А.Баярцэцэг: Монгол бол дэлхийд цор ганц, дахин давтагдашгүй брэнд

Дэлхийн миссийн 66 дахь удаагийн наадамд морьтон Монголын гоо охин шилдэг 11-т шалгарсан нь түүхэн амжилт билээ. Хүн төрөлхтний гоо сайхны олимпод амжилттай оролцож, Монголын гоо үзэсгэлэнг дэлхийн долоон тэрбум хүнд гайхуулсан А.Баярцэцэгтэй ярилцлаа.

-“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд амжилт үзүүлснээс хойш Баярцэцэгийн ажил, амьдралд ямар ямар өөрчлөлт бий болсон талаар ярилцлагаа эхэлье.

-Мэдээж олон л зүйл өөрчлөгдсөн. Олны зүгээс ирэх итгэл, хүндлэлээс эхлээд би өөртөө тавих шаардлага, хариуцлага илүү нэмэгдсэн байна. Өмнөхтэйгээ харьцуулахын аргагүй их завгүй болсон. Долоо хоног бүр залуучуудад зориулсан уулзалт, ярилцлагуудад уригддаг. Англи хэлээ хэрхэн сайжруулах чиглэлээр сургалт, зөвлөгөө их өгч байгаа. Мөн өөрийгөө хөгжүүлэх тал дээр цаг гаргахыг нэлээн хичээж байна даа.

-Таны хувьд “Дэлхийн мисс”-т оролцсон нь ч өөрийгөө хөгжүүлэх нэг боломж байсан уу?

-Тийм ээ. Миний хувьд тэмцээн гэхээсээ илүү өөрийгөө хөгжүүлэх төсөл шиг байсан. Энэ төслийн гол зорилго бол эх орноо дэлхийн хэмжээнд маш сайн сурталчлах байсан л даа. Тийм учраас энэ зорилгыг хэрхэн амжилттай болгох вэ гэдгийн хариулт нь өөрийгөө хөгжүүлэх, түүнд бэлтгэх л байсан юм. Бэлтгэлгүй орсон аливаа тохиолдолд хүн азанд найддаг. Тухайн үеийн тэнгэр мэдэг гэдэг шиг. Харин сайн бэлтгэлтэй бол ямар ч юманд барьц алдаад, айгаад, тэвдээд байхгүй. Ер нь би бэлтгэлд их ач холбогдол өгдөг. Бэлтгэл муутай бол ямар ч тэмцээнд орох дургүй.

-Тэгвэл та байр эзэлнэ гэдэгтээ итгэлтэй байжээ, тийм үү?

-Бидний хөдөлмөр, хүсэл тэмүүллийг бурхан шагнасан хэрэг байх. “Дэлхийн мисс” тэмцээн уг нь 10 байр л шалгаруулдаг. Энэ жил анх удаа “Ард түмний мисс” гэдэг номинаци гаргаж ирсэн. Тэр нь зөвхөн шүүгчдийн онооноос гадна дэлхийн бүх хүн хэн түрүүлэх ёстой вэ гэсэн саналыг онлайн хэлбэрээр өгсөн. Би долоон сая санал авсан байсан л даа. Тэр олон хүний саналаар ирсэн шагнал болохоор надад маш үнэ цэнэтэй. Тиймээс залуу хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлж, эргээд энэ хүмүүст зориулж юм хийх ёстой юм байна гэж хайр хүрсэн (инээв).

-Хайр аа?

-Тэгэлгүй яахав, маш их хайр хүрсэн. Тэднийг тэвэрмээр, тэдний төлөө чадах бүхнээ хиймээр тийм хайр.

-Тэр олон хүний саналыг татахад нөлөөлсөн зүйл нь юу байсан гэж боддог вэ?

-Энэ нь миний бодлоор цогц юм байсан гэж бодож байгаа. Нэгдүгээрт, хэчнээн хувь хүн мундаг оролцлоо ч гэсэн Монгол гэдэг чинь өөрөө дэлхийд брэнд имиж болж өгсөн. Хөгжингүй орнуудын хүмүүс бол улс даяараа хөдлөөд л, миссийнхээ төлөө дуу нэгтэй дэмжээд байдаггүй. Харин цөөн хүн амтай улс орнуудын эх оронч сэтгэлзүй илүү хөгжчихсөн байдаг. Тиймээс нэг нь төлөөлөөд дэлхийд өрсөлдөхөд нийтээрээ дэмждэг. Үндэстний тэр давуу тал нөлөөлсөн. Түүнээс гадна гадаад хэл нөлөөлсөн. 130 орны охидуудтайгаа, зохион байгуулагчидтайгаа англиар ярина. Богино хугацаанд шүүгчдэд өөрийгөө болон улс орноо хамгийн сайхнаар танилцуулж чадах уу гэдэг л өрсөлдөөн тэнд өрнөж байгаа шүү дээ. Тэгтэл чинь хэнтэй ч, юу ч ярьж чадахгүй, өөрийгөө илэрхийлэх боломж нь хэлний түвшингээр хязгаарлагдаад байх юм бол магадлал багасна. Хэн илүү ухаалаг байна, тэр хүн л илүү үнэлэгдэнэ.

-Та бас монгол соёл, зан заншлаа мэддэг, мэддэгээс гадна чамгүй дээдэлдэг оролцогч байсан нь их үнэлэгдсэн юм болов уу гэж бодсон. Энэ тал дээр ямар хариулт хэлэх вэ?

-Монгол соёл, зан заншлаа би 100 хувь мэддэг гэж хэлэхгүй. Мэдэхгүй болохоороо харин мэдмээр санагддаг. Жишээлбэл, би хотод төрсөн хүүхэд л дээ. Багадаа хөдөө очдог байсан ч үндэсний зан заншилдаа төдийлөн суралцаж амжаагүй л гэж хэлнэ. Соёлын биет бус өв уламжлалыг хамгаалах чиглэлээр “Язгуур лугаа” гэх баримтат кино хийх үеэрээ би Архангай аймгийн Эрдэнэмандал суманд малчны хотонд хоёр сар амьдарсан. Тэр бол монгол хүн болж төрснийхөө хувьд үүх түүх, соёл уламжлал, зан заншлаа богино хугацаанд ч гэсэн мэдэрч, ойлгож, ухаарах тийм цаг хугацаа байсан. Энэ нь залуучуудын хувьд нийгмийн хариуцлага байх ёстой гэж санагдсан шүү. Мэдээж бидний үеийн залуучууд маргааш гараад малчин болох ёстой гэсэн үг биш л дээ. Гэхдээ энэ бол монгол хүн бүрийн мэдэж байх ёстой мэдлэг. Яагаад гэвэл, бид л авч явахгүй юм бол хэдэн жилийн дараа устаад үгүй болох соёл гэж би харж байгаа.

МОНГОЛ СОЁЛ, ЗАН ЗАНШЛАА БИ 100 ХУВЬ МЭДДЭГ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ. МЭДЭХГҮЙ БОЛОХООРОО ХАРИН МЭДМЭЭР САНАГДДАГ.

-Устаж магадгүй соёлыг зөвхөн мэдэх нь багадах юм биш үү. Тэр соёлыг тээгч болох боломж, бололцоо залуучуудын хувьд улам л хязгаарлагдаад байна уу даа?

-Энэ соёл, зан заншил маань чухал юм аа гэдгийг хүн болгон мэдэх нь эхлээд чухал юм болов уу. Дээр үед илгээлтийн эзэн гэж байсан даа. Төр засаг нь нүүдэлчин соёл, ахуйтайгаа танилцаад ир гээд зориуд явуулдаг байсан гэсэн үг. Одоо бидний үед тийм шахалт алга. Тиймээс бид сайн дураараа, өөрийн хүслээрээ л энэ мэдлэгийг олж авах, утга учир, ач холбогдлыг нь ойлгож аваад, ирээдүйд үр хүүхдэдээ уламжлуулах ёстой гэж л хардаг. Үүнийг урлагаар дамжуулж, киногоор дамжуулж хүмүүст ойртуулж, хүргэж болох байх гэж боддог. Тиймээс ч би энэ чиглэлээр ажил хийж байгаа.

-Та одоо яг хэдтэй билээ?

-26-тай.

-Олны анхааралд байх, бусдын төлөө хариуцлага үүрэх нь 26- тай эмэгтэй хүнд хэцүү санагддаг уу? Дарамт мэдрэгддэг үү?

-Хүмүүс надаас хүлээж буй хүлээлт гэж ярих нь зөв байх л даа. Түүнийг дарамт гэж хүлээж авах уу, үгүй юу гэдэг нь хувь хүнээс хамаарна. Мисс болсны дараа маш олон санал ирэх болсон. Бүх л арга хэмжээнд оролцох ёстой мэт, эсвэл тэр бүхнийг заавал хийх ёстой юм шиг л ханддаг. Гэхдээ тэр бүхний цаана утга агуулга гэж байх ёстой л доо. Мисс болсон гэдгээр бүх зүйлд оролцоод л, утга учиргүйгээр өөрийгөө зориулаад л явах ёстой юм уу, эсвэл ямар нэг утга учиртай зүйлд л цагаа зарцуулах уу гэдэгт хариулах хэрэгтэй болсон. Заримдаа зөрчилдөөд хэцүү л дээ. Үгүй гэж хэлж болохооргүй үе ч байдаг.

-Олны танил болсон тухайд…?

-Олны танил боллоо гээд нэг өөрчлөгдөх зүйл нь дуу хоолой. Өмнө нь миний дуу хоолой 10 хүнд хүрдэг байсан бол өнөөдөр 100 хүнд хүрч байна. Ялгаа нь ердөө энэ л юм. Харин тэр дуу хоолойг ашиглах юм уу, ашиглахгүй байх юм уу гэдэг өөрийн чинь сонголт. Ямар ч юм хийхгүй, дуугүй байгаад байж болно. Тэгэх юм бол тэр дуу хоолой болох боломжоо алдаж байгаа хэрэг. Эсрэгээрээ тэр дуу хоолойг нийгэмд хэрэгтэйгээр, зөвөөр ашиглаж болно. Хүн бүрт ийм боломж олддоггүй. Тиймээс би ашиглах талд нь байгаа. Гэхдээ зөвөөр, нийгэмд ач тустайгаар.

-Нийгэмд өөрийгөө зориулаад эхлэхээр Баярцэцэг гэдэг хүний хувь эрх ашиг орхигдох, хойш тавигдах тохиолдол гардаг уу?

-Заримдаа гарна. Сүүлийн үед миний нийгмийн ажил мөнгө олдог ажлаас минь даваад явчихсан байх жишээний. Гэтэл өмнө нь ажлын цагийг зөвхөн цалин авахын тулд буюу өөрийнхөө эрх ашигт л зориулдаг байсан ч гэх юм уу. Одоо нийгмийн соён гэгээрүүлэх, англи хэлний зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаанд ихэнх цагаа зарцуулдаг болчихоод байна л даа.

-Таныг өнөөдөр хэн болсныг тань сонирхохоос гадна өчигдөр хэн байсан нь сонирхолтой байна. Арван жилдээ ямар охин байв?

-Би арван жилд байхдаа зөвхөн хичээлээ л хийдэг, нүдний шил зүүчихээд хүн ч тоож хардаггүй охин байсан. Жишээ нь арван жилдээ хайрын захиа ч авч үзээгүй.

МОНГОЛ ГЭСЭН ЮМ БҮХЭН ТЭДЭНД ҮНЭНХҮҮ СОНИРХОЛТОЙ. МADE IN MONGOLIA ГЭСЭН ШОШГОТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН MADE IN CHINA ГЭДГЭЭС ИЛҮҮ СОНИРХЛЫГ НЬ ТАТАЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ХАРЬЦУУЛАХ АРГАГҮЙ ХЯЗГААРГҮЙ ИХ ДАВУУ ТАЛ.

-Харин ч хөвгүүдээс их захиа авдаг, анги, сургуульдаа хөөрхөнөөрөө хэлэгдсэн охин байсан гэж бодож байлаа. Үгүй юм уу?

-Гоёж гоодох тухай ч мэддэггүй байж. Их сургуульд ороод л сая нэг өөрийгөө арай эмэгтэйлэг талаас нь хөгжүүлж эхэлсэн. Нүүрээ ч яаж будахаа мэддэггүй оюутан байсан. Уруулын будагнаас өөр будаг ч байгаагүй. Загварын дамжаанд явснаас хойш илүү эмэгтэйлэг талаас нь хөгжүүлж, илүү нээлттэй болсон. Хүмүүсийн өмнө гарч ярьдаггүй, бодол санаагаа илэрхийлж чаддаггүй, тийм боломж ч гарч байгаагүй. Харин тайзан дээр гараад ичимхий зангаа эвдэж, жил өнгөрөх тусам өөртөө итгэлтэй болсон. Тайзнаас би өөртөө итгэх итгэлийг олж авсан юм.

-Хичээл зүтгэл л өнөөдрийн Баярцэцэгийн бүтээж дээ. Багадаа юу мөрөөддөг байсан юм бэ. Бодвол мөрөөдлөө биелүүлэхийн төлөө л тэгж их хичээсэн, өөрчлөгдсөн байлгүй?

-Жоохон байхдаа хоёр мөрөөдөлтэй байсан. Нэг нь сансрын нисэгч болно, НАСА-д ажиллана гэж боддог байсан. Дэвтэр дээрээ “25 жилийн дараа би сансарт ниснэ” гээд л сонин сонин юм бичнэ. Хоёр дахь мөрөөдөл маань кино найруулагч болох.

-Та жүжигчний мэргэжлээр нэмж суралцсан нь ийм учиртай байх нь ээ?

-Би их сургуулиа маркетингийн мэргэжлээр төгссөн юм. Гэвч 50, 60 хүрчихээд “Би залуудаа тэгдэг байж, тэгсэн бол миний мөрөөдөл биелэх байсан” гэж харамсаж амьдармааргүй санагдсан. Тийм ч учраас мэргэжлээ солиод, цоо шинэ зүйлд өөрийгөө сорихоор шийдсэн. Хоёр бакалаврын дипломтой хэрнээ жүжигчнээр сурна гэдэг миний хувьд бараг эрсдэл гаргасан, галзуу ч гэмээр шийдвэр байсан даа. Гэхдээ шийдвэртээ харамсдаггүй, харин ч баяртай байдаг.

-Монголчуудад нэг ойлголт бий л дээ. Мисс гэхээр гоё сайхан харагдаад л явж байдаг гэж боддог. Ер нь мисс гэдэг ойлголтын ард ямар тодорхойлолт байдаг юм бэ?

-Бүхий л талаараа үлгэр дуурайлал болох хүнийг мисс гэж нэрлээд байх шиг. Түүнээс биш гоё сайхан эмэгтэй гэвэл Монголд зөндөө л байна шүү дээ. Гагцхүү тэр дундаас олны өмнө гараад үг хэлчихдэг, үлгэр дуурайлал үзүүлдэг, дуу хоолой болдог, сайн дурын үйл ажиллагаанд өөрийгөө зориулах хүнийг мисс гэж онцолж байгаа. Монголын мисс гэдэг чинь Монгол Улсыг дэлхийд төлөөлж байгаа хэлбэр шүү дээ. Гадаад улс орны хүмүүстэй эх орноо төлөөлөөд харилцах чадамжтай, зөв ойлголт сэтгэгдэл төрүүлдэг, нэр нүүр нь болохуйц соёлыг тээсэн хүн байх ёстой.

-Та мэдээж гоо сайхандаа анхаардаг эмэгтэй. Тиймд сүүлийн үед дэлхий нийтийн чиг хандлага болчихоод байгаа гоо сайхны хагалгаа, өөрчлөлт хийх боломжуудын талаар үзэл бодлоо хуваалцаач?

-Ээж минь надад “Чамд байгаа бүхэн бурханаас заяасан бэлэг” гэж хэлдэг байсан. Бага байхад хүүхдүүд намайг “Туранхай, чинжүү, чүдэнз” гээд л шоглоно. Би өөрөө ч “Би яагаад ийм том хацартай юм бэ” гэж бодох ч юм уу. Юм мэдэхгүй байх үеийн алдаа, буруу ойлголт л юм даа. Ер нь бага насанд гоо сайхны ойлголт буруу төлөвшдөг юм болов уу гэсэн эмзэглэл байдаг. Өндөр хамартай, давхраатай алаг нүдтэй, зузаан уруултай байх нь л гоо сайхан гээд ойлгочихдог. Үгүй л дээ. Одоо бол бусадтай адилгүй байна гэдэг, өөрөөрөө байна гэдэг л жинхэнэ гоо сайхан юм байна гэдгийг мэддэг болсон. Жишээ нь, “Марко Поло” кинонд дүр бүтээх үед найруулагч нь “Монгол эмэгтэй хүн гэхээр чиний төрх л илүү нүдэнд бууж, үнэмшил төрж байна” гэж хэлсэн. Өмнөх ангид нь хятад, солонгос жүжигчид монгол эмэгтэйн дүрд тоглосон боловч үзэгчдэд монгол гэж бууж өгдөггүй л байсан юм билээ л дээ. Харин миний хувьд том шанаатай, давхраагүй нүдтэй. Эдгээр нь монгол эмэгтэй хүнд л байх дүр төрх шүү дээ. Монголчууд шиг царай төрхтэй эмэгтэйчүүд дэлхий дээр өөр байхгүй. Гоо сайхны хагалгаа хийлгээд солонгостой, европчуудтай адилхан болж болно л доо. Гэвч дахин давтагдашгүй, бусдаас өөр гэж онцгойрох үндэстний хэв шинжээ алдчихна. Гайхуулах юу ч үлдэхгүй. Яг нэг зүйлийн хоёрдагч хувилбар, хуулбар л болно.

-Манай улс хүн ам цөөн, зах зээл бага. Тиймээс бусад улстай харьцуулахад бид бага боломжийн дунд амьдарч байна гэвэл зөвшөөрөх үү?

-Үгүй.

-Санал нийлдэггүй гэж үү?

-Огтхон ч санал нийлэхгүй. Харин ч бид бусад улстай харьцуулах юм бол хамаагүй их боломжийн дунд амьдарч байгаа. Жишээлбэл, Америкт очиход байж болох бүх бизнесийн санаа хэрэгжчихсэн, тэнд шинэ зүйл бодож олно, хэрэгжүүлнэ гэдэг асар хэцүү. Бараг боломжгүй. Гэтэл манайд маш олон шинэ санаа, хийж болох зүйл маш их байна. Ямар сайндаа гадаадынхан Монголд ирж, тэр сул орон зай, боломжин дээр юм хийж байна шүү дээ. Өөр талаас нь тайлбарлах гээд үзье л дээ. Хятадад олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдъя гэхэд тэрбум хүнтэй өрсөлдөх хэрэгтэй болно. Харин Монголд гурван сая хүнтэй л өрсөлдөнө шүү дээ. Боломж, магадлалыг нь харьцуулбал асар их зөрүү байгаа нь эндээс харагдах байх. Тиймээс бид боломжийг сэтгэж, олж харж чадахгүй байх шиг санагддаг.

-Бидэнд яг ийм боломж, давуу тал байна гээд нэрлэж болох уу?

-Монголын давуу тал чинь Монгол өөрөө байхгүй юу. Монгол бол дэлхийд байхгүй брэнд бүтээгдэхүүн. Монгол гэдгийг сонссон ямар ч гадаад хүн шууд л маш өвөрмөц гэж төсөөлдөг. Дэлхийн хамгийн сүүлийн нүүдэлчин улс гэдгээрээ тэдний сонирхол, шохоорхлыг эрхгүй татаж байна. Монгол гэсэн юм бүхэн тэдэнд үнэнхүү сонирхолтой. Мade in Mongolia гэсэн шошготой бүтээгдэхүүн Made in China гэдгээс илүү сонирхлыг нь татаж байна. Энэ бол харьцуулах аргагүй хязгааргүй их давуу тал.

-Бидэнд тэгвэл ямар сул тал байна вэ? Аль сул талаа гээх ёстой вэ?

-Миний бодлоор гурван сул тал бий. Эхнийх нь залхуурал. Хоёр дахь нь өөрсдийгөө их голдог. Хөгжиж, өөдлөхгүй байгаагаа ямар нэг шалтаг, шалтгаан олоод тайлбарлачихдаг. “Би ч чадахгүй дээ, надад ч тийм боломж байхгүй дээ” гэж өөрийгөө голох үзэл. Гуравдугаарт, сайн яваа нэгнээ доош татдаг. Тамын тогооны үлгэр гэж хэлдэг дээ. Энэ гурвыг л гээгээсэй.

-Та түрүүнд бусдын дуу хоолой болох тухай ярьсан. Тэгэхээр магадгүй ирээдүйд улстөрд хүч сорих бодол байдаг уу?

-Үгүй, үгүй. Тийм бодол ёстой байхгүй. Би залуу хүн учраас улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг их хүсдэг. Хүслээс гадна энэ бол үүрэг. Хувь нэмрээ оруулахыг би юу гэж ойлгодог вэ гэхээр чаддаг чаддагаа л хийх хэрэгтэй. Заавал би Ерөнхийлөгч болж байж улс орон маань хөгжих гээд байгаа юм биш шүү дээ. Иргэн бүр нь өөрийгөө хөгжүүлээд, амжилттай явбал улс орон хөгжинө. Хувь хүний хөгжил бол улсын хөгжлийн үндэс суурь нь гэж боддог. Тийм учраас кино урлагтаа амжилт гаргаад, түүгээрээ дамжуулаад бусдад ч боломж бололцоо бий болгож, гүүр нь болоод явахыг улс орныхоо төлөө оруулж буй миний хувь нэмэр гэж бодно. Улс төрд орж ажиллахын тухайд би үнэхээр төсөөлж чадахгүй байна.

-Яг шалтгаан нь юу юм бол?

-Улс төр өөрөө их бохир бизнес шиг санагддаг. Тэнд орохын тулд их стратегитай, зальтай тоглогч байх хэрэгтэй болно. Тиймээс би хэрвээ улс төрд орлоо гэхэд стресстээд, нервтээд, их аз жаргалгүй хүн болчих юм шиг л санагддаг. Өөрийгөө аз жаргалгүй байгаагаар төсөөлмөөргүй байна. Өөртөө таалагдаж байгаа ажлаа хийх нь л сайхан шүү дээ.

-Та насан туршдаа хийх ажлаа олчихсон гэсэн үг үү?

-Жүжигчний ажил маань цэвэр миний сонирхол. Азтай бол насан туршдаа хийх ажил маань юм даа.

-Хувийн амьдралын тань талаар асуулт тавьж болох уу?

-Тэг тэг.

-Таны найз залуу гадаад хүн байдаг гэж дуулсан.

-Тийм ээ.

-Хүмүүс үүнийг асуухаар хүний хувийн амьдрал руу өнгийлөө гэх байх л даа. Гэхдээ ингэж асуусны учир нь та ирээдүйд монгол залуутайгаа гэрлэх үү, гадаад залуутай гэрлэх болов уу гэдгийг тандаж байгаа хэрэг л дээ. Эх орныхоо нэрийг гаргаж яваа охид хөвгүүдээ харамлах нэг тийм сэтгэлзүй монголчуудад их байдаг болохоор зориуд асуулаа?

-Яагаад асуусныг ойлгож байгаа учраас би хариулъя. Хүн хайртай хүнтэйгээ л байх ёстой байх, тийм үү. Хэн ч хэн нэгэнд яагаад хайртай болсноо хариулж чаддаггүй шүү дээ. Нүд нь том болохоор хайртай болсон, эсвэл бие нь гоё сайхан болохоор хайртай болсон гэж хариулж хэн ч чадахгүй. Түүнтэй адил монгол болохоор юм уу, гадаад болохоор хайртай болсон гэж хэлэх аргагүй шүү дээ. Миний хувьд тайлбарлахад хэцүү юм аа. Хайранд шалтгаан олддоггүй гэдгээр л хариулъя даа.

-Уучлаарай, таны хайр сэтгэлийг буруутгаж асуусан асуулт биш юм шүү. Монголчууд таныг харамлаж боддог, монгол залуутайгаа гэрлээсэй гэсэн нууц хүсэл байдаг тухай л юм?

-Яахав, гэхдээ ойлгож л байна л даа. Бид чинь цөөхөн хүн амтай ард түмэн. Бие биенийгээ харамлах юм бий. Миний тухайд бол гадаад хүн гэдгээс илүү хамгийн гэгээлэг шалтгаан нь хайр. Хамгийн том гэмт хэрэг бол хайргүй хүнтэйгээ суух. Хайргүй хүнтэйгээ суух нь хайртай гадаад хүнтэйгээ сууснаас илүү хүнд гэмт хэрэг. Гэхдээ найз залуу, нөхөр болох хүн гэдгийг тусад нь ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Би залуу хүн. Жишээ нь би гэр бүл төлөвлөлтийн тухай одоогоор бодоогүй байна. Амьдралд юу ч тохиолдож болдог шүү дээ. Өнөөдөр их л хайртай юм шиг санагдавч маргааш тэр хүнтэй суух эсэхээ би мэдэх аргагүй. Тэр хүнтэй юу юугүй суучихлаа, гадаад хүний хань боллоо гэх нь бас эртэдсэн мэдээлэл ч байж мэднэ. Хүмүүс олон жил найзалж, бие биенээ таньж байж ханиа сонгодог шүү дээ.

-Та өөрийн зорьсон замынхаа эхэнд яваа хүн. Харин ямар үед өөрийгөө оргилдоо хүрчихлээ гэж тооцох вэ?

-Оргилдоо хүрчихлээ гэсэн тийм мөч, тийм хором хэзээ ч байхгүй. Миний бодлоор ямар ч оргилд хүрлээ гэсэн тэр миний эцсийн цэг биш байх болно. Цэг тавьчихвал амьдрал утгагүй болно шүү дээ. Уулын цаана уул, зорилгын цаана зорилго бий. “Дэлхийн мисс” тэмцээнээс өөр зорилго байхгүй юм шиг бэлдэж байхад бол тэмцээндээ амжилттай оролцох нь л цор ганц зорилго байсан. Тэмцээн дууслаа, маргааш нь шинэ зорилго, шинэ утга учраар би өөрийгөө шагнасан.

-Хамгийн том хэрнээ биелэх боломжтой зорилгоо нэрлээч гэвэл?

-Цаасан дээр бичсэн мөрөөдлөө би зорилго гэж боддог л доо. Хэзээ нэгэн цагт Холливудын жүжигчин болно. Энэ миний зорилго. Монгол жүжигчдээ Холливуд руу холбоод өгөх түвшинд хүрэх байх гэж найдаж байгаа.

-Холливудын жүжигчин болсны дараа ч таны хийж бүтээх шунал дуусахгүй бололтой?

-Гэгээн шунал дуусахгүй ээ. (инээв)

-За, таны зорилго биелэх болтугай. Танд амжилт хүсье.

Ярилцсан: Д.Дамдинжав

2017 он 06,07 сар “Зиндаа” сэтгүүл №05/ 505