Д.Сугарын хүүхдүүд Монголоос явжээ

Монголын төрд өндөр албан тушаалыг ээлжлэн хашсаар өнөөдрийг хүрсэн Д.Сугарын нэрийг сайн болоод муугаар сонсоогүй хүн үгүй биз. Хамгийн сүүлд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа дуусган өнгөрсөн оны тавдугаар сард уг үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч тэрбээр өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.

Түүний нэр холбогдсон авлига, албан тушаалын хэргүүдийн дуулиан арваад жилийн өмнөөс ар, араасаа босч байсныг санаж буй хүмүүсийн хувьд “хуулийн байгууллагад шалгагдаж байгаа” гэх мэдээлэл гайхахаар, цочирдохоор зүйл биш болжээ. Тэрбээр гэм буруутай эсэх нь тусдаа асуудал. Харин олон жил үргэлжилсэн хэл ам, хуулийн байгууллага хараа хяналт түүний гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүдэд нь хүндээр тусч, гадаадад суурьших сонголт руу түлхсэн бололтой. Тодруулбал, түүний охин С.Одонгоо НҮБ-ын Монгол дахь төсөл хөтөлбөрийн байгууллагад ажиллаж байсан карьерээ орхиж, нөхөр гэр бүлийн хамт хоёрдугаар сарын 20-ны өдөр Европ руу явсан гэх мэдээлэл байгаа юм. Түүний нөхөр Б.Баясгалан “Шунхлай” группийн охин компанид захирлын алба хашиж байсан ч ийнхүү гадагшаа гарчээ. Тус гэр бүл өмч хөрөнгөө хөдөлгөөнд оруулсныг бодоход урт хугацаагаар явж буй бололтой. Гэхдээ хүргэн Б.Баясгалан өдгөө Сингапурт компани, хөрөнгийн бичиг баримтыг зохицуулах ажилтай яваа гэх мэдээлэл ч байна. Мөнхүү түүний бага охин нь Австралид ажиллаж, амьдраад удаж байгаа. Энэ мэт мэдээллээс харвал, С.Сугар үүсээд байгаа нөхцөл байдал, холбогдох олон баримтаас үүдэн гэр бүл үр хүүхдүүдийн хамтаар гадагшаа дайжиж байгаа нь үнэн бололтой.

Сэлэнгэ аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хэлтсийн даргаар ажлынхаа гарааг эхлүүлсэн цагаас хойш Засгийн газрын түв­шинд Төрийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, ТӨХ-ны дарга, ҮХЦ-ийн гишүүн гээд төрийн өндөр дээд албан тушаалд 40 шахам жил ажилласан Д.Сугар сүүлийн жилүүдэд төдийгүй  урьд өмнө ч авлигын шинжтэй асуудлуудад нэр холбогдсон ч нотлогдсон нь үгүй. Нэг үгээр бол ямарваа ял зэмлэл үүрч байсангүй. Түүнийг хэд хэдэн дуулиант хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгах хүсэлт гаргаж байсан ч эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас шалгалтын ажиллагаа удааширч, зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Ингээд түүний нэр холбогдож байсан дуу­лиа­нуудаас баримт түшин эргэн сөхье. 

“ЭРДЭНЭТ”-ИЙН 51 ХУВИЙГ БАРЬЦААЛАХАД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ХЭРЭГ

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр “Жаст”-ын Ш.Батхүү нарын таван хүнийг яллагдагчаар татан АТГ-аас шалгаж байгаа билээ. Хэргийн шалгалтын явцад тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугарыг тус үйлдвэрийг барьцаанд тавихыг зөвшөөрч гарын үсэг зурсан байж болзошгүй гэх үндэслэлээр өнгөрөгч 2018 оны зургаадугаар сард АТГ-аас дуудан байцаалт авсан байдаг. Тэгвэл Ш.Батхүү, Д.Сугар нарт холбогдох дээрх хэргийн шалгалтын ажиллагаа дуусч, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн талаар АТГ-аас 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр мэдээлсэн юм. “Стандарт” банктай холбоотой зээлийн маргаан өдгөө ч олон улсын Арбитрын шүүхээр эцэслэгдээгүй байгаа үүнд тэрбээр холбоотой гэдгийг нотолж байна.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ГАН БӨМБӨЛӨГ ШАХСАН ХЭРЭГ ЗАМХАРЛАА

2011 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Т.Ганболдыг АТГ-аас шалгаж, улмаар 2012 оны нэгдүгээр сард цагдан хорих үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар голлох үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй хэмээн АТГ-аас тайлбар авч байжээ. Тодруулбал, Д.Сугар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байхдаа “Эрдэнэт” үйлдвэртэй 2008 оны 11 дүгээр сарын 15-нд ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ байгуулахдаа эдийн засгийн эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байна. Тухайн үед төрийн өмчит хоёр үйлдвэрийн худалдааг хооронд нь зуучилсан Д.Сугар эдийн засгийн хямралыг туулахын тулд ган бөмбөлгөө “Эрдэнэт” үйлдвэр рүү шууд нийлүүлэх боломжтой гэж үзээд гэрээ байгуулсан аж. Гэвч Д.Сугар гэрээгээ зөрчиж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс гарсан ган бөмбөлгийг Хонгконгийн “Стандарт металлс лимитэд” компаниар дамжуулж “Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлж, төрийн өмчит компанийг гурван сая ам.долларын алдагдалд оруулсан гэдэг. Үүнтэй холбоотойгоор Д.Сугарт Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаж байсан ч энэ хэрэг замхарсан.

МИАТ-ИЙН МӨНГӨ УГААСАН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ

АНУ-д гарсан террорист халд­лагын дараа дэлхийн улс орнуудын авиа компаниуд дайны эрсдлийн хураамж авч эхэлсэн. Энэ жишгийн дагуу МИАТ компани 2001 оны  аравдугаар сарын 15-наас эхлэн зорчигч тус бүрийн тийзний үнэ дээр таван ам.доллар нэмж татвар авдаг болсон. Энэхүү татварыг 2012 он хүртэл тасралтгүй авч байсан бөгөөд 12 жилийн турш хуримтлагдсан 700 сая ам.доллар юунд зарцуулагдаж байсан нь тодорхойгүй байсан учир хуулийн байгууллагаас шал­гаж эхэлсэн. Улмаар 2013 оны нэгдүгээр сард МИАТ-ын захирал асан Ц.Орхон, “Монголиан Эйр­лайнс” компанийн захирал Ч.Хо­рол­­сүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурь­тогтох, Н.Гантөмөр, МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, ТӨХ-нд ажиллаж бай­сан С.Батхишиг, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, мөн түүний төрсөн дүү Б.Мандахбаяр нарын есөн хүнийг шалгаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Тухайн үед Д.Сугар ТӨХ-ны даргаар ажиллаж байсан ба тэдний энэ үйлдлийг огт мэдээгүй хэмээн тайлбарласан ч шалгалтын явцад түүнтэй холбоотой шинэ баримтууд гарч ирсэн. Тухайл­бал, мөрдөн байцаалтын явцад мөнгө угаахаар хуурамчаар байгуулсан гэх “Вест вельф” ком­паниас гадна “MAT инвестмэнт” гэх ББСБ байгуулсан нь тодорхой болсон аж. Түүгээр нь ТӨХ-ны дарга асан Д.Сугар найман удаа тэрбумаас дээш төгрөгийн гүйлгээ хийсэн нь тогтоогдсон ч хуулийнханд түүнийг шалгах боломж олдоогүй юм. Учир нь Д.Сугар 2012 онд буюу хэргийг шалгаж эхэлмэгц буюу ТӨХ-ны даргын албан тушаалаа өгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон юм. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс Прокурорын газраас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг хоёр ч удаа ҮХЦ-д хүргүүлсэн боловч татгалзсан хариу өгсөн учраас шалгаж чадаагүй. Мөнхүү тухайн хэрэгт холбогдуулан дээрх нөхдийг ялласан ч эргээд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Д.СУГАРЫГ АТГ-ААС ШАЛГАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН Ч  ЦЭЦ ХАМГААЛЖ ҮЛДЭВ

ТӨХ-оос Үндсэн хуулийн Цэцэд очсон Д.Сугар 2013 оны хөрөнгө орлогоо нуун дарагдуулж, буруу мэдүүлсэн хэмээн АТГ-аас Цэцэд албан бичиг хүргүүлэв. Улмаар тухайн үеийн Цэцийн дарга  Ж.Амар­­санаа, түүнийг хөрөнгө ор­логын мэдүүлгээ бичихдээ хайх­­рамжгүй хандсан, хөрөнгө орлогын өөрчлөлтөө бүрэн гүйцэд мэдүүлээгүй алдаа дутагдал гарга­сан гэж үзэн гурван сарын цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байв.

Д.СУГАРЫН НУУСАН ХӨРӨНГӨ ИЛ БОЛЛОО

АТГ-аас түүний нуун дараг­дуулсан гэх хөрөнгө орлогыг шалгаж гадаад дахь оффшор данс, үл хөд­лөх хөрөнгө, томоохон хэмжээний зээл, хөрөнгө зэргээ мэдүүлээгүй гэдгийг тогтоосон. Тухайлбал, Баян­зүрх дүүргийн 1З дугаар хороо, “Алтантэвш” хороололд байрлах 30 м2 талбайтай хувийн сууц, “Транс Трейд”, “Би Би Эс Би” ББСБ дахь нэг тэрбум төгрөгийн хадгаламж, олон улсын үнэт цаасны  биржээс худалдаж авсан 290 сая төгрөгийн хувьцаа, Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд (2008 онд) 48 сая иенийн үнэ бүхий орон сууц, Хонконгийн “Эйч Эс Би Си” банкин дахь оффшор данс (уг данснаас иргэн О.Тамирын дансанд 2007 оны долдугаар сарын 16-нд 199.941 доллар, мөн оны  наймдугаар сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байжээ), мөн БНСУ-ын Чэжү арал дахь “РАӨН” хотхоны 101/701 тоот орон сууц зэргээ мэдүүлээгүй ажээ. Ийнхүү Д.Сугарыг их хэмжээний хөрөнгөө нуун дарагдуулсан, орлогынхоо өөрчлөлтүүдийг үндэс­лэлтэй тайлбарлаж чадаагүй хэмээн АТГ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хүргүүлж, УИХ-д хандаж байжээ. Дээрх хүсэлтийг УИХ Байнгын хороогоор авч хэлэлцээд МАН-ын зүгээс дотроо шалгаж эцэслэсний дараа хэлэлцэхээр хойшлуулсан бол ҮХЦ-ээс түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байдаг.

Д.СУГАР НУУСАН ХӨРӨНГӨӨ ИЙН ТАЙЛБАРЛАЖЭЭ

1. Улсын бүртгэлийн Ү-220415134 дүгээрт бүрт­гэлтэй Баянзүрх дүүргийн XIII хороо, “Алтантэвш” хороололд байрлах 30 ам метр талбайтай хувийн сууц

Тайлбар: “Алтантэвш” хороолол дахь 372 ам.метр талбайтай хувийн орон сууцны хамт 2003 онд барьсан манаачийн байр. Энэ барилгыг өөрийн хувийн орон сууцны хамт гэж үзээд мэдүүлээгүй. 2003 онд 70 сая төгрөгийн зээл аваад манаачийн байр, хашаа зэргийг барьсан.

2. 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр “Транс Трейд Би Би Эс Би” ББСБ-аас авсан 273.6 сая төгрөгийн, 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр авсан 113 сая төгрөгийн зээлийг, 2012 онд хөрөнгө орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлт

Тайлбар: “Транс Трейд Би Би Эс Би” ББСБ-аас зээл авч байсан. Гэхдээ тэр хэдэн төгрөгийн зээлийг ямар зориулалтаар авч байснаа санахгүй байна. Би тэр ББСБ-аас мөнгө хэрэг болсон үед зээл авдаг. Түр зээлээд буцаагаад өгсөн учраас хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүү­лээгүй. “Транс Трейд БИ Би Эс Би” ББСБ-аас олгож байгаа зээлд би хүү төлдөггүй. Миний нэг тэрбум төгрөгийг хадгалж байгаа. Ч.Хоролсүрэн гэдэг хүн дээрх ББСБ-тай холбоотой байдаг. Тэр хүнээс би шаардлагатай үедээ хэлээд мөнгө авдаг. Тэр хүн мөнгийг хаанаас авдгийг мэдэхгүй.

3. 2010 оны арваннэгдүгээр сараас “Хууль зүйн сургалт, судалгаа, төслийн төв” ТББ-ын гишүүний бүртгэл

Тайлбар: Би тэр ТББ-ын талаар санахгүй байна. Тус төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй учраас мэдэхгүй.

4. “Ай даблью” ХХК, “Даблью даблью” ХХК-иуд нь улсын бүртгэлийн лавлагаагаар гараа­гүй бөгөөд Д.Сугар болон эхнэр Д.Цогзолмаагийн нэр дээр бүртгэлгүй байгаа тухайд

Тайлбар: Эдгээр хувьцаат ком­паниудын хувьцааг худалдаж авсан. Одоо нэр нь өөрчлөгдөөд “Ай даблью Эн” ХК (Айвенхоу майнз) Turquis Hills”, “Даблью даблью” ХХК нь “Wins Way” нэртэй болсон. Эдгээр компанийн хувьцаанаас нийт 290 сая төгрөгийн хувьцааг Олон улсын үнэт цаасны биржээс худалдаж авсан хэмээн тус тус мэдүүлсэн байдаг.

Д.СУГАРЫН ХҮҮ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ЯЛЛАГДСАН Ч ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД БАГТАВ

Дүүргийн эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүх хар тамхи хэрэглэсэн гэх 12 хүнд холбогдох хэргийг 2015 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хэлэлцэж байв. Энэ хэрэгт Д.Сугарын хүү С.Цог холбогдон шалгагдаж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутай хэмээн үзэж, хоёр жилийн хорих ялаар шийтгэгджээ. С.Цог нь дахин 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр дахин хэрэгт холбогдсон юм. Ингэхдээ өмнө нь хамт хоригдож байсан Б.Энхтайван нартай хамт айс буюу мөс биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулагдсан байдаг. Гэвч шалгалтын явцад хэргийн газраас олдсон хар тамхи нь С.Цогийнх бус Б.Энхтайваны биеэс илэрсэн хэмээн хэргийг хаасан байдаг.

“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВИЙГ ТӨРД АВАХ НЬ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ХЭМЭЭН ТАНИЛЦУУЛАВ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцааг хувийн хэвшлийн компаниас төрд шилжүүлэн авах тухай УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг 2018 оны гуравдугаар сард Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэхэд Д.Сугар илтгэгч гишүүнээр ажиллав. Тэрбээр ийнхүү илтгэхдээ “Монголын зэс корпораци” Эрдэнтийн 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна” хэмээсэн юм. Д.Сугар нь ҮХЦ-ийн гишүүнээс бүрэн эрхийн хугацаа нь дууссан, Цэцийн гишүүн улирал  томилогдох боломжгүй хууль зүйн үндэслэлээр 2018 оны тавдугаар 20-ны өдөр чөлөөлөгдсөн юм.

Дэлгэрэнгүйг “ӨГЛӨӨНИЙ СОНИН”-оос унших боломжтой.