Энэ намар Дуурийн театрт үзэх СОНГОДОГ БҮТЭЭЛҮҮД

Ази тивд цорын ганц “Сонгодог театр” гэгдэх Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр анх 1950 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр өрх тусгаарлан, тусгаар тогтносон түүхтэй.

Өдгөө Монголын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 68 жилийн ой, 56 дахь тоглолтын нээлтээ 2018 оны аравдугаар сарын 07-ны өдөр 17:00 цагт дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлийн дээжсээс бүрдсэн Open in Gala сонгодог тоглолтоор хийх гэж байна.

Мөн дэлхийн шилдэг дууриудын нэг Ж.Бизе “Кармен” дуурийг аравдугаар сарын 13-нд /2018.10.13/, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг аравдугаар сарын 14-нд /2018.10.14/ үргэлжлүүлэн тоглоно.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 2018-2019 он буюу 56 дахь тоглолтын улиралдаа хүүхэд багачуудад зориулсан уран бүтээл, арга хэмжээг түлхүү тавьжээ. Улирлын нээлтийн үеэр тус театраас төрж гарсан үе үеийн уран бүтээлчид, уран бүтээлийн тухай түүхэн үзэсгэлэнг гаргахаар бэлтгэж байна.

Шинэ улиралд А.Бородин “Игорь ван” дуурь, Л.Минкус “Баядера” балет, Д.Эрдэнэбаатар “Баавгай дуулах уу” хүүхдийн дуурь, Морозов “Ай ёо доктор” хүүхдийн балет зэрэг уран бүтээлүүдийг шинээр болон сэргээн тоглохоор төлөвлөснийг дуулгая.