ТУСГАЙ ОЛИМП | Алдартай оддын дуунд нээлтээ хийсэн “ХАЙРЫН НААДАМ”

Тусгай олимпийн зуны наадмын 15-р наадмын нээлт өчигдөр /2019.03.14/ Монгол Улсын цагаар 23 цагт  Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 43000 хүний суудалтай “Zayed Sports City” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тус наадамд дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөх юм. Монгол Улсаас үндсэн төрлүүд болох бадминтон, усанд сэлэлт, хөнгөн атлетик, боче, жүдо, хөлбөмбөг, ширээний теннис гэсэн төрлөөр оролцоно.

Нээлтийн үеэр дэлхийн олон алдартай урлаг соёлын одууд ирж, хит дуунуудаа хүргэсний зэрэгцээ, олимпийн хөдөлгөөний нүүр царай, дуу хоолой болж буй эдгээр одуудын дунд Аврил Лавин болон өнгөрсөн зуны хит дуу болох “Despacito” дууны эзэн Луис Фонси нар багтжээ.

Түүнчлэн Олимпийн хамгийн чухал зүйл болох сүлд дууг нээлтийн үеэр анх удаа олон нийтэд хүргэсэн бөгөөд энэхүү дууг алдартай уран бүтээлч, хөгжмийн продюссер Күэнси Жонес бүтээжээ. Харин амьдралдаа тохиолдож буй саад бэрхшээлийг даван туулах тухай өгүүлэх дууны үгийг зохиолч Грэг Виллс болон дууг дуулж нийтэд хүргэх дуучин “OneRebublic” хамтлагийн дуучин Ряан Тэддэр нар хамтран бичсэн байна.

Тусгай олим нь  Олон улсын тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал Мэри Дэвисийн хэлснээр “Тусгай олимп бол дан спорт биш юм. Энэ бол түүнээс том агуулгыг багтаасан дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн. Энэ бол хайр, хүндлэл, нэгнээ гэсэн сэтгэл, тэвчээр, бие биенээ хүлээн зөвшөөрөх хүн төрөлхтний ариун дэвжээ” юм. Наадмын хамгийн том онцлог нь тамирчид өөрийнхөө спортын төрлөөр ур чадвараараа адилхан тамирчинтай өрсөлддөг. Нас, хүйс, ур чадвараараа адилхан тамирчдыг ангилахын тулд олимпийн наадмын өмнө сорилго тэмцээнийг төрөл тус бүрээр зохион байгуулж, бүх тамирчдыг хамруулдаг.

Энэ бол дэлхийн хамгийн том спортын хүмүүнлэгийн хөдөлгөөн учраас тэмцээн уралдаанаас гадуур олон арга хэмжээ зохион байгуулагддаг юм байна. Үүний нэг нь “Эрүүл тамирчин” хөтөлбөр. Тусгай олимпийн наадмыг зорин ирсэн нийт тамирчид эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Нүд, булчингийн хөгжил, чих гэхчлэн долоон өртөө дамжин үзлэгт хамрагдсан бөгөөд өртөө бүрт үзлэгийн дараа бэлэг бэлджээ. Тухайлбал, нүдний үзлэгт хамрагдсан тамирчдад нарны шил болон харааны шилнээс сонгуулж бэлэглэжээ. Тулгуур эрхтний үзлэгт хамрагдсан тамирчинд дэлхийн алдартай брэндийн пүүз бэлэглэх зэргээр урамшуулсан байна.

Манай багийнхан олимп болох Абу Дабид очсон цагаасаа эхлэн ээлжээр “Эрүүл тамирчин” хөтөлбөртөө хамрагдсаар байгаа бөгөөд, хөл бөмбөгийн баг үзлэгтээ хамрагджээ. Энэ талаар багийн эмч М.Шамсия “Эрүүл тамирчин хөтөлбөр нь тамирчдад урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Мөн өртөө бүрт бэлэг өгдөг. Манай хөл бөмбөгийн багийн тамирчин хараа муутай, маш зузаан линз зүүдэг. Гэхдээ түүнийгээ талбай дээр тоглох үедээ зүүгээд гарах боломжгүй байсан. Манай тамирчид нүдний үзлэгт хамрагдсанаар тэр тамирчиндаа зориулалтын хагардаггүй материалаар хийсэн нүдний шил захиалж, авахаар боллоо” хэмээсэн байна.

www.inder.mn