МАН-ЫНХАН АВРАЛ БОЛСОН НЭГНЭЭ АД ҮЗЭЖ, АЛНА ГЭЖ ЯРЬСНЫГАА ШҮТЭЭД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын хоёр бичлэг ил болсон. Нэг нь Топор гэх У.Хүрэлсүх, Херо хэмээх Баатартай утсаар ярьж байгаа бичлэг. Б.Баатарыг У.Хүрэлсүх “…Чи арай бичлэг хийгээгүй биз” гэсэн хардсан үг шидсэнээр тэр хоёрын яриа эхэлдэг.

Б.Баатар ”Оюука над руу хэлээд би юу яасан ш дээ. Тулга ахад юм хэлсэн ш дээ. Өнөөдөр уулзах уу гэсэн”.

У.Хүрэлсүх “Хөгийн хөгийн юм ч их боллоо. Уулзаж байгаад ярья. Үлгэр домог шиг ч юм..”

Б.Баатар “Харин тийм ээ, үлгэр домог шиг юм болсон. Та цаадахтайгаа нэг ярих юм биш үү. Би бол ерөнхийдөө хэлчихсэн. “Топортой уулзчихъя л даа, тэгвэл” гэсэн. Таны нууц нэр Топор ш дээ. (инээв) Топортой уулзчихмаар байна гээд л инээгээд байна лээ. Ерөнхийдөө таны ялалтын чинь тавин хувь Хүрэлсүх ах шүү. Та өөрөө мэдэж байгаа биз дээ. Ингэж байгаа шүү гэсэн. Харин тийм ээ, тэднийг бол арчих ёстой байсан…”

У.Хүрэлсүх “Өөр юу байна”

Б.Баатар “Эрлийз морьд дээр их баярлаж байгаа цаадах чинь. Ганцаараа үзэж суугаад татаж унаад байсан”.

У.Хүрэлсүх “Та нар ч алдаг хүмүүс шүү. За яахав, уулзаж байгаад ярина. Өнөө орой юм уу, маргааш залгая. Оюука та хоёр байж байгаарай.

Б.Баатар “Тэгээд юу юм биш үү, ах. Оюукатай ярьж байна. За тэгье. Баярлалаа ах”.

У.Хүрэлсүх “Би чамд морь, морь гэж хэлээ биз дээ.

Б.Баатар “Одоо бас таны юм руу орж таныг бас уралдуулмаар байх юм”.

У.Хүрэлсүх “Уг нь чи дээр үед хоёр ахыгаа уралдуулъя гэж ярьсан. Нэг нь ч түрүүлчих шиг боллоо”.

Б.Баатар “Одоо таныг түрүүлүүлнэ ээ. Одоо таны юм руу орж таныг бас … гэх мэтээр ярьсан байдаг. Утасны энэ яриаг хэн бичиж, хэн ил болгосон бол гэж таамаг дэвшүүлж шаагиад өнгөрсөн. Нэг хэсэг Б.Баатарыг тараасан гэх яриа ч явсан. Харин тэр өөрөө тараагаагүй гээд л баахан тайлбар хийсэн. Хэн тараасан эсэхээсээ илүүтэй энэ үед юу яригдсан нь сонирхол татмаар. Топор нь одоогийн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх шүү дээ. Ерөнхийдөө У.Хүрэлсүх МАН-ыг алж байсан тухай өгүүлж байгаа биз дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрийн намын нэр дэвшигчийн эсрэг ажилласнаа энд өгүүлсэн нь тодорхой байна.

Бичлэгт дурдагдаж байгаа эрлийз морь гэдэг нь наадмын комиссын хурлын үеэр Шадар сайд байхдаа У.Хүрэлсүх “Монгол наадамд зөвхөн монгол морьд л уралдана. Эрлийз морь шургуулбал хуулийн байгууллагад тэр хүнийг өг. Бид монгол адуугаараа бахархах ёстой” гэж ирээд ярьсан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-аас нэр дэвшигчийн талаар гаргасан цуу яриатай холбож шидсэн мессэж гэдэг нь ойлгогдоно. Одоо Херо, Топор хоёрын яриаг хэн задалсан нь сонин биш, тэдний яриа үнэн бодитой, дуу хоолойгоороо бичигдэж, бас үйл явдлын өрнөл бодитой болсныг бид бодитоор харсан. Тэдний ярианд дурдагдсан Л.Оюун-Эрдэнэ гишүүн үүнд оролцоотойг ч мэдэх боллоо. Үүнийг нотолж өнөөх Л.Оюун-Эрдэнэ одоо хэрхэн гол дүрд тоглож, шударга ёс ярьж, МАН-ыг хагалан бутаргах төлөвлөгөөг биелүүлж байгааг ч та бид хараад сууж байна.

Энэ бичлэгийг МАН-ынхан юу ч биш гэж үздэг. Нэг ч удаа энэ талаар хэн ч дурдахгүй байгаа. Тиймдээ ч намаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулахад гар бие оролцсоноо ярьсан У.Хүрэлсүхээ оройдоо залж, намын дарга, Ерөнхий сайд болгоод мөргөх нь холгүй байна. Б.Баатарын хэлснээр “Одоо таныг түрүүлүүлнэ ээ” гэсэн нь биелж, У.Хүрэлсүхийг бүхний охь манлай хэмээн шүтээд, шударга үнэний дуу хоолой, энхийн цагаан тагтаа, авралын бурхан болгож байна.

Харин сонгуулийн үед яригдсан нөгөө бичлэг буюу “60-н тэрбум”-ын талаар МАН-ынхан дээр дооргүй амтай болгон ярьж зүхэж байна. Өчигдөр гэхэд л хүний өөрийн намынхан нийлсэн хэдэн гишүүн чуулганы үүдэнд ч нэг сууж, дотор орж ч нэг зогсож, өнөөх бичлэгийн талаар яриад зогсч байна. Шоронд хийнэ, эрүү үүсгэнэ, Их хурлын даргаас нь огцруулна гээд сүйд. Нөгөөх бичлэг гэдэг нь УИХ-ын сонгуулийн үеэс улбаатай, Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сэдрээж гаргаж ирээд одоог хүртэл хэрүүлийн алим болгож байгаа 60 тэрбумын бичлэг. Угтаа тэр бичлэг МАН-д аврал болох тухай ярьж байсан. Намаа яаж ялуулахав, ингэхийн тулд яавал дээр вэ гэдгийг ярилцаж суугаа хүмүүс. Бичлэг хийсэн хүн нь ч тодорхой. Сонгуулийн ажлын хөлсөө голсон нэг нөхөр урьдчилан төлөвлөж байгаад зураг хөргийг нь авч бичсэн хэрэг. Ингэж төлөвлөж хуралдаж намаа ялуулах гэж зүтгэсний ачаар 65-уулаа болж ялсан. Сонгуулийн стратеги төлөвлөгөө боловсруулж байгаа гэх Ц.Сундуй тэргүүтэй хэдэн нөхөр үүнийгээ танилцуулахаар тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдыг “ирж сонсооч” гэж. Өнөөх нь очоод тэрийг нь сонсч. М.Энхболдын оронд хэн ч байсан сонгуулийн стратеги төлөвлөгөөг сонс гэхээр очиж сонсч л таараа шүү дээ. Төлөвлөгөө боловсруулсан нөхөд 60 тэрбум босгох тухай ярьдаг. Ийм л бичлэг байдаг. Яг жаран тэрбумын схем хэрэгжсэн эсэхийг хэн ч батлаагүй байна. Угаас бичлэгт яригдсан тэр схем хэрэгжиж амжихаасаа өмнө задраад олон нийтэд хүрч сонгуулийн сөрөг пиар болчихсон шүү дээ. Хэдийгээр сонгуульд намаа үнэмлэхүй ялуулж, 65 суудал авчирсан ч сонгуулийн дараа тэр 60-н тэрбумыг босгох схемийг хэрэгжүүлсэн эсэхийг нотолж, баталсан баримт одоогоор алга.

Барих барьцгүй, баримтгүй, хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй. “Хүн ална гэж ярьсан, алсан л гэсэн үг” гэж ялладаггүй биз дээ. Гэтэл 60-н тэрбумын схемийг очиж сонссон гэж М.Энхболдыг буруутгаж, албан тушаалаа өг гэж чичлэх нь үнэнд нийцэх үү. Үүний дэргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан задарсан Топор, Херо нарын бичлэг бол хэрэгжсэнийхээ баяр баясгаланг хуваалцаж буй, ахаа эгчээдээ тултлаа дотноссоныг нотлох яриа. Бүр биеллээ олж, төлөвлөгөө хангагдсан нь өнөөх эрлийз морины ярианаас эхлээд ахыгаа түрүүлүүлнэ гэдгийнхээ дагуу У.Хүрэлсүхийг намын дарга, Засгийн газрын тэргүүн болгосноос бэлхнээ харагдана. Дараагийн алхам нь М.Энхболдыг зайлуулах гэж үхэн хатан тэмцээд байгаа Оюук дүү буюу Л.Оюун-Эрдэнэ гишүүний гол дүрд тоглож буй үйл явдлууд. Дээр нь саяхан задарсан ЖДҮ бол жинхэнэ баримт нотолгоотой. ЖДҮ, 60-н тэрбум хоёр газар, тэнгэр шиг. Нэг нь батлагдаж нотлогдсон, нэртэй устай баримттайгаа дэлгэгдээд, шалгагдаад, эхнээсээ прокуророос яллах дүгнэлт үйлдээд түдгэлзүүлэх санал оруулж ирээд явж байгаа. Ийм ялгааг яагаад олж харахгүй байна. Та нар чинь бүгдээрээ зөвөө буруу гэдэг. Буруугаа зөв гэдэг болчихсон юм уу, МАН-ынхаан.

Ард түмний хувьд бол хэн юм хийхийг нь л сонгосон хэрэг. Тиймдээ ч МАН-ыг бүр олуулаа эрх барих боломжийг олгож сонголтоо хийсэн. Гэтэл МАН-ынхан та нар галзуурчихаа юу. М.Энхболдыгоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялаад зайлна гэж бүгдээрээ бодсон юм уу. Оронд нь намын даргын суудлыг нь УИХ-ын даргын албатай нь авна гэсэн хүлээлттэй байсан хэрэг үү. Юу ч мэдэхгүй, эсвэл мэдэхийг хүсэхгүй хөөрч, намаа самраад, самруулаад байх юм. Хүн амьтны гар хөл болоод нэг хэсгийнхээ тоглоом болоод байгаагаа мэдэж байгаа юу. Дэлхийн хаана ч сонгуульд оролцоход нь дэмжиж хувь хүмүүс болон компаниуд санхүүгийн дэмжлэг өгч л байдаг. Тэр нь зөвхөн хуулийн хүрээнд заасан хэмжээнд, сонгуулийн тайланд тусгагдсан л байх ёстой.

Мөнгө өгөөгүй ч сонгуульд нь дэмжиж ажилласан хүмүүс бүгд л ажилтай болдог. Д.Трампыг хар л даа. Сонгуулийн кампанит ажилдаа оролцсон хүмүүсийг багтаа түлхүү авч ажиллуулж байгаа. Энэнд гэнэт гайхаж цочирдох юм алга. Гэтэл МАН-ынхан бусдын шидсэн өгөөшинд сайн дураараа гүйж ороод байх юм. Хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийнэ гэдэг л болж байх шиг. Өрсөлдөгчид нь энийг дөгөөгөөд л кино үзэж байгаа мэт “татаж унатлаа” инээгээд сууж байгаа. МАН ингэж хэрэлдэх нь ард түмэнд хохиролтой байна. Сүүлийн үед ажил хийхээ ч болилоо. Улс оронд хэрэгтэй чухал хууль батлах энэ тэр бол бүүр сонин биш боллоо. Түүний оронд МАН-ыг ялуулах гэж үхэн хатан явсан М.Энхболдыгоо намаараа нийлж, нам дарах гэж хашгираад, ялагдуулах гэж явсан У.Хүрэлсүх нь баатар болчихсон явж байх юм. Аварна гэснийгээ энэ намынхан нэг нүдээрээ үзэхгүй, ална гэж ярьсныг нь шүтэж мөргөөд байдаг нь ямар учиртай юм бэ.

Б.ДОНРОВ