МОНГОЛ МОРЬДЫН ЭР ЗОРИГ, ХҮЧ ЧАДАЛ ДЭЛХИЙД ДАХИН ГАЙХАГДАНА.

Монгол Улсын Зэвсэгт хүчин анх удаа “Аравт” нэртэй морин цэргийн уралдааныг энэ сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү уралдааныг цаашид жил бүр зохион байгуулах төдийгүй ОХУ-аас санаачлан зохион байгуулдаг олон улсын цэргийн наадмын нэгэн төрөл болгож эх орондоо зохион байгуулахаар зорьж байгаа юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын цэргийн наадамд дэлхийн 33 орныг хамруулан Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын дунд энэ жил 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулсан. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 3 төрлийн тэмцээнд оролцож ирсэн юм. Харин ирэх жилүүдээс олон улсын цэргийн наадамд оролцох төрлөө нэмэгдүүлэхээр зорьж байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын Монгол Улсад морин уралдааныг зохион байгуулах санал тавьсаныг үндэслэн ийнхүү “Аравт” нэртэй морин цэргийн анхдугаар тэмцээнээ зохион байгууллаа. Уг тэмцээнд эхний удаа Зэвсэгт хүчний 232, 032 дугаар ангийн гурван аравт оролцлоо. Тэмцээнийг Төв аймгийн Алтан булаг, Аргалант сумдын нутаг, Хустайн нурууны байгалийн цогцолбор газар болон Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн материаллаг баазыг түшиглэн нийт 138 юм замыг 4 цэгт өртөөчлөн зохион байгууллаа. Тэмцээний дүн гарч Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн нэгдүгээр аравт тэргүүн байрыг эзэлсэн бол, ЗХ-ний 032 дугаар ангийн аравт дэд байр, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн 2 дугаар аравт гутгаар байрыг тус тус эзэллээ. Морин цэргийн анхдугаар уралдааны ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар томилогдон тэмцээнийг зохион байгуулан ажилласан бөгөөд ирэх жилүүдийн олон улсын тэмцээнийг зохион байгуулахад бид юун дээр анхааран ажиллах, нэн түрүүнд юу шаардлагатай байгаа талаар салбарын сайдад танилцуулсан юм. Цаашид энэхүү уралдааныг зохион байгуулахдаа Монгол ахуйг бий болгох, ар тал хангалт, холбооны табель хэрэгслэлээр хангах, морьдыг бэлтгэн тоног чимэглэлээр жигдрүүлэх зэрэг олон ажлуудыг шат дарааллан шийдвэрлэх шаардлагатай талаар салбарын удирдлагууд харилцан ярилцлаа. Морин цэргийн “Аравт” уралдааныг зохион байгуулсанаар Зэвсэгт хүчинд морьт цэргийн дүрмийг бий болгох, цэргийн сургалт, сэтгэл зүйн хангалтыг сайжруулах, хээрийн нөхцөлд амьд гарах арга ухаанд суралцах, цэргийн сургалт бэлтгэлийг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Дэлхийн долоон оронд нэгэн зэрэг зохион байгуулагддаг “Цэргийн наадам” олон улсын тэмцээнд 8 дахь орон нь болж Монгол улс ийнхүү “Аравт” морин цэргийн уралдааныг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэлээ ажлаа хангаж эхэллээ.

Эх сурвалж: “Дуулга” студи. Б.Сарнай.