Орон нутгийн хамгаалалтын харилцаа хуульчлагдан батлагдав

Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн 2 дахь үе шат амжилттай эхэлж, 10 гаруй жилийн хугацаанд ажилласан орон нутгийн хамгаалалтын харилцаа хуульчлагдан батлагдаж, хуулийн эх бичвэрийг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг өнөөдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гардуулан өглөө. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа болно” гэж тодорхойлж, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулиар “Орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоонд тулгуурлах бөгөөд орон нутгийн хамгаалалтын харилцааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасан нь “Орон нутгийн хамгаалалтын тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулах эрх зүйн үндэслэл болсон юм. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд 21 аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллага, нэгж, орон нутгийн хамгаалалтын асуудлаар судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачидтай ярилцлага, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, түүнээс гарсан санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусган, ОХУ, АНУ, Хятад, БНСУ, Сингапур, Швейцарь, Израйль зэрэг газар зүйн байрлал, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадал зэргээрээ харилцан адилгүй орнуудын хууль тогтоомжийг харьцуулан судалж үзсэний үндсэн дээр улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах хэрэгцээ шаардлагад нийцсэн, өөрийн орны нийгэм, эдийн засгийн тогтолцоо, хүн ам, газар нутгийн онцлогт тохирсон, бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог энэ хуулиар бий болгох юм. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсанаар иргэний “Эх орноо хамгаалах” Үндсэн Хуулийн заалт хэрэгжиж, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдах төдийгүй иргэн бүр эх орноо батлан хамгаалах бэлтгэлжилттэй болж, улмаар батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангагдах чухал ач холбогдолтой юм. Энэхүү хууль нь үйлчлэх хүрээнийхээ хувьд төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, иргэн болон хуулийн этгээдэд бүгдэд хамааралтай гэдгээрээ онцлог. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх гол субъект нь БХЯ, ЗХЖШ, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон төрийн цэргийн байгууллагууд байна. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэхдээ хуульд тусгайлан заасан төрийн удирдлага, хяналтад байх, төрийн батлан хамгаалах бодлогод нийцсэн байх, бүх нийтийн оролцоонд тулгуурласан, нутаг дэвсгэрээр зохион байгуулагдах, нэгдмэл, харилцан уялдсан байх гэсэн зарчмуудыг удирдлага болгон ажиллах ёстой. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч цэргийн номлолыг батлан гаргана. Энэхүү цэргийн номлолыг амьдралд хэрэгжүүлэх гол үндэс суурь нь үндсэндээ орон нутгийн хамгаалалтын тогтолцоо, түүний хэрэгжилт юм. Эдгээр эрх зүйн зохицуулалт, бодлогын баримт бичгийг амьдралд бүрэн хэрэгжүүлснээр шаардлагатай үед бид урьдчилан сайтар сургуулилсан, төлөвлөсөн, бэлтгэл, зохион байгуулалт, нөөцөө ашиглан улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалах зэвсэгт тэмцлийг бүх нийтийн оролцоотойгоор орон даяар явуулахад бэлэн байдлыг хангана. Нөгөө талаар иргэд, олон нийт, байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоогүйгээр орон нутгийн хамгаалалтын тогтолцоо бүрдэх, хууль хэрэгжих үндэсгүй юм. Тиймээс орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, улс орон даяар хэрэгжилтийг зохион байгуулах талаар Батлан хамгаалах яамнаас тодорхой ажил, арга хэмжээг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ.