Д.Батбаатар: С.Мөнхчулуун хотын даргад нэр дэвших боломжгүй

МАН-ын гишүүнээс гарсанд тооцох тухай Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар хэвлэлийнхэнд танилцууллаа.

Тэрбээр “МАН-ын Их хурлын үеэр намын дарга У.Хүрэлсүх “нийгэмд шударга ёсыг тогтоон төлөвшүүлэх” шаардлага тавьж ажиллана гэдгээ хэлж, намын гишүүдээсээ эхлүүлэх зорилт дэвшүүлсэн. “60 тэрбум”-ын асуудалд эцэслэн хариу өгөх талаар МАН-ын зөвлөгөөнд оролцогсдоос шаардсан. Иймээс МАН-ын дүрмийн 4.2-ын 6, 8, 9 дэх заалтыг зөрчсөн Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг гэж үзэж МАН-ын гишүүнээс гарсанд тооцох тухай шийдвэр гаргалаа. Манай намын дүрэмд намаас хөөх шийдвэр байдаггүй, гарсанд тооцох шийдвэртэй.

Ц.Сандуй нь МАН-ын дүрмээр “намын дүрмийг чанд сахин биелүүлэх заалттай. Энэ дагуу намын нэр хүндэд сэв суулгахгүй, эв нэгдлийг хангах, намын нэр хүнд гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх. Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх” заалтыг зөрчсөн гэж үзсэн.
С.Мөнхчулууны тухайд “намын нэр хүндийг хамгаалах, ашиг сонирхлын нөлөөнд автахгүй байх, намын албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах, шийдвэрийг зөрчихгүй байх” намын дүрмийн заалтуудыг зөрчсөн учир дээрх шийдвэрийг гаргаж байна. Энэ шийдвэрүүдээ нийслэлийн МАН-ын Хяналтын хороонд хүргүүлнэ. Мөн намын дүрэмд намын гишүүнээс гарсан тохиолдолд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэх зохицуулалттай тул С.Мөнхчулуун хотын даргад нэр дэвших боломжгүй” гэлээ.