Чөлөөт бөх: Дэлхийн аварга Такүто Отогүро “Дэлхийн Цом”-д барилдахгүй

Чөлөөт бөхийн “Дэлхийн Цом”-ын тэмцээнд оролцох Японы шигшээ баг өнөөдөр ОХУ-ын Якутскт очлоо.

Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Иноүэ Кэнжи нисэх буудал дээр “Манай баг 22 хүнтэй. 12 тамирчнаас гадна 2 дасгалжуулагч, 2 шүүгч, эмч, массажчин, гэрэл зурагчинтай ирлээ. Багийн ахлагч Акаиши Косэй. Маргааш тэмцээний хүндэт зочин, олимпийн аварга Юүжи Такада, Хидаэки Томияма нар ирнэ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Японы багийн томчуудын нэг 2018 оны дэлхийн аварга Такүто Отогүро өвчтэй тул Якутскт ирж чадсангүй. Уг нь тэр 65 кг-ийн жинд барилдах ёстой байлаа.

“Такүто ирээгүй ч манай баг амжилттай барилдаж, медаль хүртэх зорилготой. Гол өрсөлдөгч маань ОХУ-ын шигшээ баг” гэж Иноүэ Кэнжи хэлсэн.

2017 оны дэлхийн аварга Юүки Такахаши “Якутад анх удаа ирж байна. Маш хүйтэн юм. Өнгөрсөн оны “Дэлхийн Цом”-оос бид хүрэл медальтай буцсан. Энэ жил өнгийг нь хувиргах зорилготой. Манай 57 кг-д Якутын Арыйаан Тютрин барилдана. Хэцүү өрсөлдөгч” гэжээ.

Маргааш АНУ, Гүрж, ОХУ, 15-нд Куба, Иран, Туркийн багууд Якутскт хүрэлцэн очих юм.