Д.ЭРДЭНЭЦОГТ: БИД ЭРДЭНЭТИЙН 49, 51 ХУВЬ ГЭЖ ЯЛГАЖ АЖИЛЛАДАГГҮЙ

Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Д.Эрдэнэцогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төлөөлж хэчнээн удирдлагууд ажилладаг юм бэ?

-Бид Эрдэнэтийн 49, 51 хувь гэж ажилладаггүй. Өмнө нь хоёр улсын хамтарсан үйлдвэр байсан. Тухайн үед ажиллаж байсан үйл ажиллагаа, технологийн процессын бүх юм хэвийн жигд, тогтвортой үргэлжилж байна. Сүүлийн гурван сард технологийн процесс болон олборлох, боловсруулах, бүтээгдэхүүн гаргах үйл ажиллагаанд ноцтой доголдол үүссэн зүйл байхгүй.

-Энэ оны тухайд үйлдвэрийн ямар зорилт тавьж ажиллаж байна вэ?

-Бид 2019 оныхоо бизнес төлөвлөгөөг батлуулахаар өгсөн. Мэдээж төлөвлөгөөнийхөө дагуу ажил явна. Өнгөрсөн оны үзүүлэлтээ буулгахгүй ажиллах ёстой.

-ЗГХЭГ-ын дэд дарга ТУЗ-ийн үйл ажиллагаа, шүүхийн үйл ажиллагаанаас болж зарим үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол гарч магадгүй гэж мэдээлсэн. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Энэ талаар сайн мэдэхгүй байна.

-Эрдэнэт үйлдвэр цаг тухайд нь тайлангаа өгч байсан уу?

-Өнгөрсөн жилийн хувьд бүх тайланг цаг тухайд нь өгсөн. Энэ нь хуулийн хугацаатай. Уг хугацаанд санхүү эдийн засгийн жилийн бүх тайланг өгч баталгаажуулдаг байсан.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепцод ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Өнгөрсөн хоёр жилд 2017-2031 он хүртэлх концепцоо хийж ТУЗ-өөр сайшаагдаж байлаа. ТУЗ-ийн өгсөн даалгаврын дагуу эхний таван жилийн бизнес төлөвлөгөө боловсруулсан бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сард батлуулж байсан юм. Уг таван жилийнхээ төлөвлөгөөний дагуу 2019 оны бизнес төлөвлөгөөг батлуулахаар өргөн барьсан.

-Эрдэнэт үйлдвэр хаалт, хөгжлийн менежментийн хөтөлбөр боловсруулж байсан шүү дээ. Энэ ямар түвшинд явна вэ?

-Эрдэнэт байгууллагад инновацийн төв гэж бий. Энэ төв дээр хаалт, хөгжлийн менежментийн төлөвлөгөө батлагдсан.Энд шаардлагатай сангуудын эх үүсвэрийг баталсан.

-Сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмж шинэчлэл хийгдсэн үү?

-Хийгдсэн. Тухайлбал, зам овоолгын техник, эксковатор, билинз гэх мэт техникүүдийн шинэчлэл хийгдсэн. Мөн хоёр, гурван терм шинээр суурилуулсан. Энэ жил дахин хоёр терм суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Таны хэлж байгаагаар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа, ашиг орлого нэмэгдсэн гэж байна. Ийм атал онцгой дэглэм тогтоох шаардлага байсан юм болов уу?

-Мэдэхгүй байна. Надаас гарсан шийдвэр биш шүү дээ. Би үйлдвэрлэл хариуцдаг учраас үйлдвэрлэлийн үндсэн процесст доголдол гарсан зүйл байхгүй.

www.inder.mn