Малтай ч махны үнэд дарлуулсан Монгол

Үндэсний статистикийн хорооны яг өнөөдрийн мэдээллээр манай улсын малын тоо 66 сая  459 мянга 211 байна. Харин Монголчууд бидний өдөр тутмын хамгийн гол хүнс болох махны үнэ өдрөөс өдөрт өссөн дүр зурагтай. Тэгэхээр хүн амынхаа тоог өч төчнөөн давуулсан малтай хэрнээ яахаараа махныхаа үнийг дийлэхгүй нөхцөл байдалд бид орчихов оо гэдэг асуудлыг ярихаас өөр аргагүй. Эргэн сануулахад, Монголын мал 40 орчим саяд хүрдэг тэр жилээс “малтай Монгол махны хомсдолд орсон” тухай яригддаг. Одоогоос долоон жилийн өмнө гэхээр тэр үеэс нийслэлчүүд махны хомсдолд орж эхэлжээ. 2012 оны хавар “Хүчит шонхор” зах дээр үхрийн цул махны жижиглэн худалдаалах үнэ нэг кг тутамд 7800-8500, хониных 7500-8200, ямааны цул 5500-6000 төгрөгийн ханштай байв. Өмнөх жилүүдийн хавар махны үнэ өслөө гэхэд дээд тал нь ямааны цул махны ханштай ижил хэмжээнд очдог /үхрийн мах дээд тал нь нэг кг нь 5500-6000 төгрөгийн үнэд хүрдэг үе / байжээ. Мах хамгийн хямдаар худалдаалдаг “Хүчит шонхор” зах дээрх найман жилийн өмнөх үнийн судалгаа ийм байна.

Нийслэлийн бүх хүнсний дэлгүүр, томоохон худалдааны төв, супермаркетууд өглөө бүр тус захаас махаа бөөндөж авдаг. Махны худалдааны төвлөрсөн зах дээр нэг кг махны үнэ дунджаар 8500 төгрөг байхад хотын төвийн хүнсний зах, дэлгүүрүүдэд дээрх ханш кг тутамд 300-500, зарим дэлгүүрт бүр 1000 хүртэл төгрөгийн зөрүүтэй байгаа юм.

2018 оны жилийн эцсийн дүнгээс харахад  манай улсын мал сүргийн тоо өмнөх оноос 244.7 мянгаар өссөн үзүүлэлттэй гарсан. Нийслэлчүүдийн хувьд улс нь долоон жилийн дотор 70 сая дөхсөн  толгой малтай болсон ч,  нэг кг махыг дунджаар 9000 төгрөгөөр худалдаж аваад байгаа нь ойлгох гээд ч ойлгож чадахгүй байгаа асуудлуудын нэг. Хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 10-12 сая толгой мал хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, нийслэл хот идэшний цагаар 10 мянган тонн мах нөөцөлсөн гэсэн үг. Нөөцийн мах  гарч ирэхээс дөнгөж өмнө буюу хавар цагт л үнэ нь өсдөг махны үнэ энэ он гарсаар буусангүй. Үхрийн мах 12 мянга давж ч худалдаалагдаж байна.

МАХНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДАХ НЭГ ШАЛТГААН

Махны үнэ өнгөрсөн намрынхаас 30-40 хувиар огцом  өссөний учир шалтгааныг бодитой харах нь чухал. Манай улсын хүнсний нийлүүлэлт, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлдэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан ажлын хэсэг гаргаж, махны үнийн өсөлтийн шалтгааныг тодруулж, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлохоор ажиллаж байгаа гэж өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлсэн ч, махны үнэ өдөр өдрөөр өссөөр байгааг харвал дорвитой ажил хийгээгүй бололтой. Дөрөвдүгээр сарын эхээр задарчихсан байдаг нөөцийн мах худалдаанд гараагүй байгааг харвал махны үнэ тэнгэрт хадах түмэн шалтгааны нэг болж  байна.

МАЛЧИД ЗУНЫ ЦАГТ МАЛАА ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУДАЛДААЛДАГ

Малчид ногоонд цадаагүй шахуу байхад нь малаа зургаадугаар сараас эхлээд аймгийн төвийн ченжүүдэд их хэмжээгээр худалдаалдаг тухай яриа байдаг. Жилийн жилд л Хятадууд мах их хэмжээгээр худалдаж авсны улмаас махны хомсдолд орчихлоо гэдэг. Энэ ч үнэний ортой. Тухайлбал, аймгийн төвийн махны цехүүдийг түрээслэн мал авч байгаа Хятадуудад малчид зуу, зуугаар нь малаа өгдөг бөгөөд үүний улмаас идэшний цагаар махны хомсдолд ордог тухай нэгэн махны цехийн эзэн ярьсан юм.

Мах бол манай улсын стратегийн хүнсний бүтээгдэхүүн. Бид ч махны өндөр хэрэглээтэй. Дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй эскпортлох их хэмжээний махны нөөцтэй ч цаашдаа ийм өндөр үнээр дотоодын хэрэгцээгээ хангаад байж болох уу. 2018 онд ойролцоогоор 54 мянган тонн мах экспортолж, тавьсан зорилтоо давуулан биелүүлсэн гэсэн мэдээллийг ХХААХҮЯ-ны хэвлэлийн албанаас өгсөн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар нийт 43,288 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 104 сая ам.доллар буюу 267.4 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Засгийн газрын махны экспортыг нэмэгдүүлэх бодлого биеллээ оллоо. Гэхдээ махны нийлүүлэлт зөвхөн экспорт руу чиглэж, дотоодод хомсдол үүсгэж байгаа нь зөв зохицуулалт, тогтвортой урт хугацааны бодлого байж чадах уу?