Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлснийг үгүйсгэлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп нарын анхны дээд хэмжээний уулзалт өчигдөр Финляндын нийслэл Хельсинк хотод болж өндөрлөлөө. Тэд нэг цаг 30 минут уулзана гэж төлөвлөж байсан ч энэ удаагийн уулзалт нь хоёр цаг гаруй хугацаанд үргэлжиллээ. Трамп болон Путин нар нүүр тулсан ярилцлагыг зөвхөн орчуулагчдын хамт хаалттай хийсэн. Тэд  хоёр улсын харилцааны асуудлаас гадна, Ойрхи Дорнодын асуудал болон “Хойд Урсгал-2” төслийн талаар хэлэлцсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины  хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Хаалттай хаалганы цаана хоёр цаг уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр орой уулзалтынхаа дараа  хамтарсан хэвлэлийн бага хурал хийн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Хэвлэлийн бага хурлыг нээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хаалттай уулзалтыг үр дүнг “Маш сайн эхлэл боллоо” хэмээн дүгнэсэн.  Мөн Трамп хөлбөмбөгийн ДАШТ-ийг ОХУ маш сайн зохион байгуулсанд Владимир Путинд баяр хүргэсэн юм.

Трамп “Бидний харилцаа урьд өмнө байгаагүй хэмжээнд муудаад байсан ч дөрвөн цаг орчмын өмнөөс эрс өөрчлөгдлөө” хэмээн онцолсон.

Түүнтэй зэрэгцэж зогссон Путин хоёр орны харилцаа хэцүү түвэгтэй үедээ байгааг хүлээн зөвшөөрч, уулзалтын үеэр сансрын зэвсэглэлээс эхлээд Сирийн хямралыг төгсгөл болгох хүртэл олон сэдвээр ярилцсанаа мэдээлсэн.

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Кремлиэс нөлөөлсөн гэх асуудлыг Путин няцааж, Дональд Трамп түүнийг нь хүлээн зөвшөөрчээ.

“Ерөнхийлөгч Путин уг асуудлыг эрс, хатуу няцааж байгаагаа өнөөдөр илэрхийллээ. Тэр Орос улс ингээгүйг батлан хэлсэн. Би ч гэсэн тэдэнд ингэх ямар нэг хэрэгцээ байгааг олж харахгүй байна” гэж Трамп хэллээ.

Трамп бас сонгуульд нөлөөлөх гэсэн Оросын явуулгыг шалгаж байгаа тусгай прокурор Роберт Мюллерын ажиллагааг “гамшиг” гэж нэрлэжээ.

“Энэ шалгалт бол манай улс оронд тохиосон гамшиг юм. Энэ биднийг хагаралдуулж, талцуулж байна. Ерөнхийлөгч Путин үүний цаана Орос улс байгаагүйг хэллээ. Би түүний үгэнд итгэж байна” хэмээн Трамп хэлсэн байна.

Харин Путин 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трампыг ялаасай гэж хүсэж байснаа энэ үеэр хэлсэн боловч түүнд ямар нэг туслалцаа дэмжлэг үзүүлсэн эсэхийг нь асуухад хариулалгүй өнгөрсөн юм.

Эцэст нь Ираны цөмийн хэлэлцээрээс гарах Трампын бодлого санааг нь зовоож байгааг Путин хэлсэн байна.

“Манай хоёр орон бүх асуудлаар санал нийлэхгүй байгааг хэлмээр байна. Гэвч дэлхий нийт биднийг хамтраасай гэж хүсэж байна. Бид бол цөмийн зэвсэгтэй хамгийн том хоёр гүрэн. Бид нийт цөмийн зэвсгийн 90 хувийг эзэмшдэг. Гэтэл бид зөрчилтэй байгаа нь муу хэрэг” гэж Трамп ярьжээ.

Путин “Хоорондын харилцааны талаар, дэлхий нийтийн эмзэг асуудлуудын талаар бидний ярилцах цаг нь болсон” гэж хэлсэн байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр Путин Трампд Хөлбөмбөгийн ДАШТ-2018-ын бэлгэдэл болсон бөмбөгийн бэлэглэсэн бөгөөд Трамп “Энэ бөмбөгийн 12 настай Баррон хүүдээ бэлэглэн болно” хэмээн хэвлэлийн бага хуралд оролцож байсан Меланья Трампд бөмбөгөө өгсөн юм.

Хоёр гүрний тэргүүн нарын оролцсон хэвлэлийн бага хурал нэг цаг үргэлжилсэн юм.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаас гадна Хельсинк хотод ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн департаментын дарга Майк Помпео нар уулзсан байна.

Хельсинк хотод мөн өчигдөр АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон байна.

Трамп, Путин нарын анхны дээд хэмжээний уулзалтын өмнө энэхүү уулзалтыг ирэх есдүгээр сард болох Москва хотын даргын сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр зохион байгуулна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн. Уулзалтаар Дональд Трамп хоёр орны харилцааг сайжруулахыг зорьхыг зэрэгцээ зэвсгийн өрсөлдөөн хяналтаас гарч эхэлсэн талаар ярилцахаар төлөвлөсөн тухай гаднын хэвлэлүүд мэдээлж байсан юм.

АНУ-ын Хууль зүйн яамнаас 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр оросууд хөндлөнгөөс оролцсон хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд Оросын 12 тагнуулчийг өнгөрсөн Баасан гаригт баривчилсан.  Гэсэн хэдий ч Оросын тал энэхүү дээд хэмжээний уулзалт болно гэж мэдэгдсэн бөгөөд Кремлийн зөвлөгч Юрий Ушаков “АНУ, Оросын харилцаа маш муу байна. Харилцааг сайжруулах тал дээр ажиллах нь зүйтэй” хэмээн хэлж байсан юм.

Г.ДАША