Гишүүн Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын ХЭГ-ын даргад санал болгожээ

УИХ-ын гишүүд Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшүүлсэн байна. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдад санал болгосон гэж эх сурвалжууд баталж байгаа юм. Өмнө нь энэ албыг хашиж байсан Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдсон тул ийн дараагийн хүнийг томилохоор ярьж эхэлжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг хариуцна гэдэг гүйцэтгэх засаглалын, Ерөнхий сайдын гал тогоог барина гэсэн үг. Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдтай нэг нутаг, Харвардыг төгссөн өндөр боловсролтой, 1980-аад оны төлөөлөл, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахад оройлон зүтгэсэн зэрэг нь давуу тал болох талтай.

Түүнийг Засгийн газрын гишүүнээр томилуулах асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл бзрэн дэмжжээ. УИХ дахь бүлгээр хэлэлцүүлээд дэмжвэл УИХ-ын даргад өргөн мэдүүлэх боломж бүрдэнэ. Засгийн газрын гал тогоог хариуцах учраас томилгоог шуурхайлж өнөөдөртөө багтаах тухай мэдээлэл ч байна.