МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын Дэлхийн сэтгүүлчдийн Бага хуралд хэлсэн үг

Дэлхийн сэтгүүлчдийн Бага хурал 2019 оны гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд БНСУ-ын нийслэл Сѳүл хотноо болсон билээ. “Дэлхийн энхтайвны тѳлѳѳ сэтгүүлчдийн оролцоо” сэдвийн хүрээнд болсон уг Бага хуралд 47 орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн холбооны удирдлагууд, Олон улсын сэтгүүлчдийн холбооны ерѳнхийлѳгч нар оролцсон юм.

Дэлхийн сэтгүүлчдийн Бага хуралд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, МСНЭ-ийн гадаад харилцааны зѳвлѳх Я.Индра, www.gogo.mn сайтын ерѳнхий редактор О.Ариунбилэг нар эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Олон улсын Сэтгүүлчдийн холбооны дэргэд Ази, Номхон далайн бүсийн орнуудын сэтгүүлчдийн холбоо байгуулах асуудалд байр сууриа илэрхийлсэн байна.

Дэлхийн олон орны сэтгүүлчид нэг дор чуулж туршлага солилцох, хамтран ажиллах боломж олгодог энэхүү Бага хурлыг БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо, БНСУ-ын Гадаад харилцааны яам, Соёл спорт аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулсан бөгөөд сэтгүүлчдийн байгууллагаар дамжуулан Солонгос Улсыг сурталчлах боломж гэж үзсэн байна. Иймд МСНЭ-ээс гадаад харилцаагаа өргөтгөх жилийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх “Медиа тур” тѳслѳѳ танилцуулсан байна.

Ингээд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын Дэлхийн сэтгүүлчдийн Бага хуралд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР:

Талын Монголын эгэл жирийн айлын хүү сэтгүүлч мэргэжлийнхээ ач буянаар эрхэм та бүхний өмнө үг хэлэн зогсох завшаан тохиосонд машид их баяртай байна. Энэ арга хэмжээг олон жилийн турш амжилттай зохион байгуулж, олон орны сэтгүүлчдийг нэгэн дээвэр дор уулзуулж, тэдний хүсэн хүлээдэг томоохон үйл явдал болгож чадсан.

БНСУ-ын төр засаг болон Солонгосын сэтгүүлчдийн холбоонд энд цугласан нийт зочдынхоо өмнөөс халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Юуны өмнө Монгол Улс, Монголын үндэсний сэтгүүлзүй, сэтгүүлчдийнхээ талаар товчхон танилцуулья.1913 онд анхны Монгол сонин хэвлэгдэж байснаас тооцон Монголын үндэсний сэтгүүлзүйг 106 жилийн настай хэмээн бид уламжлал болгон тэмдэглэдэг.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 1951 оны 1 сарын 16-нд үүсэн байгуулагдаж өдгөө 68 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. МСНЭ нь 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрөлжсөн холбоо, 446 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 4700 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг эгнээндээ нэгтгэсэн үндэсний сэтгүүлзүйн мэргэжлийн төв байгууллага юм. Мэдээж, та бидний хэн нь ч бай энэ индэр дээр гарч ирээд дэлхийн энхтайвны төлөөх сэтгүүлчийн үүрэг, оролцооны талаар өөр өөрийн үзэл бодлыг хэлж чадна.

Та бүхэн надаас илүү сайхан санаачилга, илүү чухал санал дэвшүүлж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна. Би энэ боломжийг ашиглаад олон зүйлийг хэлмээр байна. Гэхдээ ганц л санааг илүү чухалчилж хэлэхийг хүсч байна.

Сэтгүүлчид бид амьдарч байгаа нийгмийнхээ өмнө хоёр үндсэн үүрэг хүлээдэг гэж би үздэг.

Нэгд, бид шударга үнэний дуу хоолой байх ёстой.

Хоёрт, бид нийгмээ соён гэгээрүүлэх үүрэгтэй.

Бид иргэдийнхээ мэдэх эрхийг хангаж, нийгэмд түгээгдэж буй мэдээллийн чанарыг сайжруулахын төлөө ажиллах ёстой. Энэ бол сэтгүүлзүйн үндсэн үүрэг гэж би ойлгодог.

Бид Азид, Африкт, Европт, Америкт, Австралид амьдарч, ажиллаж байна. Улс орнуудын сонгосон зам өөр өөр байгаа учраас бид эх орондоо өөрийн хууль, өөрийн ёс заншил, өөрийн шашин шүтлэгийг дагаад л амьдарч байгаа. Бас бичиж, нэвтрүүлж байгаа.Жишээлбэл, монгол бол ардчилсан орон. Гэхдээ 1990 оноос өмнө монголчууд бид социалист нийгэмд амьдарч байсан. Тэр үед Монголын сэтгүүлзүй нийгмээ соён гэгээрүүлэх үүргийг маш сайн биелүүлж байжээ гэж бид дүгнэдэг.

1990 онд ардчилсан хувьсгал ялж, бид түүнээс хойш хэвлэлийн эрх чөлөөг бий болгож чадсан. Бид Монголын онцлогтой чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхийн төлөө хичээж байна. Гэхдээ бидэнд өмнөх нийгмийнхээ үед бий болгосон үндэсний сэтгүүлзүйн соён гэгээрүүлэх асар том туршлагыг уламжилж авч үлдэж чадаагүй алдаа бий. Тиймээс бид ардчилсан нийгмээс олж авсан ололт амжилтаа бататгаж, өмнөх нийгмээс өвлүүлсэн сайн сайхан зүйлсийг хамтад нь авч явахыг хичээж байна. Үүнийг монголчууд хос морьтой давхих гэж зүйрлэж хэлдэг юм. Монголын сэтгүүлчид хос морьтой давхиж эхэлсэн гэдгийг та бүгдэд дуулгахад таатай байна.

Тийм ээ, бид бүгдэд хамгийн түрүүнд эх орноо хайрлан хамгаалах үзэл санаа оршдог.

Монгол сэтгүүлч л Монголыг илүү ойлгож, илүү хайрлана, илүү сайн бичнэ. Солонгос сэтгүүлч л Солонгосыг илүү ойлгож илүү хайрлана. Тэр чинь Монгол хүн. Тэр чинь Солонгос хүн шүү дээ. Та бүхэн надтай санал нийлэх байх. Таны эх орныг танаас илүү хайрлах өөр хэн байгаа юм бэ. Тэгвэл одоо бүгдээрээ эх дэлхийнхээ тухай бодоцгооё. Дэлхий бол бид бүгдийн эх орон. Бид бүгдийн гэр. Бид бүгдээрээ эх дэлхийн хүүхдүүд. Бидний хэн нь ч илүү эрхтэй биш, хэн нь ч дутуу эрхтэй биш.

Би та бүхнийг энэ дэлхий дээрх хамгийн эрхэм дотно найз нараа гэж үзэж байна.

Ээжийгээ хайрладаг шиг, эх орноо хайрладаг шиг бид дэлхийгээ хайрладаг. Үүнтэй та маргахгүй байх. Харин бид, дэлхий бол миний ч гэр, миний найзын ч гэр гэдгийг ойлгож ухаарч чадаж байгаа юу гэж өөрсдөөсөө асууцгаая.

Та энэ асуултыг өөртөө тавьж л байсан байх. Яг одоо таны толгойд хариулт нь байгаа байх. Чи үзгээ шүүрч аваад эх дэлхийн энхтайвны тухай бичихдээ найзынхаа тухай юу гэж бичсэн бэ. Чи найзтайгаа эх дэлхий дээр тэнцүү эрхтэй, тэнцүү хувь заяатай оршиж байгаа гэдгээ санаж оруулсан уу? Чиний гар дороос урсан гарч байгаа үг өгүүлбэр болгон чиний найзын сэтгэлд, тархи оюунд яаж хүрэх бол гэдгийг чи бодож амжсан уу. Энд л асуудлын гол нь байна.

Дэлхийн улс орнууд хөгжлийн загвараараа, хөгжлийн түвшнээрээ ялгаатай. Улс үндэстнүүд уламжлал, түүх, ёс заншил, шашнаараа ялгаатай. Энэ ялгаа нь хүн төрөлхтнийг үл ойлголцол, дайсагналцалд хүргэх ёсгүй. Хүмүүс өөр хоорондын ялгаагаа хүлээн зөвшөөрч, ойлголцож амьдрах нь энх тайван юм. Ойлголцлоос энхтайван эхэлнэ. Харин тэр ойлголцлыг бий болгоход сэтгүүлчид хамгийн чухал үүрэгтэй. Энэ бол бидний хийж чадах ажил. Хийх ч ёстой ажил юм.

Сэтгүүлчийн нүд юуг яаж харж байгаа нь, тэдний сэтгэл юуг яаж мэдэрч, ойлгож байгаа нь хүн төрөлхтний ойлголцол, энх тайвнаар оршин тогтноход хамгийн чухал. Чи аль улсад амьдарч, ажиллаж, бичиж, нэвтрүүлж байгаагаас үл шалтгаалаад эх дэлхийд хүмүүс эн тэнцүү орших үзэл санааг л сэтгүүлчид бид түгээх ёстой гэж би үзэж байна. Энэ бол дэлхийн энхтайвны төлөө сэтгүүлчид та бидний хийж чадах хамгийн сайн зүйл гэж би хэлмээр байна. Би үүнийг дэлхийн хүн төрөлхтний хамгийн шударга үнэн зарчим гэж итгэж байна. Би үүнийг дэлхийн хүн төрөлхтнийг соён гэгээрүүлэх хамгийн том үйлс гэж тодорхойлмоор байна. Үүний тулд бид тодорхой ажлуудыг хамтарч хийх ёстой.

Монголын сэтгүүлчид 2019 оныг сэтгүүлзүйн салбарынхаа гадаад харилцааны жил болгон зарлаж, “Медиа тур” төслийг санаачилсан. Бид энэ жил дэлхийн 20 улсад аялж, сурвалжлага бэлтгэнэ. Ойрын гурван жилийн дотор бид дэлхийн 50 улсад хүрч ажиллахыг зорьж байна.

Тэгээд найзууддаа хэдэн зүйлийг уриалахыг хүсч байна.

Хэрвээ та энхтайвныг хүсч байгаа бол найзыгаа сонс.

Хэрвээ та энхтайвныг хүсч байгаа бол найзыгаа ойлго.

Хэрвээ та энхтайвныг хүсч байгаа бол найзыгаа хүндэл.

Хэрвээ та энхтайвныг хүсч байгаа бол найзыгаа яг одоо тэвэр.

Дэргэдээ байгаа сэтгүүлч анд нөхрийгөө халуун дотноор чин сэтгэлээсээ тэврээсэй гэж би та нараасаа хүсч байна.

Баярлалаа та бүхэндээ.

Бид бол нэг дэлхийн сэтгүүлчид. Дэлхийн энх тайвны төлөө бие биеэ сонсож, ойлгож, хүндэлж байх үзэл санааг түгээж яваасай гэж би та бүхэндээ дахин дахин уриалмаар байна.

Та нарыг бүгдийг чинь Монголд урьж байна.

Хөхрөн цэлийсэн Монголын тэнгэр дор, Цэцэг ногоо нь алагласан Монголын хээр талд, Элсэн манхан шуургалсан Монголын говьд, Уул хад нь сэрвийж, ус мөрөн долгилсон Монголын хангайд уулзахын ерөөл тавья.

Баярлалаа та бүхэндээ.


ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!