Х.Мандахбаяр: Зөрчлийн хуулийн 6.21 дэх заалтыг хасах санал гаргаж байна

тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт хүргүүлж буй албан саналд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр /2018.12.24/ Хэвлэлийн хүрээлэнд боллоо.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб” интернейшнл ТББ, Монголын хэвлэлийн хүрээлэн, Өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо зэрэг 15 хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн холбоод хамтран Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21 дэх хэсгийг хасуулах санал гаргасан бөгөөддээрх байгууллагуудын төлөөлөл өнөөдрийн арга хэмжээнд оролцож, гарын үсэг зурав. Энэ үеэр албаны зарим хүмүүсийн байр суурийг сонслоо.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР:

-“Зөрчлийн тухай хуулийн 6.21 гэсэн заалтыг уг хуулиас хасах тухай саналыг хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нэгдсэн Ажлын хэсгээс хүргүүлэх гэж байна. Зөрчлийн тухай хуулийн уг заалт нь “Гүтгэх буюу хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг олон нийтэд  дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт юм. Энэ заалтын дагуу хувь сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгож ирсэн.

Асуудлыг бид хоёр талаас харж байгаа. Мэдээж, сэтгүүлч хэн нэгнийг гүтгэж, худал мэдээлэл цацаж болохгүй. Бид мэргэжлийн ёс зүйгээ дээдэлж, хуулиа хэрэгжүүлж ажиллах ёстой. Энэ харилцааг өмнө нь Иргэний хуулийн гурван том заалтаар зохицуулж ирсэн. Харин өнгөрсөн хугацаанд ажигласнаар Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт нь эрх зүйн давхардлыг бий болгож байгаагаас гадна нийгмийн дутагдлыг олж, гаргаж ирэх хэвлэл мэдээллийн үндсэн эрхийн эсрэг зүйл болж таараад байна. Ингэж бид үзэж байгаа.

Хуулийн дээрх заалт нь чөлөөт хэвлэлийн амыг боомилох, хэвлэлийн эрх чөлөөг хумих аюултай байдлыг бодитойгоор бий болгосон учраас асуудлыг цэгцэлж, шийдвэрлэх ёстой гэж хэвлэлийнхэн маань санал нэгдээд байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд сэтгүүлчдийг Зөрчлийн хуулиар торгож байсан жишээ олон бий. Явсаар Зөрчлийн тухай хууль бол эрхтэн дархтнуудын өөрийгөө хамгаалах зэвсэг болж үлдэх магадлалтай юм байна гэсэн хардлага төрөх хэмжээнд хүртэл хүрч байгаа юм.

Хэвлэл мэдээллийнхнийг дээрх асуудлыг гаргаж ярихаар “Тэгвэл энэ заалтыг нь буцаагаад Эрүүгийн хуульд оруулчихъя” гэдэг зүйл яригддаг. Үүнийг бид эрх зүйн шантааж гэж үзэж байна. Энэ нь “Хэрвээ та нар Зөрчлийн хуулиар явахгүй юм бол Эрүүгийн хуулиар шоронд хийнэ” гэсэнтэй яг ижилхэн. Хэдийгээр бидэнд тэгж хэлээгүй ч энэ бол байж болохгүй хандлага. Нэгэнтээ Иргэний хуулиар хангалттай зохицуулагдаж ирсэн жишиг байхад Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуулиар шийднэ гэж зүтгэх хэн нэгэн эрхтэн дархтан байгаа бол хэвлэл мэдээлэлд цензур тогтоохыг хүсэж байгаа хэрэг юм

Ц.МӨНХЖИН: ГҮТГЭХ ЗААЛТЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРУУЛСНААР
ЭХ ОРНООСОО ГАРАХ, СУРАЛЦАХ ЭРХГҮЙ БОЛОХ АЮУЛТАЙ

“Глоб” интернэйшнл ТББ-ын төслийн менежер Ц.Мөнхжин

-“Гүтгэлийн тал дээр манай хэвлэл мэдээллийн салбарынхан маш их бэрхшээлтэй тулгарч байгаа. Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш манай төв дээр гүтгэсэн гэх 182 зөрчил бүртгэгдсэний дийлэнх нь Зөрчлийн тухай хуультай холбогдож байгаа.

Зөрчлийн тухай хуулиар дээрх асуудлыг шийдвэрлэж байгаа нь тухайн иргэн, хуулийн этгээдийн нэр төрийг сэргээж чадахгүй байдалд хүргэдэг. Мөн тухайн асуудлыг шалгаж байгаа цагдаа нар сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг ойлгож чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирж байна. Өнөөдөр сэтгүүлч бүхэн ямар нэг байдлаар цагдаад дуудагдсан байдаг. Бид үнэхээр шударга шүүхийн өмнө очиж чадаж байгаа юу, үнэхээр хүн гүтгэсэн хүнийг шийтгэж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй.

Зөрчлийн хуулиас Гүтгэх гэсэн заалтыг хассан тохиолдолд Эрүүгийн хуульд оруулах тухай Ажлын хэсэг санал гаргасан байсан. Яагаад энэ заалтыг Эрүүгийн хуулинд байлгаж болохгүй вэ гэхээр, энэ хуулиар шийтгэгдсэн зүйл бүхэн гэмт хэрэгт тооцогддог. Таны хувийн хэрэгт гэмт хэрэгтэн гэх түүх үлдэнэ. Энэ тохиолдолд та магадгүй цаашдаа суралцах эрхгүй, магадгүй эх орноосоо гарах эрхгүй болох аюултай. Тийм учраас энэ заалтыг Эрүүгийн хуульд оруулах шаардлагагүй.

***

У.ТАМИР: ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ШИЙДЛЭЭ ГЭЭД
ХОХИРСОН ИРГЭНИЙ ЭРХ СЭРГЭДЭГГҮЙ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир

  1.  

-Сэтгүүлчдийн санаачилгаар Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд сэтгүүлчийн ёс зүйн асуудалтай холбоотой 243 гомдол манай байгууллагад ирсэн. Бид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэж байгаа.

Мэдээж бид нарт алдаа байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл ирсэн 243 гомдлын 165-д нь тухайн редакц, сэтгүүлч алдаа гаргасан гэж үзэж байгаа. Сэтгүүлчид алдаа гаргаагүй тохиолдол нь түүнээсээ олон. Мэргэжлийн үүднээс энэ гомдлыг авч хэлэлцэхэд алдаа гаргаагүй тохиолдол олон бий.

Хохирсон иргэн гомдол мэдүүлэхдээ, нэгэнт л өөрийнх нь тухай хэвлэлээр гарсан учир энэ мэдээлэл буруу гэдгийг хэлүүлэхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл, залруулга гаргаж, олон нийтэд мэдээлэхийг хүсдэг. Ингээд Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчийг торголоо гэхэд тухайн иргэний эрх сэргэдэггүй. Торгуулийн хоёр сая төгрөг улсын төсөвт ордог. Харин хохирсон иргэн залруулга гаргахыг хүсдэг.

Ийм тохиолдолд, Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцээд, тухайн сэтгүүлч алдаа гаргасан эсэхийг шүүгээд, хэрэв гаргасан бол хохирсон хуулийн этгээд, иргэний тухай мэдээллийн залруулгыг гаргах зохицуулалт хийж болдог. Энэ зохицуулалтыг олон улсад зөөлөн зохицуулалт гэж нэрлэдэг. Энэ механизм бол хамгийн зөв бөгөөд олон улсад жишиг болсон зүйл юм.

Хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоодын төлөөллүүд Зөрчлийн хуулийн холбогдох заалттай холбоотойгоор нэгтгэсэн саналд ийнхүү гарын үсэг зурж баталгаажуулсны дараа Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт албан саналаа хүргүүлсэн юм.

Энэ тухай мэдээллийг ЭНД дарж, унших боломжтой!

Б.ГАНТУЯА

WWW.ZINDAA.M