Токиод гялалзах ёстой МОНГОЛЫН ТАМИРЧИД

2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын есөнд Японы нийсэл Токио хотод Зуны олимпийн XXXII наадам зохион байгуулагдана. Нийт 205 орны 12500 тамирчин оролцох тус наадам Ази тивд болж байгаа гэдгээрээ манай тамирчдад ашигтай. Мэдээж тамирчин бүхэн олимпийн аварга болох, медаль авахын төлөө өрсөлдөх ч Zindaa.mn энэ удаад Токиод заавал гялалзах ёстой гурван тамирчныг онцолж байна.


Э.ЦЭНДБААТАР

(бокс)

Энэ жил 22 настай, “Сүлд” спорт хороо, “Ажнай” корпорацийн тамирчин, ОУХМ Э.Цэндбаатарыг “Токио 2020” наадамд медаль хүртэх боломжтой тамирчинд нэрлэж байна. 2019 он түүний хувьд шинэ жинд өрсөлдөх онцлогтой жил болох ч олимпийн наадамд тун амжилттай тоглох болов уу. Э.Цэндбаатар өнгөрсөн жилийн Азийн наадмын 60 кг-ын жингийн аварга залуу. Харин Олон улсын сонирхогчдын боксын холбоо AIBA-гийн техникийн хорооноос “Токио-2020” олимпийн наадамд боксын тэмцээн явагдах жингүүдийг өөрчилсөн.

Эмэгтэйчүүдийн боксын жинг 3-5 бол­гон нэмж, эрэгтэйчүүдийн жинг 10-8 болгон цөөлсөн. Шинэ дүрмээр эрэгтэйчүүд 52 кг, 57 кг, 63 кг, 69 кг, 75 кг, 81 кг, 91 кг, +91 кг, эмэгтэйчүүд 51 кг, 57 кг, 60 кг, 69 кг, 75 кг-ийн жинд өрсөлдөх болсон тул Э.Цэндбаатар 63 кг-д тулалдахаар болсон юм. Энэ шинэ жиндээ тэр өнгөрсөн оны УАШТ-д орж, Б.Чинзоригт ялагдан, мөнгөн медаль хүртсэн. Гэхдээ тэр “ах нартайгаа” ана мана үзэлцээд сурчихсан тамирчин билээ. Энэ жил Цэндээ Чех улсын нийслэл Прага хотноо болсон Ази-Европ тивийн шигшээ багийн халз тулаанд уригдсан. Залуу халуун наснаас гадна түүнд олимпод ороод үзчихсэн туршлага байна. Риогийн олимпод  56 кг-д тоглоод хүрэл медаль зүүх шахаад алдсан харамсал түүнд бий. “Олимпийн хүрэл медаль зүүчих юмсан“ гэж тоглоод Риод ялагдсан Цэндээ Токиод зөвхөн алтан медалийн төлөө л тоглоно. Бас нэг зүйл бол 2017 оны тэр нэгэн хэрэг (Шигшээ багийн цугларалтад байхдаа зодооны хэрэгт орооцолдсон). Хүнд гэмтэл, шигшээ багаас хасагдсан гээд тэр бүхэн түүнд ухаан суулгасан нь лавтай. 2020 оны олимпод оролцоод мэргэжлийн боксын спортод шилжинэ гэдгээ мэдэгдээд байгаа түүний хувьд бокс сонирхогчид, ард түмнийхээ итгэлийг хариулах, “өрөө цайруулах” хамгийн том боломж бол “Токио 2020”. Ингээд бодохоор “галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй яваа” энэ залуу Токиогийн рингэнд гялалзах нь баталгаатай.

М.УРАНЦЭЦЭГ 

(жүдо)

Гавьяат тамирчин М.Уранцэцэгт дэлхийн алт, мөнгө, Аийн наадмын алт, хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэжгээд бий. Их Дуулга, Мастерс, Гранпригийн медалийг нь тоолох юм бол 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл, нийт 35 медальтай нь дэлхийд нэгд бичигдэж байна. М.Уранцэцэг бол Монголоос төрсөн анхны дэлхийн аварга эмэгтэй жүдоч. Гэхдээ түүнд дутуу медаль ганц бий. Энэ бол олимпийн наадмын медаль билээ. 2012 оны Лондонгийн олимпод зодоглохдоо л медаль авна гэж зорьсон ч залуу тамирчинд туршлага дутсан билээ. Харин дөрвөн жилийн дараа Урнаа Бразилийн Риод туршлагатай бол туршлагатай, нэртэй бол нэртэй тамирчин очсон юм. Лондонгийн олимпийн харууслаа Бразилид тайлахаар очсон түүнд Монголын ард түмэн ч үнэхээр итгэл найдвар хүлээлгэж байсан. Гэвч Өмнөд Солонгосын Жеон Бо Кеонтой хэсгийн аваргын төлөө барилдахдаа тэргүүлж байсан манай бөх хөлнөөс нь бариад дүрэм зөрчсөн хэмээн ялагдал хүлээж, өөрийн алдаанаас болж, ялалтаа, олимпийн алтан медальтайгаа алдчихсан билээ. Хүрэл медаль хүртэх боломжтой байсан ч Японы Кондо Амитай барилдаж, цаг дуусах мөчид юүко алдаад медальгүй хоцорсон. Өөрөө ч тэр талаараа “Риогийн олимпод амжилтгүй барилдаад шоконд орсон. Бразилиас ирээд л шууд бэлтгэлдээ орсон. Токиогийн олимпийн медалийн төлөө хичээж эхэлсэн” гэж ярьж байлаа. Ирэх жил энэ хөдөлмөрийн үр шимээ тэр үзэх ёстой. ДАШТ-ий алт, мөнгөн медаль гэдэг түүний хувьд чамлахаар амжилт. Ялангуяа Риод алдсан олимпийн медалиа бодоод үзэхээр бүр харамсмаар. Олимпийн наадамд гурвантаа зодоглоно гэдэг тамирчин болгонд олдох завшаан биш. “Токио 2020” бол түүний олимпийн дэвжээнд гялалзах сүүлийн боломж тул хашир тамирчин ашиглах нь гарцаагүй.
САГСАН БӨМБӨГ 3Х3 МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багаа олимпийн медаль хүртэнэ гэхээсээ илүү манай сагсан бөмбөгчид олимпийн наадам хэмээх ертөнцийн хамгийн том наадамд хүч сорих боломжтой, спорт сонирхогчид биднийгээ баярлуулна гэдгээр нь энэ жагсаалтад оруулж байна. Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг өнгөрсөн хэдэн жил монголчуудаа олон баярлуулсан, цаашдаа ч бахдуулсан хэвээр байх болно. Энэ жил наймдугаар сарын 18-23-нд Голланд улсад болох 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шигшээ багаа хоёуланг нь илгээх болсон зургаахан улс байгаа. Энэ бол БНХАУ, Латви, Украин, ОХУ, зохион байгуулагч Голланд болон Монгол Улс юм. Манай багийг дэлхий хүлээн зөвшөөрсний илрэл болсон маш нэр төртэй хэрэг. Монголын шигшээ баг 2017 оны Азийн аварга болж, 2018 онд мөнгөн медаль авсан төдийгүй өнгөрсөн жилийн ДАШТ-ий шилдэг найман багт багтсан юм.

Цөөн хүн амтай, сагсан бөмбөгчдийн тоо бага манай орны хувьд 3х3 сагсан бөмбөг үндэсний спорт болоход ч ойрхон болоод байна. “FIBA 3×3”-ийн захирал Алекс Санчес “Сагсан бөмбөгөөр жижиг буурай орон ч амжилт олж чадахын яруу тод жишээ бол Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг юм. Ирэх зун Монголд болох “FIBA 3×3 U18 World Cup 2019” тэмцээн амжилттай болно гэдэгт эргэлзэх зүйл алга” гэж хэлсэн юм. “Токио 2020” наадамд оролцох улс орнуудыг 2019 оны арваннэгдүгээр сарын нэгэнд гарах чансаа шийднэ. Нийт найман баг олимпод оролцох эрх авах бөгөөд одоогоор дэлхийн чансаагаар манай эрэгтэй, эмэгтэй баг тавдугаар байранд жагсаж байна. Харин Ази тивд эрэгтэй баг нэгдүгээрт, эмэгтэй баг хоёрдугаарт явж байна гэхээр манай сагсан бөмбөгчдийн хувьд “Токио 2020” хоосон мөрөөдөл биш бодит зүйл болжээ.