М.Мөнхцэцэг: Хүүд минь буруу онош тавьсан “Бона Вита”-г шүүхэд өгнө

Б.НЯМДОРЖ: “БОНА ВИТА” НЬ ЭМЧИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ, ОНОШ ТОГТООДОГГҮЙ

 Зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүүгийн оношийг бөөрний арын хөндийд байрлах хорт хавдар гэж ташаа оношилсноос үүдэн буруу эмчилгээ хийж, биеийн байдал хүндэрч байгаа аж. Хүүгийн эцэг, эхийн зүгээс “Бона Вита” эмнэлзүйн нэгдсэн төв лаборатори буруу онош тавьсан хэмээн үзэж байгаа бол “Бона Вита” лабораторийнхан үүнийг үгүйсгэж, хэвлэлийн бага хурал хийгээд байна /2019.04.03/. Тус хуралд “Бона Вита” эмнэлзүйн төв лабораторийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Нямдорж, Эрхлэгч Б.Батнасан, Хуулийн зөвлөх Б.Бямбажаргал нар оролцож, онош буруу тавьсан гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн мэдэгдэв. “Бона Вита” лаборатори нь зөвхөн лабораторийн шинжилгээ хийдэг байгууллага болохоос эмчийн үзлэг хийж, онош тогтоон, эмчилгээ хийдэг эмнэлэг биш гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. Мөн үеэр “Бона Вита” эмнэлзүйн нэгдсэн төв лабораторийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Нямдорж “Өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээнд зургаан настай Э.Маргад-Эрдэнэ хүүгийн өвчний оношилгоо, эмчилгээтэй холбоотой асуудлыг “Бона Вита” лабораторитой холбон тайлбарлаж иргэдэд буруу ойлголт өгч байна. Сүүлийн өдрүүдэд манай лабораторийн эмч, ажилчдын аюулгүй байдалд нөлөө үзүүлж, дарамталж заналхийлсэн. Иймд бид мэдээлэл хийх цаг нь болсон хэмээн үзлээ” гэв. Мөнхүү “Бона Вита” лаборатори мэдээлэлдээ “Эмнэлгээс эмчлэгч эмчийн явуулсан буюу хүүгийн бөөрнөөс хийсэн хатгалтын эдийг Эмгэг судлалын үндэсний төв хүлээн авч, эдийн шинжилгээ хийн, Kidney, Suggestive of nephroblastoma буюу бөөрний эд, бөөрний хавдар байх магадлалтай гэсэн магадлах шинжилгээний хариу өгсөн. Манай лаборатори ямар нэгэн онош баталж өгөөгүй” гэж ахин дахин мэдэгдлээ. Бид мэдээллийн тэнцвэр хадгалах үүднээс тал талын байр суурийг хүргэж байна.
М.МӨНХЦЭЦЭГ:  МИНИЙ БИЕ ДӨРӨВ ХОНОГ ЦУСААР БӨӨЛЖИЖ, СЭТГЭЛ САНААНЫ ГҮН ХЯМРАЛД ОРСОН
Ийнхүү буруу оношлогдсон хүүгийн зөв онош гуравдугаар сарын 14-ний өдөр Мэдрэлийн агууламжтай эсийн хорт хавдар гэж гарсан юм. Э.Маргад-Эрдэнэ хүү зөв оношийн дагуу Өмнөд Солонгос улс руу эмчилгээнд явсан юм. Хүүгийн ээж М.Мөнхцэцэг хэлэхдээ “Өнөөдөр би хүүгээ эмчлүүлэхээр нисэх гэж байна. Миний хүүгийн эрүүл мэндэд гүн туслалцаа үзүүлж, сэтгэлийн хандив өргөсөн ард түмэндээ баярлалаа. Миний хүүгийн зөв онош илэрч эмчилгээ хийлгэх боломжтой болсонд сэтгэл онгойж байна. Анхны оношоор эмчилгээ хийлгэсэн боловч үр дүн гарахгүй улам дордож байсан. ЭХЭМҮТ-өөс миний хүүг хөнгөвчлөх эмчилгээнд оруулах цаг нь болсон гэж хэлэхэд миний бие дөрөв хоног цусаар бөөлжиж, сэтгэл санааны гүн хямралд орсон. Харин өнөөдөр хүүд минь өөр эмчилгээ байгааг дуулаад сэтгэл минь тэнийсэн. Гэхдээ буруу онош тавьж хүүг минь ийм байдалд оруулсан “Бона Вита” лабораторийг шүүх хуулийн байгууллагад өгч дараа дараагийн хүмүүст анхааруулга өгөхийг хүсч байна. Миний хүүгээс өмнө хоёр ч хүнд буруу онош тавьсан талаар би мэдсэн. Тэр хоёр хүний нэгтээ нь холбоо тогтоож ярилцсан.” гэж онгоцонд суухын өмнө бидэнд ярьсан юм.

Одоо хүүгийн биеийн байдал маш хүндэвтэр байдалд байгаа юм. Тодруулбал, долоо хоног тутам биеийн жингээс нэг килограмм хасагдаж, цагаан эсээс үүдэлтэй хамраас нь тогтмол цус гарч, биеийн эсүүд унасан байдалтай байна. Хүүг эмчилгээг даахгүй байх гэсэн эмчийн дүгнэлт хүртэл гарчээ. Харин Монголын ард түмний сэтгэлийн хандивын ачаар урьдчилгаа 100 сая төгрөгийг Өмнөд Солонгос улсын эмнэлгийн дансанд байршуулсан бөгөөд үлдэгдэл 800 сая төгрөгийг эмчилгээ эхэлсний дараа төлж барагдуулах боломжтой байгаа аж.

Э.МАРГАД-ЭРДЭНЭ ХҮҮ 21-16 КИЛОГРАММ БОЛЖ ТУРЖЭЭ

Зургаан настай Э.Маргад-Эрдэнийн хувьд өнгөрөгч оны есдүгээр сарын 1-нд 24 дүгээр сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсон бөгөөд арванхоёрдугаар сар хүртэл хичээлдээ хэвийн явж байсан аж. Хүүгийн бие өвдөж эхэлсэн даруй эцэг, эх нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ханджээ. Хүүгийн өвчнийг оношлох улсын төв эмнэлгийн лабораторид төхөөрөмжийн бодис байхгүйгээс болж, хувийн “Бона Вита” эмнэлзүйн нэгдсэн лабораторид хандсан байна. Э.Маргад-Эрдэнэ хүү “Бона Вита” лабораторид арванхоёрдугаар сарын 25-ны өдөр эхний шинжилгээг өгсөн ба хариу нь арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Бөөрний арын хөндийд байрлах хорт хавдар гэсэн оноштойгоор гарсан байна. Ингээд арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс ЭХЭМҮТ химийн эмчилгээг хийж эхэлжээ. Эмчилгээ нь долоо хоног бүрийн даваа гаригт хийгддэг байсан ба үүнээс хоёр сарын хугацаанд хүүгийн бие эрс муудаж, турж эхэлсэн гэнэ. Тодруулбал, эмнэлэгт анх хэвтэхдээ 21 килограмм жинтэй байсан Э.Маргад-Эрдэнэ хүү хоёр сарын дотор 16 килограмм хүртэл турж, эцсэн юм. Хоёр сарын дараа эмчилгээ үр дүн үзүүлээгүй учир ЭХЭМҮТ-өөс сүүлийн арга зам мэс засал хийж бөөрний арын хөндийд байрлах цэлцгэсэн цус хуралтыг авах санал тавьжээ. Хүү хоёрдугаар сарын 22-ны өдөр хагалгаанд орсон боловч ЭХЭМҮТ-ийн хэлснээр бөөрний арын хөндийгөөс цэлцгэсэн цусан хуралтыг авах боломжгүй гэдгийг мэдэгджээ. Энэ хугацаанд ЭХЭМҮТ-өөс “Бона Вита” лаборатори руу 2-3 удаа холбогдож онош зөв эсэхийг лавлаж, эмчилгээ үр дүнгүй байгааг мэдээлэхэд лабораториос Бөөрний арын хөндийд байрлах хорт хавдар мөн гэж баталсан аж.