ЭЦЭГ ӨВГӨДӨӨСӨӨ УЛАМЖИЛЖ ИРСЭН ЁС ЖАЯГ, ӨВ УЛАМЖЛАЛАА СЭРГЭЭХ НЬ ЭЕРЭГ ХАНДЛАГА БОЛНО

Даяарчлагдсан нийгэмд Монгол хүмүүн бидний үр хүүхэд болон хойч үе үүх түүх, өв соёлоо ихэд үгүйсгэдэг болжээ. Энэ бол эмгэнэл юм. Элэнц эмэг өвгөдөөс минь үеийн үед уламжлагдаж ирсэн эерэг хандлага, эерэг сэтгэлгээ, ёс заншил устаж үгүй болох вий гэсэн халаглал харууслыг учир мэдэх хүмүүс л хэлж, ярьж байна.

Зохиолч С.Чонохүлэгч буюу лам Чой багшийнхаа номын өргөөгөөр зочилоход ямар сайхан энерги, эрчим хүч авдаг гэж санана.

Долоо хоног болгоны хоёр өдөр ажлаа тарчихаад зорьж очин, номын бясалгалд сууж, 108 зул мандааж, арцаар ариулаад, рашаан хүртээд гарахаар их сайхан. Дотор онгойж, сэтгэл уужирч магнай тэнийж зовхи өөдөө сэргэмээр. Багшийнхаа номын өргөөнөөс эерэг хандлага, эерэг сэтгэлгээний талаар юу байдгийг бүрэн мэдэрч, бүтэн мэдэж авдаг даа.

Багш минь их сайхан хүн. Өргөөнийх нь босгыг давангуут өөдөөс “Та сайн байна уу, сайхан намаржиж байна уу, ажил алба тавлаг, бие лагшин тунгалаг уу, дээшээ суу” гэж их уриалгахан угтаж, ирсэн зочдоо дээш залдаг уламжлалтай.  Өөрийг нь зорьж ирсэн хүн болгонд амьдралын сайхан муухай, аар саар зүйл, дотоод гоо сайхан, гоозүй, бясалгал, хүний ач тус, буян ном, эерэг хандлага, аз жаргал, сөрөг бодол, мунхаглалын талаар их сайхан лекц уншиж бусдыг ухааруулж, сэхээрүүлдэг. Хүнгэнэсэн унзад хоолойгоороо ном уншин хүүрнэн ярих нь уянгалаг, утга учиртай санагддаг. Лекцийг нь сонссон хүн бүрийн дотоод сэтгэл уужирч, нэгийг бодож нөгөөг тунгааж өргөөнөөс нь гардаг. Хүнд хэрэгтэй мэдээллийг орой руу нь хийж чаддаг буянтан.

Өнгөрсөн амралтын өдөр багшийнхаараа зочиллоо. Хэдэн шавь нартайгаа “Амитаба” бясалгалаа хийв. Түүний дараа “Эерэг хандлага”-ын талаар нэг цагийн лекц уншиж ном даган баясагч сүсэгтэн олонд асар их тайвширлыг өгч чаддаг.

Чой багш: “Үр хойчид минь ёс суртахууны соёл гээгдээд байна. Өвөг дээдэс минь ямар агуу ёс суртахуунтай байсан гэж санана. Харанхуй бүдүүлэг улс байсан гэж түүхэнд ярьж, бичдэг ч энэ бол өрөөсгөл ойлголт юм.  Ер нь олон нийтийг эерэг зөв зүйлд уриалж дуудахын тулд өнө эртний өв соёл, үүх түүх, ёс заншилтай л заавал холбож ойлгуулах ёстой.

Та боддоо, дээр үед хүний аяганд цай уудаггүй байсан, аягаа, хутгаа, савхаа авч явдаг байсан ард түмэн. Бидний эцэг өвөг дээдэс, ээж аав их сайхан эерэг сэтгэл хандлагатай байсан. Хэлэх үг, хийх үйлдлээсээ эерэг л байсны нэг жишээ гэвэл, цаг хэцүү, хатуу өвөл нь зүтгүүлж мал хуй нь уруу байсан ч хоорондоо “Цаг сайхан уу, тарган сайхан хаваржиж байна уу, бие лагшин тунгалаг уу” гэж мэндлээд араас нь зовлонгоо ярьдаг байж.

Гэвч одоо цагт дандаа байхгүйгээ, бүтэхгүйгээ, болохгүйгээ хамгийн түрүүнд тоочдог зовлон ихтэй хүмүүс олон болж. Зовлонг хүн өөрөө л хурааж хуримтлуулдаг.  Нөгөөтэйгүүр Монгол ёс зан заншлаа уландаа гишгэж, аливаа юмны утгыг буруугаар тайлбарладаг болов.

Зан үйл, ёс заншил, эерэг хандлага, сэтгэлгээ, уужуу тайван ухаан бол өвгөдийн амьдрах ухаан байсан юм шүү. Гэвч бид нар өвгөдийнхөө энэ ухаанаас холдож даяарчлагдаад байна. Даяарчлал бол бусдын орныг дагалдан дуурайж, бусдын хоол хүнс, хувцас хунарыг өмсч 10 монгол үг хэлэхийн 5-ыг нь гадаадаар хэлж байгааг даяарчлалд хөл нийлүүлэн алхаж, хөгжиж, боловсорч байна гэж бодож байгаа бол энэ эндүүрэл юм шүү. Монгол хэлээрээ ярьж, монгол сэтгэхүйгээ хөгжүүлэх нь чухал.

Монгол хувцсаа өдөр тутамдаа өмсөхгүй юмаа гэхэд Монгол хэлээрээ зөв ярьж, монгол бичгээрээ зөв бичиж, монгол хэв маягаа хадгалж чадвал энэ эерэг зүйл. Монгол хүн монголоороо брэнд байх ёстой. Амьдралд ч мэддэг юм шиг мөртлөө мэдэхгүй олон зүйл бий” гэв.

Малгай буруу харуулж, цоорхой хувцас өмсдөггүй ёсыг та мэдэх үү
Монгол хүн та малгайгаа буруу харуулж өмсдөггүй ёсыг мэдэх үү. Хэрвээ малгайны ирмэг буруу харуулж өмсвөл талийгаачийн ёсонд хүрэхдээ ингэж өмсдөг. Бусад үед өмсвөл зулай буюу суваг битүүрнэ гэж цээрлэдэг ёс бий. Сүүлийн үед уранхай цоорхой өмд, цамц өмсдөг хүүхдүүд олширчээ. Үүнийгээ моод гэж тайлбарладаг. Угтаа бол гуйлгачин хувцас гэж үздэг.

Үүнийг Галдан бошигт хаан түүхэндээ бичиж үлдээсэн байдаг юм билээ. Тодруулбал, “Цөвүүн цаг ирэхүй дор гуйлгачин хувцас өмсч биенийхээ эрчим энергийг гөвнө өө” гэж бичжээ. Одоо цаг үеийг яг онож хэлсэн байгаа биз дээ. Тэгэхээр монгол хүмүүн та зөв энергитэй зөв үйлтэй байхын тулд гуйлгачин хувцас, үхэл дуудсан малгай зэргээс хол оршоорой.

Мөн нар буруу эргэсэн цайг хүн рүү бүү зүглүүл. Нар буруу эргэсэн хуй гэж цээрлэж цайг хүнд барьдаггүй ёс жаягтай. Яагаад гэвэл сөрөг энерги дууддаг байх нь. Тэгэхээр хүнд эерэг биш сөрөг хандлага болчих гээд байна гэсэн болгоомжлол юм.

Багш цааш өгүүлрүүн “Нийгэм нь цөвүүн цагт амьдарч байгаа энэ үед хүн өөрийн өөртэйгээ л ажиллах нь чухал юм. Бусдын алдаа, өө дутагдлыг харахаас илүүтэй өөрийнхөө алдааг олж хардаг, засч залруулдаг байж хэмээнэ бусдад зөв зүйлийг өгч, эерэг хандлагыг түгээж чадна.  Өөрийгөө шүүж, өөрийгөө хайж олоогүй цагт бусдыг шүүмжилж, бусдад буруугаа нялзаана гэдэг маш буруу зүйл. Ёс суртахуунтай байя гэвэл эцэг өвгөдийнхөө ухаан руу өнгийж харах хэрэгтэй” гэлээ.

Хүн болгон аз жаргалыг хайна. Гэхдээ аз жаргал гэж юу юм бэ, ямар ухагдахуун юм бэ?
“Монголчууд маань өргүй, өвчингүй байвал аз жаргал гэж ойлгоод байдаг. Одоо цагт өргүй хүн ч гэж алга. Утаа униар, идэж ууж байгаа зүйлээс болоод өвчингүй хүн ч гэж бараг байхгүй болох нь. Тэгэхээр бид нарт сэтгэл засал хэрэгтэй. Бие биедээ эд материалаар, эрх мэдлээр туслахгүй юмаа гэхэд үгийн сайхнаар үйлийн эерэгээр нэг нэгнээ сэргээж эрчим хүч өгч байгаарай.

Хамгийн гол нь өөртөйгээ ажиллаж ярилцах. Алдаагаа хайж бусдыг уучилж сурах. Бурханы хэллэгээр мэргэдийн сургаальд хүн өвдөх зовох орчлонгийн заваан үйл дотор байгаа цагт болж бүтэхгүй байгаа бүхэн муу үйлийн үрээс эхтэй байдаг юм. Өөрөөр хэлбэл, урд насандаа хийсэн үйлийн үрээ эдэлж байна гэж ярьдаг. Үйлийн үрийг үхэж бус эдэлж туулдаг орчлонд муу үйл бүү хий.

Хогийн ургамал тарихад хогийн ургамал ургана, цэцэг тарихад цэцэг л ургана. Яг тэрэн шиг сайн үйл хийгээд байх юм бол сайн үйл тарьж байна гэсэн үг. Бусдад муу зүйл хийгээд байвал үйлийн үрээ үндэслүүлж байна.

Нэг сайхан үг бий. Халгиснаараа ядуурдаггүй, харамласнаараа баяждаггүй юм. Урдуур гарсныг ундаалж, хойгуур гарсныг хооллож яваарай гэж эцэг өвгөд минь үеийн үедээ захиж ирснийг үр хойч минь мартах учиргүй ээ.

Мунхаглал гэж айхтар зүйлээс хүний шунал тачаал үүсдэг. Залуу гэр бүл болон дөнгөж амьдралаа эхлүүлж байгаа залуус маань шуналд автаад байна. Гоё сайхан, ганган хээнцэр мөнгөтэй, гял цал байхын тулд юу ч хийхээс буцахгүй. Нөгөө мөнгөнд нүдээ ухаад, чихээ таслаад өгөх нь холгүй байх юм. Бусдаас дутахгүй гоё машин унаж, гоё байшинд амьдрах гэсэн шуналаас муу үйл бий болно. Энэ нь ёс суртахууны хэмжүүр болно.

Жишээ нь: Залуу хосууд гэр бүлдээ байнга хэл ам хэрүүл тэмцэлтэй. Эхнэр нь “Энэ намайг ойлгохгүй байна, хайрлахгүй байна” гэдэг. Гэтэл нөгөө хүнээ ойлгож, хайрлаагүй байж яаж хайр нэхэж чадаж байгаа юм бол. Хайрлаагүй байж хайр нэхэх, ойлгоогүй байж сэтгэл нэхэх нь их муухай шунал болж байгаа үзэгдэл.

Дэлхийн эрдэмтэд уур бухимдлаас үүсч болох өвчтнүүдийг судалж гаргаж иржээ.

Уур бачуурал, бухимдлаас юу бий болдог вэ гэхээр зовлонгийн эхлэл болсон өвчин бий болдог. Яагаад гэвэл “Байхгүй байна, болохгүй байна” гэдэг шаналал хүнийг ходоодны шархтай, элгийг хатууруулах шалтгаан болж байна. Тэгэхээр хүн эрүүл, амгалан тайван байя гэвэл стрестэхгүй байх нь чухал.

Хүүхдийг хэвлийд олсон цагаас нь эхэлж эерэгээр хүмүнжүүлэх ухаан
Хүүхдийг хэвлийд олсон цагаас нь эхэлж эерэг аргаар ээж аав нь хүмүнжүүлж ирсэн уламжлалтай. Зөв хүмүүжилтэй, зөв хүүхэд төрүүлж, төлөвшүүлэхийн тулд хэвлийд байхаас нь бэлтгэдэг байв. Тухайлбал, үр олдсон цагаас эхлэн муухай үг хэлдэггүй, муухай үйл хардаггүй, хэл ам хийдэггүй, хэрэлдэж тэмцэлддэггүй, орой үдэш явдаггүй, орон гэртээ сөрөг энерги дуудаж далладаггүй, дандаа билэгтэй сайхан ерөөлтэй үг хэлдэг байж. Хөл хүнд эмэгтэйн алхаа нь хүртэл аядуу зөөлөн байх ёстой гэдэг.

Сүүлийн үед эхийгээ “идэж” байгаа хүүхдүүд элбэг болжээ. “Ээжийнхээ мөөмийг хөх гэж ярьдаггүй. Миний хүү мөөмөө ид” гэж ярьдаг нь буруу утга илэрхийлнэ. Хэзээ байхад “мөөмөө ид” гэж хэлдэг байлаа даа. Эхийгээ “идэж” байгаа хүн яавч олигтой явахгүй. Хамгийн муухай сөрөг зунгааралдсан энергитэй аалз гэж амьтанг та бүхэн мэднэ дээ. Аалз л эхийгээ иддэг. Тэгээд хортой шүлсээрээ амьтан хороодог.

Тиймээс монголчууд эхийгээ идэж, шүлсээрээ амьтан хороодог аалзыг таарсан газар нь хороож болно гэдэг. Төрлийг нь дээшлүүлж байгаа болохоос алж байгаа юм бишээ. Гэтэл үр хүүхдээ аалзтай зүйрлэж “мөөмөө ид” гэдэг ээжүүд үүнийг анхаарах хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр хүн аалз гэж хэзээ ч байхгүй. Гэтэл нөгөө аалзыг шүтэн бишрээд, ирээдүйд эцэг болох, эх орны тангараг өргөх хөвгүүдийнхээ малгай, цамцан дээр оёод залаад түүнийгээ бахархал юм шиг ойлгуулж харуулж ирэв.

Тэгэхээр Монгол хүүхдийг багаас нь зөв хүмүнжүүлэх, эерэгээр бэлтгэх шаардлага бий. Жишээ нь Япон улсад цэцэрлэгийн, бага ангийн багш нь их өндөр цалинтай байдаг гэнэ. Яагаад гэвэл япон хүнийг бэлтгэж байгаа учраас тэр юм. Яг үүн шиг бид нар Монгол хүүхдээ ухаан орсон цагаас нь монгол уламжлалаараа ирээдүйд бэлтгэх ёстой. Өөрөөр хэлбэл, ёс заншлын хичээлийг багаас нь уураг тархи, ухаанд нь суулгаж өгөх хэрэгтэй байна.

Эх хэлээ мартаж, харь хэлийг мандуулах уу…
Монголчуудын хүчирхэг эерэг байсны бас нэг нууц амны билэг. Ашдын билгээс амны билэг гэж ярьдаг ард түмэн. Тиймээс ч ирээд буцах нүцгэн, үнэн хорвоод эвэр амтай бүү амьдраарай гэж захиж ирсэн түүхтэй.

Гэтэл яруу тунгалаг, яндашгүй баян монгол хэл хаачив. Үгсийн сан улам ядуурч, харь хэлийг шүтэж, эх хэлээ үгүйсгэж, амны билэггүй болжээ гэх мэт шүүмжлэлүүд ар араасаа гарсаар байгаа. Энэ бол харамсал, халаглал юм. Хүүхдэд багаас нь харь хэлийг сургаж эзэмшүүлэх нь хэр зөв үү.

Багш дээр нэг залуухан эмэгтэй уйлж орж ирсэн гэдэг. Яагаад уйлсан бэ гэхээр 14 настай хүү нь ээждээ “Би хятад хүн шүү дээ” гэж хэлжээ. Монгол ээж, ааваас гарсан хүүхэд нь тэгж хэлэхэд ээж нь их гомдож гайхжээ. Яагаад гэвэл хүү нэгдүгээр ангиасаа эхэлж “Үй цай” сургуульд элсэн суралцжээ. Ээж нь “Миний хүү монгол хүүхдээ” гэж хэлэхэд “Үгүй би хятад хүүхэд” гэж зөрүүдлэсэн талаар ярьсан гэдэг. Тэгэхээр тэр сургууль нь хятаджих зүйлийг сэтгэхүйнд нь хүчтэй суулгаж өгсөн юм болов уу гэж Чой багш бодсон талаараа хуучилсан юм. Монгол хүүхэд монгол хэлээрээ сайн ярьдаг, бичдэг, монгол өв соёлоо мэддэг байх ёстой шүү.

Бясалгал гэж юу юм бэ?
Өөртөө эхлээд эерэг хандлагыг үүсгэж, өрөөлд өгөхийн тулд яах ёстой вэ гэхээр бясалгаж сурах хэрэгтэй. Эерэг хандлагын эх үүсвэр бясалгал юм. Зөв үйл явдал, зөв үг яриа энэ бүгд орно. Сэтгэл амар, зовлонгүй, өвчингүй, шаналгүй байна гэдэг бясалгал юм. Зөв эрчим хүч энергийг өөртөө хуримтлуулж чадвал тэр их гайхалтай буян болно. Буянгаас бүх зүйл бүтнэ.

Бусадтай эелдэг харьцаж, инээмсэглэ, эргээд сайхан энерги авах болно.  Дээрээс нь ёс зүй, ёс суртахуунтай байх нь чухал. Хэрвээ ёс суртахуунгүй байвал адгууснаас ч долоон дор ч байна. Тэгэхээр ёс суртахуун гэдэг асар их боловсрол юм. Хүний бодлын хүч агуу гэж дээр дурьдсан. Сайхан зүйл бодож, сайхныг мөрөөдөж, төсөөлж явах нь эргээд бүх сайхан эерэг зүйлийн үндэс болно.

О.Сайхан
Оллоо.mn