“М.ЭНХБОЛДГҮЙ ТӨР”-ИЙН 40 ХОНОГ

УИХ-ын дарга М.Энхболд 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр  Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатарт ажлаа хүлээлгэн өгсөн.

Үүнээс хойш 39 хонож байна. Монгол Улс мандан бадарсан уу. Төрийн нэрээр хулгай дээрэм хийгчид шийтгүүлсэн үү. “60 тэрбумын хэрэг” нотлогдож “ЖДҮчид хариуцлага хүлээв үү?

Богино хугацаанд ихийг нэхэж байгаа бол хүлээе. М.Энхболд Г.Занданшатарт УИХ-ын даргын ажлаа хүлээлгэж өгөхдөө амжилт хүсээд УИХ-аар хэлэлцэж байгаа болон хэлэлцэхээр өргөн баригдсан хууль тогтоомжийн жагсаалтыг хүлээлгэн өгсөн. Тэр хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэх үү, эсвэл яаралтайгаар оруулж ирэх “өөр хуулийн төслүүд” батлагдах болов уу. Энэ мэт олон асуудал хүлээгдэж байна. УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхээр хэлэлцэж эхлэх нь үү гэтэл АТГ-ын дарга, дэд даргыг солихоос эхлээд өөр асуудлууд яаралтайгаар орж ирэхээр боллоо.

МАН-ын III Бага хурал 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд болж, 20-нд М.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Энэ үеэр өөртэй нь холбоотой ноцтой асуудал бүрт хариулт өгсөн. Энэ тайлбараа шүүхийн өмнө ч давтан хэлэх байх. Харин түүнийг ноцтой асуудлуудад, тухайлбал Эрдэнэтийн 49 хувийн хэлцэл, ХХБ-ны хувьчлал, уул уурхай лицензүүд, АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, “МАНАН” бүлэг, “шударга бусын хонгил”, “60 тэрбумын схем” зэрэгтэй холбоотой асуудлаар өөрийг нь холбогдуулан ярьсан зүйлүүдээ нотолж чадахгүй бол шүүхэд хандана гэсэн билээ.

Нэг Ерөнхийлөгч нөгөө Ерөнхийлөгчөө, нэг УИХ-ын дарга нөгөө УИХ-ын даргаа шүүхээр шалгуулж төрийн албаны залгамж халааг үргэлжлүүлэх болсон нь нэн харамсалтай боловч итгэхгүй байхын аргагүй хүмүүс итгэхээс аргагүй мэдээлэл хийж байсан болохоор эдгээр асуудлыг эцэслэхгүй бол маргаан, талцал үргэлжилсээр байна.

Тэр өдөр М.Энхболд ажлаа өгөхгүй гэдгээ ч, “Та ажлаа өгчихвөл би ч ажлаа өгнө” гэсэн хоёрхон хүний мэдэх учиртай нууцыг задалсан У.Хүрэлсүхийг таньснаа ч мэдэгдсэн. Харин үүнээсээ хойш 40 гаруй хоногийн дараа, ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу “шинэ хууль” яаралтай батлуулж ажлаа өгсөн юм. Гэсэн ч дээрх бүх асуудал яг хэвээрээ гацав.

Ингэхэд М.Энхболд яах гэж огцрохгүй гацаагаад байв? Тэр явчихаар юу болчих гээд байв гэдэг нь одоо маш тодорхой харагдаж байна. Хэдийгээр тэрбээр нэгэнтээ “ҮАБЗ дээр ганцаардаад байна. Тухайлбал ШХАБ-ын асуудлаар” гэсэн нь ноцтой сонсогдож байсан ч одоо бодоход халхавч байсан юм биш үү.

АТГ-ын даргыг, дэд даргыг, Ерөнхий прокурорыг өөрчлөх хүсэл бол ил байсан. Харин Эрдэнэт үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоох зэрэг дээр ҮАБЗ дээр санал нэгдэхгүй л байжээ дээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ордуудыг төрийн мэдэлд авахыг ч М.Энхболд дэмжиж өгөхгүй байсан бололтой. Жирийн иргэнд энэ бүхэн яг амьдралд нь тулсан асуудал биш боловч ЖДҮХС-ийн зээлээр орлогоо нэмэгдүүлэх боломжоо “мэдээлэлд ойр”, төрийн өндөр албан тушаалтнуудад алдсанаа мэдсэн олон нийт одоог хүртэл хариуцлага тооцохыг хүлээсээр байна. Энэ бүхэн улс төрийн тохироо, томилогооны зураг схемээс болоод гацсаар улиг болох, замхрах магадлал өндөр байгаад олон нийт дургүйцэж бухимдсаар…Хэн ШХАБ-д элсэх гээд, элсүүлэх гээд байгаа нь эс харагдах боловч нөлөө бүхий улстөрчид дуугарч эхэлсэн. Батлан хамгаалах салбараар оролдож, хар тамхитай тэмцэх ажлаа ШХАБ-тай холбон ярьж, ШХАБ-ын гишүүн орноор айлчлах, түүний жинхэнэ гишүүн болсноор их хэмжээний зээл авчих боломж байгаа тухай ярих энэ бүхэн тохиолдол гэж үү.

М.Энхболд одоо хаана, юу хийж яваа нь хэнд сонин байх бол. Тэр одоо УИХ-ын гишүүн. Харин тэр улстөрчийн байр суурь, ноён нуруу, аливаа ажилд хандах арга барил хэсэг бүлэг хүмүүст нэлээд удаан хадгалагдах, бүр нэхэгдэж мэдэх бололтой.

М.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 28-нд Дүнжингарав уралдааныг зохион байгуулсан согтуу галзуу хэдэн хуурай дүү нараасаа болж нүүр хийх газаргүй болж “Энэ удаагийн уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч гэсэн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж байна” гэсэн мэдэгдэл хийгээд МСУХ-ны ерөнхийлөгчийн холбооны ажлаа өгсөн юм. “Морио гомдоосон монгол” гэгчээр түүнээс хойш өөдлөөгүй. Цаг үргэлж “тэжээсэн хэдэн бяруундаа” тийрүүлсээр байгаад УИХ-ын даргын ажлаа хүртэл өгөхдөө өөрийг нь огцруулах хуулийн төслийг бараг л гараараа бичилцэх нь холгүй нөхцөл байдалд орж билээ.

Мөнхийн дарга гэж байх биш. Улс төр, төрийн алба харгис шүү дээ. Харин өнөөдрийн цаг мөчид түүн шиг амар амгалан хүн байгаа болов уу гэмээр алсарч. Багийнхан руугаа, арай ойр дотно хамтарч явсан бүхэн рүүгээ харахад адлуулаастай. Гол буруутан нь өөрөө мэт.

Тэр бол 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож тухай үеийн МАХН-ын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ 67-гийн том бүлгийг тарааж, тухайн үеийн МАХН, АН тус тусдаа байх ёстой гэдэг байр суурийг гаргасан. Энэ 67-гийн бүлэг дээр үндэслэж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж байсан ч одоо Ц.Элбэгдоржтой л хардагдаж үлдсэн юм.

УИХ-ын сонгуулийн өмнөхөн түүнийг олж ирж нам удирдуулж ялалт байгуулах болдог. Тэр ялуулдаг. Одоо ч тэвдэхийн цагт тийм уур амьсгал үүсэхийг үгүйсгэхгүй. Учир нь 2006 онд Ерөнхий сайдаар томилогдоод таван намтай Эв нэгдлийн гэдэг тодотголтой Засгийн газрыг тэр тусмаа гол сөрөг хүчин АН-гүйгээр байгуулж ажилласан түүнийг талцаж хуваагдсан нэг намыг ялуулчихвал гайхах зүйлгүй.

Үүний өмнө Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа 60 тэрбумын асуудлыг ил болгох ёстой.Нэгнээ хэлмэгдүүлээд явуулсан шигээ шийтгэж эсвэл цагаатгаж чаддаг төртэй байх нь ийм хэлмэгдэл дахин давтагдахгүй байх, хэрэгт холбогдсон бол хэн ч шийтгэгддэгийг харуулах учир замхруулалгүй шийдэх асуудал яах аргагүй мөн.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал анхаарлын төвд байна. Цагтаа бараг хааны зиндаанд төр барьж байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Асгатын ордыг оросуудад наймаалцахад нь саад хийж чадсан М.Энхболд энэ удаад хэнээс айж эмээж, юунд шунаж холбоотон хамсаатан болох билээ.

“Жоом толгойгүйгээр ес хоног амьдарч чаддаг” гэгчээр талцал хуваагдлын дүнд зарим даргагүйгээр монголчууд амьдарч үзлээ. Дарга биднийг тэжээдэггүй юм байна гэж зарим нь ойлгосноо ярьж байна билээ. Албан тушаалын төлөөх өрсөлдөөн ард иргэдийн хувьд ийм л юм. Дарга ард иргэдийн дэмжлэггүйгээр оршин тогтнох тун хэцүү. Аргагүйн эрхэнд дарангуйлж эхэлдэг. Дарангуйлал нь хэтэрч, нийгэмчлэл нь ихэсч тав хоног таг харанхуй болсон Венесуэл алсын АНУ-ыг буруутгаж эхлэхийг бид харж байна. Энэ жишээ цаанаа л ойрхон, Монгол руу гэтээд ч байх шиг санагдах боллоо. Харин иргэд даргагүйгээр амьдарч аж төрж болоод байдгийг хараад авлаа. Өөрийгөө, өрхтэйгээ болгоод байхад болдог аж. Гэтэл өрхийн орлогоос нь төрчид хулгайлчихаад байхыг өдөр бүр уншиж, сонсож, харж байгаа иргэд нэг л өдөр тэсрэх вий.

Ийм нэгэн 40 хоногийг бид үдлээ. Юу сайхан болсон, юу сайхан болохыг таашгүй.

У.Оргилмаа