Агуу Роналду Аваргуудын лигийн “Бурхан”

Криштиану Роналду эгэл хүн биш гэдгээ Италид ч батласаар байна. Роналдугаа “Ювентус”-т алдсан “Реал” Мадрид дампууралд орж, Аваргуудын лигээс хасагдсан бол харин Роналду шинэ багаа ялалтад хөтөлсөөр явна.

Энэ сард “Юве” хоёр чухал тоглолт хийсэн. Эхлээд Италийн Сери А-д гол өрсөлдөгч “Наполи”-той үзэлцэж, ялсан. Хоёрдугаар байрны багаас 19 оноогоор тасарсан тул Роналду Италид ирсэн эхний жилдээ л Сери А-гийн аварга болох нь шийдэгдсэн асуудал. Харин өчигдөр илүү хүнд, хэцүү даалгавар тэднийг хүлээж байлаа. Мадридад 0:2 ялагдсан “Ювентус” талбай дээрээ 3 гоолын зөрүүтэй ялах ёстой. Аваргуудын лигийн дэвжээнд бол бараг боломжгүй зүйл мэт. Гэвч өнгөрсөн 7 хоногт “Аякс”, “МЮ” багууд гайхамшгийг бүтээж, хөлбөмбөг эцсийн мөч хүртэл явагддаг гэдгийг харуулсан билээ. “Атлетико” Туринд өөртөө тун итгэлтэй ирсэн. Нягт хамгаалаад, сөрөг довтолгоо, булан, хаалттай цохилтоос гоол хийх. Энэ бол “Атлетико”-гийн тактик.

“Ювентус” ч ийм тоглолтод бэлэн байсан бөгөөд эхний минутаас л прессинг хийсээр эхний бөмбөгийг Роналду мөргөж орууллаа. “Атлетико” довтлохгүй хэвээр л. Үүнийх нь төлөө тэднийг Роналду дахиад нэг шийтгэлээ. Агуу Роналду жил ирэх тусам залуужиж байгаа мэт гялалзсаар тоглолт дуусахаас 5 минутын өмнө пенальтигаар гоолдож, энэ үдэш хет-трик  хийлээ. Италид бусдаасаа тасархай “Ювентус” Аваргуудын лигийн төлөө л түүнийг урьсан, Роналду ч үүргээ гайхамшигтай биелүүлсэн. Харин Диего Симеоне алдаан дээрээ ажиллах үлдлээ.

“Ювентус” Итали – “Атлетико” Испани 3:0 (1:0, 2:0)

“Альянц Стэдиум”

Гоол: 1:0 – 27 Роналду, 2:0 – 49 Роналду, 3:0 – 86, пенальти Роналду.

“Ювентус” – Шченсны, Жоау Канселу, Бонуччи, Кьеллини, Спинаццола (Дибала, 67), Жан, Пьянич, Матюиди, Бернардески, Манжукич (Кин, 80), Роналду.

“Атлетико” –   Облак, Арьяс (Витоло, 77), Хименес, Годин, Хуанфран, Коке, Родри Эрнандес, Сауль, Лемар (Корреа, 57), Гризманн, Мората.

Шар хуудас: Бернардески (64), Хуанфран (73), Хименес (86), Витоло (90).

Эхний тоглолт – 0:2

“Манчестер Сити” Англи – “Шальке” Герман 7:0 (3:0, 4:0)

“Этихад Стэдиум”

Гоол: 1:0 – 35, пенальти Агуэро, 2:0 – 38 Агуэро, 3:0 – 42 Сане, 4:0 – 56 Стерлинг, 5:0 – 71 Бернарду Силва, 6:0 – 78 Фоден, 7:0 – 84 Габриэл Жезус.

“Манчестер Сити” – Эдерсон, Уокер, Данило, Лапорт (Делф, 72), Зинченко, Бернарду Силва, Гюндоган, Сильва (Фоден, 64), Стерлинг, Агуэро (Габриэл Жезус, 64), Сане.

“Шальке” –     Фэрманн, Маккенни (Мендиль, 74), Стамбули, Сане, Брума, Очипка, Эмболо (Скрибски, 69), Сердар, Бенталеб, Коноплянка, Бургшталлер (Тойхерт, 79).

Шар хуудас: Брума (33), Данило (48), Зинченко (69).

Эхний тоглолт – 3:2