Ээлжит бус чуулганаар “ЭЭЛЖИТ ТОМИЛГОО” хийгдэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр /2019.03.06/ хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019.03.18-29-ний өдрүүдэд хуралдуулах тов гаргалаа. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх үүднээс холбогдох Байнгын хороод ирэх долоо хоногоос хуралдаж эхлэх юм байна.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал асуудлууд хүлээгдэж байгаа. Татварын багц хуулийн төслийн тухайд УИХ-аас төсөв, татварын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлэн татварын орчныг сайжруулах чиглэлээр нээлттэй зөвлөгөөн зохион байгуулсан. Үндсэндээ Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд 29 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 45 дүрэм журмыг батлах учиртай.

Мөн Тендерийн тухай хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ээлжит бусаар хэлэлцэх хүлээлттэй байна. Засгийн газар 2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарласантай холбоотойгоор энэхүү хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа ба тендерийн шалгаруулалтад авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд уг хуульд өөрчлөлт оруулах учиртай болсон.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх чигтэй байгаа. Уг хуулийн төсөл нь 2018 он намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд тогтмол багтаж ирсэн ч УИХ-ын гишүүдийн саналаар хойшлогдсоор өнөөдрийг хүргээд буй.

Ээлжит бус чуулганаар эдгээр хуулийн төслүүдээс гадна төрийн ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН томилгооны асуудлыг хэлэлцэх нөхцөл байдал үүсээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх тухай албан бичиг /2019.03.06/ хүргүүлээд байгаа. Үүн дагуу УИХ-ын даргын захирамжид ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр болжээ.

Ерөнхийлөгчийн албан бичигт “Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017.11.17-ны өдөр дуусгавар болсон. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан миний бие 2018.05.03-ны өдөр тус байгууллагын дарга, дэд даргыг томилох саналаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-д хүргүүлсэн боловч УИХ-ын дарга 2018.05.16-ны өдрийн 1/5736 дугаар албан бичгээр “уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна” гэсэн тухай хууль зүйн үндэслэлгүй хариу ирүүлээд байна. Тухайлбал, энэ нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Зургадугаар бүлгээр зохицуулагдсан Албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журамд нийцэхгүй, тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм. Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна” гэжээ.

Ерөнхийлөгчийн зүгээс мөн Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ганбатын Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019.01.08-ны өдөр дуусгавар болсонтой холбогдуулан Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорыг зөвшилцөх, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын даргад хүргүүлжээ.

Тэгэхээр УИХ-ын ээлжит бус чуулганаар цаг үеийн тулгамдсан хуулиудыг хэлэлцэхээс гадна төрийн өндөр албан тушаалтнуудын томилгоог хэлэлцэх нь тодорхой болж байна. Товчхондоо бол ээлжит бус чуулган халуун, ширүүн өрнөх бололтой.

www.ihder.mn