МАН-ын гишүүд бага хурлаа хуралдуулахыг намын даргаасаа шаардлаа

МАН -ын гишүүн Д.Мөнхтөр, М.Бөмбөг, Б.Болормаа, Б.Лхагважав, Д.Наранцэцэг тэргүүтэй “Намаа цэгцлэх 100+ хөдөлгөөн”-ийхөн өнөөдөр

МАН-ын гишүүн Д.Мөнхтөр, М.Бөмбөг, Б.Болормаа, Б.Лхагважав, Д.Наранцэцэг тэргүүтэй “Намаа цэгцлэх 100+ хөдөлгөөн”-ийхөн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд хэвлэлийн хурлынхаа эхэнд, “Сүүлийн үед намдаа үүсээд байгаа томоохон зөрчилдөөнтэй асуудлыг дотооддоо цэгцлэхийг шаардаж, намын асуудлыг төрийн болон олон нийтийн зовлон болгож байгаа нь 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд олон түмнээс өгсөн итгэлийг хөсөрдүүлж, улс орны хөгжлийг урагшлуулах биш гацаанд оруулж, цөөн эрх мэдэлтний явцуу эрх ашгаас үүдэж намын 200 мянга гаруй гишүүд нийтээрээ цаашлаад Монголын ард түмэн хохирч болохгүйг сануулж, өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд хүргэхэд жинтэй хувь оруулж буй зарим улс төрийн албан тушаалтнуудыг огцруулахыг МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шаардаж, шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн Хууль, МАН-ын дүрмийн хүрээнд улс төрийн дараа дараагийн тэмцэл өрнүүлэхээ” мэдэгдлээ.

Харин дараа нь “Намаа цэгцлэх 100+ хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Д.Мөнхтөр, МАН-ын дарга У.Хүрэлсүх, ЕНБД Д.Амарбаясгалан, МАН-ын Хяналтын хороонд тус тус хаяглан хүргүүлж байгаа шаардлагынхаа хариуг 24 цагийн хугацаанд багтаан албан ёсоор мэдэгдэхийг шаардаж буйгаа онцолсон юм.

Тэдний хүргүүлж буй шаардлагад, МАН-ын Бага хурлыг яаралтай зарлан хуралдуулж, үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийн талаар дотооддоо ярьж шийдвэрлэх, өнөөгийн хурцадмал байдал үүсэхэд гол нөлөө үзүүлсэн, удаа дараагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг ялагдуулсан хэрнээ өнөө хүртэл албан тушаалтайгаа зууралдсан төдийгүй олны дургүйцлийг төрүүлээд буй ЖДҮ-ийн зээл, элдэв тендерт нэр холбогдож, энэхүү асуудал нь олон нийтэд баримтаар дэлгэгдсэн зэрэг нь МАН-ын дүрмийн олон зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж, намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж буй Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь огцруулан хариуцлага тооцож, “Шударга ёс”-ыг өөрийн удирдаж буй намынхаа аппаратаас хэрэгжүүлж эхлэхийг МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шаардсан байна.