.

Монголчууд өндөр байшингаар гангараагүй, бид эрх чөлөөгөөрөө гангардаг

Монгол хүн бол боловсролтой, даруухан, хөдөлмөрч, худлаа ярьж, онгирдоггүй чанартай байх ёстой. Нэгэн жишээ ярья. Сайн малчны шагнал гардуулахаар нэг айлд очиход гэрийн эзэн “зудаар нэг ч мал алдаж үзээгүй. Манайх 1000 малтай байсан. Тэгтэл цаг уурын мэдээгээр цасан шуурга болохыг сонсоод малын идэш тэжээлээ харахад 500 малд хүрэхээр байсан юм. Тэгэхээр нь 500 гаруй малаа аваад хоёр тэмээтэй оторлоод сар орчим хугацаанд явсан. Гэхдээ би ядарч явсан ч хүний бэлчээрт малаа оруулаагүй гэсэн. Хоёр тэмээгээ зэрэгцүүлж хэвтээд дунд нь ороод унтдаг байсан” гэсэн. Өөр ямар үндэстэн ингэж чадах вэ. Ингээд бодохоор монгол хүмүүст гайхалтай ур ухаан байгаа.

Монгол хүн шиг эрх чөлөөтэй орон байхгүй. Монголчууд өндөр байшингаар гангараагүй. Бид эрх чөлөөгөөрөө гангарч байгаа юм.

эх сурвалж: IToim.mn

Гэрэл зургийг Б.Отгонбаяр