ГОВЬСҮМБЭР: Шивээговь суманд нүүрс угаах үйлдвэр ашиглалтад орно

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаах үйлдвэр туршилтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Жилдээ 1.5-1.8 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай тус үйлдвэрийг Монгол, Хятадын хамтарсан “Старто” ХХК байгуулсан бөгөөд дэд бүтэц орсон анхны үйлдвэр гэдгээрээ онцлогтой юм. Үйлдвэр ашиглалтад орсноор 170-180 хүн ажлын байртай болж,  ажиллах хүчний багагүй хувийг орон нутгаас бүрдүүлэх аж.
Үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг зургаан сарын хугацаанд угсарсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг угааж, Ази, Европын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

Ингэснээр Монгол Улсын нүүрс гуравдагч орны зах зээлд гарах боломж бүрдэж, нэг алхам урагшилна гэж үзэж байна. Мөн Монгол Улсын дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 30 орчим хувийг нийлүүлдэг Шивээ-Овоогийн уурхайн хүрэн нүүрсийг угааж, үнэ өртгийг нэмэгдүүлэх боломжтой юм. Үйлдвэрийн үйл ажиллагаатай “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцсан байна.

www.inder.mn