Ш.БАТХҮҮ, Г.АЛТАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 13.30 МИНУТААС ЭХЭЛНЭ

Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 минутаас товлогджээ.

Тодруулбал, 2009 онд “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, дарга нарын гарын үсгээр баталгаажуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн байдаг. Харин тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганзориг Ш.Батхүүд баталгаа гарган өгсөн байдаг юм.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон байдаг. Үүнээс гадна Ш.Батхүүг “Алтжин” группийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглэн Төрийн банкийг залилан мэхэлсэн гэж үзжээ. Гэвч өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Төрийн банк, Г.Алтангийн хүү Эдвард Сүрэн нарт холбогдох  хэргийн шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болж, Төрийн банк шүүхэд ялагдаж Эдвард Сүрэнд 51.5 тэрбум төгрөг төлөх шийдвэр гарсан байдаг.

Төрийн банктай Ш.Батхүүгийн холбогдсон дээрх асуудлыг Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээл авсан хэрэгтэй хамт шалгаж байсан бөгөөд ийнхүү прокурорын шалгалтаар бол Төрийн банк Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт ямар ч өргүй харин ч залилуулсан болох нь тогтоогджээ.

Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1.2-т заасан зүйл ангиар хэлэлцэх бөгөөд тус зүйлд зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан байдаг.

www.inder.mn