Ээлжит бусаар 10 гишүүний ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ асуудлыг хэлэлцэх үү?!

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулж их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын 23 гишүүнийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа билээ. Тэд эхний ээлжинд нэр бүхий таван гишүүнийг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлээд байгаа юм. Яллагдагчаар татах хуулийн орчин нь бүрдсэн УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нар яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсгээ зураад байна.

УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нараас гадна Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, М.Оюунчимэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх нь ээ.

УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө прокурорын байгууллагаас дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналыг оруулж ирсэн ч парламентын олонх хүлээж авахаас татгалзсан юм. Учир нь, тэд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон 23 гишүүний нэрсийг бүгдийг нь зэрэг оруулж ирж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх ёстой гэх байр суурийг илэрхийлсэн байдаг.

Тэгвэл хуулийн байгууллагаас дахин таван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах саналаа УИХ-д хүргүүлэхэд бэлэн болсон талаар эх сурвалж өгүүллээ. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцаж, гарын үсгээ зурсан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нараас гадна Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, М.Оюунчимэг нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах саналыг ирэх долоо хоногт хуралдаж эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнээс харахад ээлжит бус чуулганаар дээрх 10 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх нь ээ.

Тэгээд ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Пүрэвдорж нар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх саналыг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг эрх баригч “бүдүүн” бүлгээс шаардсан. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, “Эрдэнэт”-ийг тойрсон асуудал болон МАН-ын 60 тэрбум, ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн хэргийг эцэслэх зэргийг шийдвэрлэхийг бүрэн эрхийнхээ хүрээнд шаардсан билээ.

www.inder.mn