Сэтгүүлзүй судлаачид чууллаа

Сэтгүүл зүй судлаачдын “Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага” сэдэвт  үндэсний  IV симпозиум 3-р сарын 30-нд боллоо.  Тус симпозиумд сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачид  оролцож, цахим сэтгүүлзүйн хөгжилтэй холбоотой салбарын тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм.

Энэхүү симпозиумыг МУИС, ХУИС, МУБИС, “Улаанбаатар Эрдэм-Оюу” Дээд сургууль хамтран зохион байгуулж,  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо дэмжиж оролцлоо.

МУИС-ийн ШУС-ийн багш оюутны хөгжил, нийгмийн ухааны салбар хариуцсан Дэд захирал, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ “Интернэт орчин, сэтгүүл зүй, боломж”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн СМТТ-ийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа “Технологийн эрин үе дэх хэвлэл мэдээлэлд тулгарч буй сорилт, тулгамдсан асуудлууд”,  МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар “Дижитал эрин үеийн сэтгүүл зүй, баримтлах зарчмууд”, ХХЗХ-ын мэргэжилтэн Т.Батболд “Онлайн контентын олон улсын зохицуулалтын орчин”  сэдвээр тус тус илтгэл тавив.

“Цахим эрин дэх Монголын сэтгүүлзүй, өнөөгийн байдал, асуудал” сэдвээр “Медиа” группийн ерөнхий продюссер Ж.Хулан модератороор, “Максима медиа” ХХК, РТМУС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, доктор С.Дэлгэрмаа, “Глоб интернэшнл” ТББ-ын судлаач Ц.Мөнхжин, Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг нар панелистаар оролцлоо.

 “Цахим эрин дэх Монголын сэтгүүлзүй, хөгжлийн гарц, боломж” сэдвээр панел хоёрдугаар хэсэг үргэлжилж  “Медиа” группийн ерөнхий продюссер Ж.Хулан модератороор, “Ikon.mn” сайтын ерөнхий редактор Ч.Болортуяа, МУБИС-ийн Сэтгүүзүйн тэнхимийн багш, доктор С.Амартүвшин, Отгонтэнгэр ИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, доктор  Х.Энхтуяа, “Ил тод байдал сан” ТББ-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав нар панелистаар оролцсон юм.

 

 

 эх сурвалж: INDER.mn