Монголбанк: Дуулианд автаж их хэмжээгээр мөнгөө татах нь системийн бусад банкиндаа нөлөөлнө

Нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагаас шалгах болсонтой холбогдуулан Худалдаа хөгжлийн банкнаас хадгаламжаа татъя гэсэн агуулгатай постууд сошиал орчинд харагдах болсон. Тэгвэл Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэдгийг мэдэгдэж байна. Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш энэ талаар хэлэхдээ “Худалдаа, хөгжлийн банк нь 8 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, нийт 3.4 их наяд төгрөгийн харилцах, хадгаламжтай, системийн нийт гадаад төлбөр тооцооны дийлэнхи хувийг гүйцэтгэдэг системийн нөлөө бүхий банк. Сүүлийн 6 сарын туршид банкны системийн нийт актив хөрөнгийн 5-аас дээш хувийг эзэлж байгаа банкийг системийн нөлөө бүхийн банк гэдэг. Өнөөдрийн байдлаар Худалдаа, хөгжлийн банкны актив нийт системийн активын 24.3 хувийг эзэлж байна. Тэгэхээр системд хэрхэн нөлөөлөх нь тодорхой юм. Дуулианд автаж, системийн нөлөө бүхий банкнаас харилцагчид их хэмжээгээр мөнгөө татсанаар тухайн банк харилцагчийн мөнгийг анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй байдалд хүргэнэ. Уг банкны харилцагчдын гүйлгээ хийгдэхгүй учир бусад банкны харилцагчдын орох мөнгөн урсгал тасалдаж, системийн бусад банкиндаа нөлөөлнө. Ингэснээр нийт эдийн засгийн мөнгөн урсгал доголдож, нийгэмд ихээхэн хор уршиг бий болно. Мөнгөний урсгалыг хүний цусны эргэлттэй зүйрлэх юм бол зарим эд эрхтэнд цус хүрэхээ больж, үхжиж эхэлнэ. Тэгэхээр би, манай байгууллага энэ банктай харьцдаггүй учир ямар хамаа байна аа гэж хэрхэвч хандаж болохгүй асуудал юм. Таны ажилладаг байгууллага, таны бизнесийн орох мөнгөн урсгалыг бий болгодог харилцагчдын төлбөр тооцоо системийн нөлөө бүхий тус банкаар хийгдэж байгаа шүү дээ. Иймд бусдыг банкнаас мөнгөө татахыг уриалах, дуулианд автаж мөнгөө татах нь нийгэмд асар их хор уршиг авч ирдэг” гэж байна.

Мөн тэрбээр  “Энэ үйл явдал нь тухайн банкны санхүүгийн үзүүлэлт, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж буй эсэх, банк уг эрсдэлийг хэрхэн удирдаж буйд Монголбанк тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Шаардлагатай гэж үзвэл тус банкинд газар дээрх хэсэгчилсэн шалгалтыг хийж болно… Банкны системийн тогтвортой байдал нь харилцагч, банк хоёрын итгэлцлээс ихээхэн хамаардаг тул олсон мэдээлэлдээ дүн шинжилгээ хийлгүйгээр шууд их хэмжээгээр мөнгөө татаж авах нь банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд оруулах аюултай. Худалдаа, хөгжлийн банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа өнөөдрийн байдлаар 47 хувь байгаа нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцаа болох 25  хувиас 22 нэгж хувиар өндөр байна. Энэ нь банкнаас 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэр татагдах эрсдэлийг Худалдаа, хөгжлийн банк даахаар байгааг харуулж байгаа юм” гэж байр сууриа илэрхийлсэн байна.

www.inder.mn