Эрээн хотод зохиогдсон үзэсгэлэн худалдааны сониноос

Монгол, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны чуулга уулзалтын хүрээнд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, “Эрээн хотын олон улсын хурал, үзэсгэлэнгийн төв”-д таван өдөр амжилттай үргэлжлэн өндөрлөсөн билээ. Үзэсгэлэн худалдаа нь A, B, C, D гэсэн дөрвөн танхимд хуваагдаж явагдсан ба Хятадын муж, хотуудын Засгийн газар болоод Тайвань танхим, Хятадын орон нутгийн гаралтай, нэрт, шилдэг бараа бүтээгдэхүүний танхим, эрчим хүчний шинэ эх үүсвэр, хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологийн танхим, тус тусын улсын онцлогийг илтгэсэн нэрт, шилдэг бараа бүтээгдэхүүний олон улсын танхимд дэлгэгдсэн юм.

Үзэсгэлэн худалдааны танхимын нийт талбай 24000 м.кв бөгөөд 650 павильоноор 700 орчим аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлжээ. Механик тоног төхөөрөмж, цахилгаан тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүн, үндэсний гар урлалын эдлэл, гэрийн тавилга зэрэг 9 төрлийн 100 орчим зүйлийн бүтээгдэхүүн тэнд тавигдсан байв.

Үзэсгэлэн худалдааны танхимд чуулга уулзалтад оролцож буй Хятад, Монгол, Оросын бүтээгдэхүүнээс гадна, Солонгос, Пакистан, Тайланд, Непал болон бусад улс орнуудын бараа бүтээгдэхүүн ч толилуулагдаж байлаа.

Ингээд Эрээн хот дахь үзэсгэлэн худалдаанд оролцож буй Монголын зарим төлөөлөгчидтэй уулзаж, бичил тодруулга авснаа сонирхуулья.

-Намайг Цэндийн Мөнхжаргал гэдэг. Би химийн инженер мэргэжилтэй хэдий ч хоббигоороо юм оёдог байсан бөгөөд одоо түүнийгээ өөрийн амьдралын бүтээлч үйл ажиллагаа болгоод удаж байна.

-Хэдэн оноос оёдол хийж эхэлсэн бэ?

-Ер нь бүр бага, хүүхэд байхдаа л үйл урладаг байсан. Харин сүүлийн зургаан жил оёдлын ажлаа дагнан эрхэлж байгаа. Эхлээд үндэсний хувцас, дүрэмт болон ажлын хувцас оёж байгаад сүүлд нь Өвөрмонголчуудын сонирхолд нийцсэн монгол үндэсний хувцас дагнан урлаж байна.

-Өвөрмонголчууд таны бүтээлүүдийг хэр сонирхож байна одоо?

-Өнөөдөр гэхэд, үзэсгэлэн нээгдээд удаагүй байгаа хэдий ч би хоёр дахь том дээлээ зарчихаад сууж байна. Сая бас нэг хүүхдийн дээл зарлаа.

-Таны энэ дээлүүд үзэсгэлэн дээр ямар үнэ ханшаар худалдаалагдаж байгаа вэ?

-Том дээлүүд нь 1500-1800 юань, хүүхдийн дээл 480 юань гээд, бөөнөөр авахаар бол ялимгүй бууруулаад өгч байна. Эдгээр дээлүүдийг манай монголчууд ч бас их сонирхдог. Одоо халхад юу өмсөж байна вэ гээд эндхийн өвөрмонголчууд сонирхон асуугаад байгаа.

-Өөрсдөө загвар, хэмжээгээ өгчихвөл Улаанбаатарт ч бас оёулаад авч болох юм байна, тийм үү?

-Тэгж болно, гэхдээ би ихэнхдээ захиалгад түүртээд их зав муутай байдаг.

Танай Улаанбаатар дахь байршил хаана вэ?

-Манайх Сансрын туннель дээр байрладаг.

Баянгол дүүргийн оршин суугч Адьяадорж:


–          Би бол чөлөөт уран бүтээлч хүн. Арьсан урлал хийгээд бараг 10-аад жил болж байна. Энэ үзэсгэлэн худалдаанд гурав дахь удаагаа оролцож байна. Өвөрмонголчууд ихэд сонирхож байгаа хэдий ч арьсан дээрх зураг үнэтэй байдаг болохоор одоохондоо харзнах маягтай байгаа.

Үзэсгэлэн дуусах дөхөхөөр худалдан авалт их хийгддэг болохоор хүлээгээд л байж байна. Харин жижиг арьсан эдлэлүүдийг сонирхон, худалдан авч байгаа.

–          Намайг Мөнхтөмөр гэдэг. Нарантуул худалдааны төв дээр олон жил наймаа эрхэлж байгаа. Олон улсын үзэсгэлэн худалдаанд жилдээ нэг удаа оролцдог.

–          Морины хэрэгслээр хэдийнээс дагнав?

–          Ер нь бараг 20-30 жил зарж байгаа. Энэ морины нэмнээг гэхэд, өөрсдөө даавуугаа аваад урладаг. Арьс сурыг ч өөрсдөө элдэж хазаар, ногт болон бусад суран бүтээгдэхүүнүүдээ хийж байна. Манай “Алтан хийморь” компани бас арьсан жижиг, том эмээл үйлдвэрлэдэг.

KHMCH компанийн менежер Биби:

– Манай компани үзэсгэлэн худалдаанд байнга идэвхтэй оролцдог. Энэ жил Манжуурт гэхэд, маш амжилттай оролцож, орлого гүйлгээ ч их хийгдсэн. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 100 гаруй гуталтай ирэн оролцож байна. Өнөөдөр үзэсгэлэн нээгдээд удаагүй байгаа хэдий ч наймаа “хагараад” сэтгэл өндөр байна /инээв/.

Манай компани үзэсгэлэн худалдаанд голдуу өвлийн гутлаар оролцдог. Улаанбаатар хотод Драгон төвийн ард үйл ажиллагаагаа явуулж байна. 20 гаруй ажилтантай гутлын үйлдвэр ажиллаж, Нарантуул, Хархорин захуудаар бүтээгдэхүүнээ борлуулдаг. Өөрсдийн хүссэн хэмжээ, загвараар захиалга гутал бас урладаг.

”Уран хүлэг” салоны дэд захирал Үүрцайх:


–          Манай үйл ажиллагаа Улаанбаатар хотод Дүнжингарав худалдааны төвийн 101-р лангуун дээр явагддаг. Бид МҮХАҮТанхимаас зохиогддог үзэсгэлэн худалдаануудад идэвхтэй оролцож байгаа.

Манай компани үйл ажиллагаагаа эхлүүлээд гурав дахь жилдээ явж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаанд хоёр дахь жилдээ буюу Эрээн хотод гэхэд, зургаа дахь удаагаа оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа амралтын өдрүүд таарсан болоод ч тэрүү, өмнөхөөс илүү олон худалдан авагчидтай байна. Манай дээлүүдийг өвөрмонголчууд ихэд сонирхож байгаа.

Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: ZINDAA.MN