Д.НЭМЭХБАЯР, Н.РАДНААСЭД НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд боллоо.

Харин шүүх хуралд оролцогч хүсэлт гаргасны дагуу шүүх хурлыг энэ сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.

Тодруулбал, нийслэлийн төв талбайн ногоон байгууламж руу шингэн “мөр”-өө гаргасан Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаяр болон түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг  “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байсан юм.

Энэ хүрээнд АТГ-аас тэднийг шалгаж, Д.Нэмэхбаярын гэрээс 14 сая төгрөг олдсныг хураан авчээ. Түүнчлэн Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нар нь иргэдээс 200 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль авдаг байсан нь илэрсэн байна.

Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 иргэнд Эрүүгийн хуулийн 22.4.2, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

www.inder.mn