Аялангаа эмчлүүлэх боломжтой ШУУД нислэгт үзэсгэлэнт ПУСАН хотоор …

Монголчууд олон улс орны, үзэсгэлэнт газрууд руу шууд нислэгтэй болсноор аялал жуулчлалаар явах нь ихсэж байна.

Үүний нэг жишээ нь, БНСУ-ын далайн эргийн Пусан хот руу хоёр жилийн өмнөхөн шууд нислэгтэй болсон явдал юм. Энэ нь Монголчуудад Сөүлээс өөр хотоор аялах таатай нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Тиймээс ч шууд нислэгтэй болсноос хойш Пусан-Улаанбаатар хоорондын аялагчдын тоо жилээс жилд байнгын өсөлттэй байгаа аж.

Бид саяхан БНСУ-ын хоёр дахь том хот Пусанд ажил хэргийн аялал хийж, тус хотын үзэсгэлэнт байгаль, хөгжил дэвшилтэй танилцлаа. Ингээд БНСУ-ын аялал жуулчлалын төв хотын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе.

Далайн эргийн Пусан хот

БНСУ-ын нийслэл Сөүл хотын дараа орохуйц эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлалын төв бол Пусан хот юм. Далайн тээвэр, худалдаа өндөр хөгжсөн тус хот нь 796.89 км2 нутагтай, одоогоор 3.5 сая орчим хүн амтай. Жилд 5 сая жуулчин хүлээн авдаг байна.

Жуулчид тус хотод ирснээр далайн эрэг дээр амарч, зугаалж, байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж, Солонгосын түүхэн дурсгалт газрууд болон соёлтой нь танилцаж, үндэсний амтат хоолыг зооглож, хөлөг онгоцоор зорчиж, шөнийн Пусаныг тольдох гэх мэт олон сонирхолтой зүйлсийг хийж, үзэх боломжтой юм.

Тус хот нь олон улсын хэмжээний хөрөнгө оруулагчид, гэрээ хэлэлцээр хийх сонирхолтой хүмүүсийн дунд халуун цэг болж алдаршсан байна.  Мөн 2017 оны Нью-Йорк Таймс сониноос гаргасан мэдээллээр Пусан хот зайлшгүй үзэх ёстой 52 хотын жагсаалтад багтжээ.

Ингээд Пусан хотод үзэж болох онцлох газруудыг сонирхуулъя.

Пусан кино театр

Энэхүү том байгууламж нь Пусан хотын кино үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээний иж бүрэн цогцолбор юм. Уг цогцолборын дээвэр нь хөлбөмбөгийн талбайгаас 2.5 дахин том бөгөөд Гиннесийн рекордыг “дэлхийн хамгийн том 40,000 төрлийн LED гэрэлтэй дээвэр” гэдгээр эвджээ.

Сунду далайн эргийн “Скайволк” цогцолбор

Энэхүү шилэн гүүр нь Пусан хотын бахархалуудын нэг юм байна. Шилэн гүүрийг 2012 онд барьж дуусан, дараа жил нь ашиглалтад оруулжээ. Гүүрэн дээр зогсоод эгц доошоо харах юм бол далайн ус хадан хавцлыг хүчээрээ хэрхэн цохиж байгааг олж харна.

Түүнчлэн гүүрний хажууханд байрлах шилэн хана, шалаар тоноглогдсон агаарын кабель машинаар далайг хөндлөн туулж, байгалийн үзэсгэлэнг тольдох боломжтой.

“Haeundae” далайн эрэг

Haeundae  далайн эрэг нь 1.4 км урт , 64 м өргөнтэй, БНСУ-ын хамгийн том далайн эрэг юм байна. Энэхүү далайн эргийн элс нь амарч тухлахад таатай байдгаараа алдартай юм. Мөн энэхүү далайн эргийн эргэн тойронд 300 гаруй кафе, ресторан, зочид буудал байдаг аж.

Diamond гүүр

Энэхүү гүүрийг усан онгоцны аялал хийж байх үед тод томруунаар харах боломжтой.  7.4 километр үргэлжлэх тус гүүр нь Солонгос улсын хамгийн том далай дээгүүрх хоёр давхар гүүр гэдгээрээ алдартай юм. Гүүрний бүтээн байгуулалтыг долоон жил барихаар төлөвлөсөн ч байгалийн хүчин зүйлээс шалтгаалан гурван жилээр хойшилжээ. Мөн гүүр ашиглалтад орсноор замын түгжрэлийг бууруулахад маш том үүрэг гүйцэтгэсэн талаар албаны хүмүүс ярьж байлаа.

Ийнхүү Пусан хотоор аялж байх хугацаанд үнэхээр аялал жуулчлалын салбартаа гоц анхаарал хандуулдаг болох нь илт харагдаж байв. Жилдээ сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан манай улс энэ жижиг хотоос үлгэр дуурайлал авах хэрэгтэй санагдана.

Эрүүл мэндийн аялал жуулчлалаар тэргүүлэх зорилготой Пусан

Сүүлийн үед Солонгосчууд эрүүл мэндийн салбараа олон улсад ихээр сурталчлах болж, үүнийгээ бүр Солонгост ирэх нэг шалтгаан болгож, аялал жуулчлалын хэлбэр болгон хөгжүүлж байна.

Тухайлбал, Пусан хот Азийн эрүүл мэндийн аялал жуулчлалын тэргүүлэгч хот болох зорилго тавин ажиллаж байгаа юм. Тус хотод зөвхөн эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, байгууллагуудыг нэгтгэсэн бүтэн дүүрэг байдаг аж. Дүүргийн нэрийг Сомён гэдэг. Тус дүүрэгт 230 гаруй эмнэлэг, 270 гаруй үсчин, гоо сайхны байгууллага төвлөрсөн байдаг байна. Энэ нь дэлхийн хамгийн том эмнэлэг, гоо сайхны цогцолбор газар аж. Мөн энэ жил тус дүүргийн 10 жилийн ой тохиож байгаа гэнэ.
Аяллын үеэр бид эрүүл мэнд, аялал жуулчлалын дүүрэгт очиж  зарим голлох эмнэлгүүдтэй нь танилцлаа.

MEDI CHECK

Энэхүү эмнэлэг нь 1964 онд байгуулагдсан бөгөөд оношилгоо шинжилгээгээрээ БНСУ-даа шилдэг 15-д багтдаг гэнэ. Улсдаа 10 гаруй салбартай.

Хэт авиан болон СТ, MRI, PET-CT оношилгоо, эрэгтэйчүүдийн хорт хавдрын 5 төрлийн генетик үзлэг, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 11 төрлийн генетик үзлэг, бүх төрлийн нарийвчилсан дуран авиан шинжилгээ гэх мэт олон төрлийн үзлэг шинжилгээг нэг дор хийдэг. Эрүүл мэндийн аяллаар ирсэн үйлчлүүлэгчийн үзлэгийг нэг шөнө, 2 өдрийн дотор хийдэг. Мөн үйлчлүүлэгчийн тав тухыг хангах үүднээс тусгай зэрэглэлийн зочид буудлын люкс өрөөнд байрлуулдаг. Үнийн хувьд Сөүлийн эмнэлгүүдээс 30 хувиар хямд байдаг талаар эмнэлгийн удирдлагууд онцолж байв.

LINE UP DENTAL CLINIK

Энэ бол гоо сайхны мэс засал, шүд эрүү нүүрний гажиг заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг.  Тус эмнэлэгт жилд 2,000 орчим мэс засал хийгддэг байна. Бидний мэдэхээр БНСУ гоо сайхны мэс заслаараа дэлхийд алдартай. Тус эмнэлэгт хийсэн мэс заслууд бүгд амжилттай болж, үйлчлүүлэгчид сэтгэл дүүрэн гардаг байна. Мөн Line Up эмнэлгийн шүдний эмчилгээ Сомён дүүргийн хамгийн сайнд тооцогддог гэнэ. Сонирхуулахад, тус эмнэлэг өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотын Шүд, эрүү нүүрний төвд Алсын зайн оношилгооны төвөө нээжээ.

“Есдүгээр сард Солонгос эмч нар Монголд үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийнэ”

Пусан хот энэ чиглэлээр манай улстай ямар холбоотой ажиллаж байгаа талаар тус хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг хариуцсан мэргэжилтэн Жу Сан Ён-с тодруулахад “Пусан болон Улаанбаатар хот хоорондын эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр бид ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа.

Өнгөрсөн гуравдугаар сард Пусаны эрүүл мэндийн аялал жуулчлалын төвөө Улаанбаатар хотод байгуулсан. Мөн Пусаны Line Up шүд, гоо сайхны эмнэлгийн алсын зайн оношилгооны төвийг Монголын шүдний нэгдсэн төвд байгуулсан.

Энэ есдүгээр сард нийт 60 гаруй эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн Солонгос эмч нарын баг бүрэлдэхүүн Монголд очиж үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө, эмчилгээ хийхээр төлөвлөж байна. Ирэх жил илүү өргөн хүрээнд ажиллахын тулд эмч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид ажиллана. Цаашид сайн үйлсийн аяныг Монголд жил бүр зохион байгуулахаар бид төлөвлөж байна” гэв.

Пусан хотод 362 монгол иргэн амьдарч байна

Аяллын төгсгөлд Монгол Улсаас Пусан хотод суугаа консулын газарт очлоо. Консулын газар нь 2016 оны нэгдүгээр улиралд үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

  • 2016 онд 4,908 гадаад иргэнд виз олгож, улсын төсөвт 78,2 сая вон,
  • 2017 онд 9219 гадаад иргэнд виз олгож, улсын төсөвт 158,4 сая воны орлого төвлөрүүлсэн талаар дэд Консул  Я.Чинзориг онцолсон юм.

Мөн Консулын газар нь Пусан, Хойд Кёнсан, Өмнөд Кёнсан, Өмнөд Чолла зэрэг мужид оршин сууж буй Монгол Улсын 3,547 иргэнд үйлчилгээ үзүүлдэг юм байна.  Одоогийн байдлаар Пусан хотод 362 монгол иргэн амьдарч байгаа аж.

Пусан хотод амьдарч буй Монгол иргэн Н.Буянхишиг “Би Пусан хотод сурч амьдраад 9 жил болж байна. Анх энд хэлний бэлтгэлээр ирж байсан, одоо докторын зэрэгт сурч байна.

Солонгос улсад сурахын давуу тал нь ажил хийгээд бие дааж амьдрах нөхцөл бүрдсэн гэж бодож байна. Мөн сурч байх хугацаандаа амжилттай сурах юм бол тэтгэлэг, хөнгөлөлт олгодог, үнэгүй сурах боломж ч байдаг.

Мөн Пусанд Монгол консулын газар үйл ажиллагаагаа эхлүүлээд 2 жил болж байна. Энэ нь амьдарч байгаа Монгол иргэдэд их тус дэмтэй, ойр санагддаг. Монгол үндэсний баяр наадмыг Монголчуудтайгаа цуг тэмдэглэх гэх мэт олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулсан” хэмээн ярив.