Төв аймгийн Сүмбэр сумын урлагийн дугуйлангийн сурагчид Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад зочлов

Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх хүүхдийн урлагийн дугуйлангийн сурагчид Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад зочилж уран бүтээлчидтэй  хамтарч бүжгийн эрдмээс уралцаж нэг өдрийг өнгөрүүллээ.

Монголын их урлагт шилдэг уран бүтээлч, алдартан гавьяатнуудын хүчирхэг эгнээг бий болгож батлан хамгаалах, Зэвсэгт хүчний эгнээнээс XX,XXI зууны урлагийн нэрт зүтгэлтнүүдийг төөрүүлсэн эрхэм гавьяаны тод илэрхийлэл болсон  86 жилийн түүхтэй Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын  үйл ажиллагаатай танилцан уран бүтээлчидтэй бэлтгэл сургуулилт  хийн зөвлөмж авлаа. Мөн тус чуулгын алтан тайзан дээр тэд урлагийн тоглолтоо Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон БХЯ, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдэд тоглож сонирхууллаа. Төв аймгийнхаа хамгийн хүн ам цөөтэй жижиг сум хэдий ч урлагийн өндөр авьяастай мундаг хүүхдүүд төрөн гарч байгаад Батлан хамгаалахын сайд баяртай байгаагаа илэрхийлэн хүүхдүүдийн цаашдын  тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүссэн юм.

Сүмбэр сумын урлагийн дугуйланг  сумын соёлын төвийн дууны багш  2007 онд  байгуулж байсан бөгөөд  улс аймгийн чанартай уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож иржээ. Дугуйланд өнөөдрийн байдлаар 40 гаруй хүүхэд хамрагддаг бөгөөд тэд мэргэжлийн бүжгийн багш байхгүй хэдий ч өөрсдийн сонирхол авьяас чадвараараа бэлтгэл сургуулилтаа хийн улам амжилт гаргахын төлөө улам хичээх болно гэдгээ энэхүү өдөрлөгийн үеэр ЦДЫЭЧ-н уран бүтээлчдэд ярьж байсан юм. Сүмбэр сумын  соёлын төвийнхөн ч  манай  соёлын төвөөс алдар цуутай уран бүтээлчдийн урлагийн гараа эхэлдэг тул дугуйлангийн хүүхдүүдээ дэмжин ажилладаг гэж байлаа.

Авьяаслаг энэ багачууд  энэ жил  хүүхдийн урлагийн “Яргуй-2018” наадмийн бүжгийн төрөлд мөнгөн медаль, ахлах анггийн сурагчид нь 5-р байр эзэлсэн амжилтыг гаргасан байна. Мөн суман орон нутагтаа зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдэд оролцож өөрсдийн уран бүтээлээсээ өргөн барьдаг байна.