АН бүлгээ авч үлдэхээр шийджээ

МАН-ын зодооны дундуур гүйж орсон АН-ынхан бүлэггүй болох шахав. Ингэж хэлэхийн учир нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулахад АН-ын бүлэг дэмжихээ илэрхийлэн гарын үсэг зурсан. Улмаар уг асуудлыг чуулганаар хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй хэмээн кноп дарж, намынхаа гаргасан шийдвэрийн эсрэг зогссон юм.

Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жилийн туршид УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэв. Намынхаа удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ, намаасаа гарах хүсэлтээ намынхаа удирдлагуудад өгснөөр АН-ынхан УИХ-д бүлэггүй болох аюулд учраад байв.

Тэгвэл АН-ын Намын байгуулалтын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж УИХ-ын гишүүн Л.Болдын гишүүнчлэлээс татгалзах тухай мэдэгдэл, хүсэлтэд хариу өгчээ. Уг албан бичигт Л.Болд  гишүүний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдгээ мэдэгдэж, үндэслэлүүдээ тайлбарласан байна. Тухайлбал, АН-ын гишүүд, дэмжигчдийн итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдсоны хувьд үүрэг, хариуцлагаа ухамсарлан, АН-ыг мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх амлалтаа биелүүлсний дараа гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ дахин гаргахыг мэдэгджээ.

Ийнхүү АН-ынхан бүлгээ авч үлдэхээр шийдсэн бололтой.